1 сая 600 мянган сонгогчийн үнэмлэх хэвлэнэ
2009.05.15

1 сая 600 мянган сонгогчийн үнэмлэх хэвлэнэ

СЕХ-оос өнөөдөр сэтгүүлчидэд мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх иргэдийн нэрсийн жагсаалтын дагуу сонгогчийн үнэмлэх хэвлэлтэд оржээ.


Нийт сая 600 мянган иргэний сонгогчийн үнэмлэх хэвлэх ажээ. Үнэмлэхийг Үндэсний үнэт цаас компанид хэвлүүлж байгаа бөгөөд хэвлэлтийн ажил нилээд өндөр хяналтын доор явагдаж байгаа юм байна. 24 цагийн турш Тагнуулын ерөнхий газар, намуудын ажиглагчид байнгын хяналт тавьж байгаа гэнэ. Харин саналаа өгсөн иргэний гарын хуруун дээр тавих бэхийг Энэтхэг улсаас авчирч байгаа юм байна.

СЕХ-оос өөр нэгэн мэдээлэл хийсэн юм. Өчигдөр Их дээд сургуулийн хэсэг оюутнууд хэвлэлийн хурал зарлаж, оюутнуудын саналаа өгөх эрх зөрчигдөж байгааг, сонгуулийн ерөнхий хороо хэн нэгний захиалгатай тогтоол гаргасан зэрэг мэдээллийг хийсэн билээ.
Өнөөдөр улсын хэмжээнд нийт 145 их, дээд сургууль, коллежид 161 мянган оюутан суралцаж байгаа юм байна. Харин зөвхөн Улаанбаатар хотод хөдөө орон нутгийн 50 мянга гаруй оюутан сурдаг ажээ. Эдгээр оюутангуудад ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх боломж олгох ёстой хэмээн үзэж СЕХ-оос 37-р тогтоолыг гаргажээ. Байнгын оршин суугаа газартаа санал өгөх боломжгүй оюутан нь сонгогчийн үнэмлэхэндээ орон нутгаасаа шилжүүлэг бичүүлж авчруулаад, үүнийхээ дараагаар сонгогчийн үнэмлэхээ түр оршин суугаа газрынхаа хаягаар хэсгийн хороондоо бүртгүүлснээр сонгуульд саналаа боломжтой болох юм. Ингэж сонгогчийн үнэмлэхээ шилжүүлж авчрах хугацаа оюутангуудад 19-ны өдөр хүртэл байгаа юм. Сонгуульд оюутангуудыг татан оролцуулах энэ ажил ихээхэн хүндрэлтэй байгааг СЕХ нэмж хэллээ.

Оюутнууд энэ СЕХ-ын шийдвэрийг хэтэрхий цаг нь тулсан шийдвэр гаргасан. Хөдөөд орон нутгаас сонгогчийн үнэмлэхээ шилжүүлье гэхэд энэ хугацаанд амжихгүй хэмээн үзэж байгаа юм. Харин СЕХ үүнээс өөр аргаар оюутангуудыг сонгуульд санал өгүүлэх боломж байхгүй, учир нь орон нутгаас Улаанбаатар хотод суралцаж буй оюутны иргэний бүртгэл хангалтгүй. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан журмын дагуу зохион байгуулж байгаа хэмээлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.