Ерөнхийлөгчийн сонгууль ба будлианаас сэрэмжлэх нь
Сонгууль ойртохтой зэрэгцээд өмнөх сонгуулиудын маргаан будлиан давтагдах вий гэж сэрэмжлэх бодол хэн хүний санаанд орж эхэлсэн нь сүүлийн үед илт мэдрэгдэх болов. Энэ нь ч аргагүй. Монголчууд ардчиллыг сонгосноос хойш хэд хэдэн удаагийн сонгуулиар төр засгаа тайван замаар сонгон, УИХ дахь намууд нь олонхи цөөнхийн байраа нударга зөрүүлэлгүй солилцсоор, ер нь бол Азидаа л дориун ардчилалтай яваа гэх гадныхны магтаалд дасаад байтал долдугаар сарын 1-ний үйл явдал энэ бүхэнд цэг тавьж орхисон гэхэд болно. Нэг л өглөө сэрэхэд хотын төв гудамжаар буу агссан цэрэг, танк жагсчихсан, тавын таван залуу амь насаа алдсан эмгэнэлтэй мэдээ дуулдаж, нийгэм тэр аяараа айдас хүйдэстэй хэдэн өдрийг түгшин өнгөрөөсөн билээ. Монголд хүний амь нас, эрх, эрх чөлөө нийгмийн үнэт зүйлс болж баттай төлөвших хол байна даа гэх жийрхэл энэ өдрүүдэд олон хүний бодолд хургасан. Ингэхээр айсуй байгаа Ерөнхийлөгчийн сонгууль ном журмаараа явагдаасай гэж залбирах хүний тоо олон байх нь аргагүй. Гэтэл дагаж мөрдөх ёстой хууль журам нь өөрөө сонгуулийг аливаа маргаан будлиангүй зохион байгуулахад хангалттай бий юу гэсэн асуулт эрхгүй урган гарч байна.
УИХ 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2009 оны тавдугаар сарын 24-ний өдөр явуулахаар тогтоосон бөгөөд далимд нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд оруулах зарим нэг нэмэлт, өөрчлөлтийг бас баталсан юм. Гэтэл ийнхүү шинэчилж сайжруулсан гэх хууль нь айсуй сонгуулийг маргаангүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж буй эсэх нь эргэлзээтэй байна. Сонгуулийн маргаан будлианы гол эх үүсвэр гэгддэг сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой хэсгийг жишээ болгон авч үзье.
Нэрийг жагсаалтыг хянах бололцоог огт хуульчлаагүй орхигдуулжээ
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 17-ын 2-т “сум, дүүрэг, баг, хорооны засаг дарга тус тусын нутаг дэвсгэрт оршин суугаа сонгогчдын нэрийн жагсаалтыг хаягийн бүртгэлийн дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан маягтаар хоёр хувь үйлдэж санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд өгнө” гэж хуульчилжээ.
Баг, хорооны засаг дарга нар нь улстөрийн албан тушаалтнууд буюу тодорхой улстөрийн намд харъяалалтай, нам нь сонгуульд ялж байж тухайн албан тушаалдаа үлдэх, байх эсэх нь хамааралтай ашиг сонирхлын зөрчил бүхий хүмүүс тул тэднээр сонгуулийн гол баримт бичиг болох сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргуулж ирсэн туршлагыг халах нь зүйтэй гэсэн шүүмжлэл сүүлийн хэд хэдэн сонгууль дамжин яригдсаар ирсэн бөгөөд 2007 онд УИХ-ын сонгуулийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэлд үндэслэн гаргаж байхаар болсон. Ингэснээр нэрийн жагсаалт үнэн зөв эсэх талаар байнга гардаг хардлага сэрдлэгийг арилгахад бага боловч нөлөө үзүүлсэн нааштай алхам болсон юм. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд энэхүү хуучин практикийг хэвээр хадгалахаар хуульчилсан байна.
Үүгээр зогсохгүй засаг дарга нарын гаргаж өгсөн нэрийн жагсаалтыг хэсгийн хороод, сонгуульд оролцогч нам эвсэл, нэр дэвшигчид, тэдний томилсон болон бусад хөндлөнгийн ажиглагчид хянах бололцоог бүрдүүлээгүй байгаа нь тавдугаар сарын 24-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар нэрийн жагсаалтаас үүдэлтэй маргаанууд, тухайлбал гадаадад байгаа хүмүүсийн өмнөөс болон огт байхгүй сонгогчдын нэрийг зохиомлоор нэмэн иргэдээр давхар санал өгүүлэх гэх мэт зөрчил давтагдахгүй гэх баталгааг үгүйсгэж байна.
Тухайлбал хуулийн 17-д санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө засаг дарга нарын гаргаж өгсөн нэрийн жагсаалтыг хэсгийн хороод хүлээн аваад “30-с доошгүй хоногийн өмнө СЕХ-оос баталсан маягтын дагуу хоёр хувь үйлдэж сонгуулийн хэсгийн хорооны дарга гарын үсгээ зурж” баталгаажуулна гэж заажээ. Цаг хугацааны хувьд ч аваад үзсэн хэрэгжих боломжтой эсэх нь эргэлзээтэй энэ заалтаар бол хэсгийн хороод нь засаг дарга нарын гаргаж өгсөн нэрийн жагсаалтыг үг дуугүй хүлээн авч, улмаар түүнд үндэслэн сонгуулийн өдөр санал хураалтыг зохион байгуулахаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл хэсгийн хороодын зүгээс сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан хянах бололцоог ор тас хумьж орхисон гэж хэлж болно.
Хуулийн дагуу сонгуулийн ажиглагчид сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах эрхтэй боловч 17.6-д “сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулж, тараахыг хориглоно” гэсэн заалт байгаа нь нам эвслээс томилсон ажиглагчид болон бусад хөндлөнгийн ажиглагчид сонгогчдын нэрийн жагсаалтыг тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд иргэдийн хаягаар очин тулгаж алдаа мадаг байвал илрүүлэх, үнэн зөв эсэхийг нягтлах бололцоогүй болгож байна.
Нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэдийн сонгох эрх зөрчигдөх магадлалтай байна
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 18-р зүйлд сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал сонгуулийн хэсгийн хороондоо гомдол гаргах эрхтэй ба сонгуулийн хэсгийн хороо гомдлыг нь хүлээж аваад гурван өдрийн дотор хянан үзэж сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах буюу гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж хариу мэдэгдэж байхаар хуульчилжээ. Гэтэл санал авах өдөр болон энэ өдөр хүртэлх гурван өдрийн хугацаанд сонгогч нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах тохиолдолд хэнд хандан ямар хугацаанд хэрхэн шийдвэрлүүлэх нь тодорхойгүй үлдсэн байна.
Өмнөх УИХ-ын сонгуулийн туршлагаас харахад нэрийн жагсаалтад нэр нь байхгүй байсны улмаас сонгуулийн өдөр иргэд сонгох эрхээ эдэлж чадалгүй хохирсон тохиолдол олон гарсан. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар дээр дурдсанчлан нэрийн жагсаалт үнэн зөв, бүрэн бүтэн гарсан эсэхийг хэн, яаж нягталж, хянан баталгаажуулах нь тодорхойгүй байгаа нөхцөлд жагсаалтад буруу зөрүү бүртгэгдсэн буюу эсвэл огт бүртгэгдээгүй сонгогчид санал хураах өдөр ч гомдол гаргах боломжтойг үгүйсгэх аргагүй.
Нөгөөтэйгүүр хууль нь хангалтгүй, нэрийн жагсаалттай холбоотой иргэдийн гомдлыг санал хураах өдөр болон энэ өдөр хүртэлх гурван өдрийн хугацаанд хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заавар журам байхгүй байгаа нөхцөлд түүнийг буруугаар ашиглан, сонгогчдын нэрийн жагсаалтад байх ёсгүй хүн хуурамч бичиг баримтаар нэрийн жагсаалтад бүртгүүлэн давхар санал өгөх зөрчил гарах боломжтой. 2008 оны УИХ-ын сонгуулиар огт хүн амьдардаггүй нь бэлхнээ ил баг хорооны засаг даргын албан байранд оршин суудаг гэх хаягтай хэд хэдэн хүн санал хураах өдөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэн санал өгсөн нь баримтаар илэрч байсан юм.
Хууль тодорхойгүй, бүрхэг байгаа ийм нөхцөл байдлаас гарах ганц гарц нь СЕХ-ноос хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргасан иргэний гомдлыг ямар бичиг баримтыг үндэслэн хэрхэн хянаж шийдвэрлэх талаар нэгдсэн заавар журам гаргаж хэсгийн хороодын ажлыг хөнгөвчлөх явдал юм. Ингэхдээ өмнөх туршлагаас сургамж аван ялангуяа санал хураах өдөр сонгогчдын нэрийн жагсаалтын талаар иргэд гомдол гаргасан тохиолдолд тэдний сонгох эрхийг зөрчилгүйгээр, нөгөө талаас нэрийн жагсаалтын баталгаатай байх зарчмыг алдагдуулалгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар маш сайн бодолцож үзэх нь зүйтэй юм.
Төгсгөлд нь...
Сонгуулийн хуулийг боловсруулан баталж буй эрхмүүд өөрсдөө сонгуульд өрсөлдөж өндөр албан тушаалын эзэд болох эрх олж авдаг болохоор ямар ч сонгуулийн хуулийг хамгийн ашиг сонирхлын зөрчилтэй хууль гэдэг. Тийм ч учраас парламентын зүгээс сонгуулийн хуулийг шинээр боловсруулах, өөрчлөхөд иргэдийн оролцоог дээд зэргээр хангахад анхааран, тэднийг төлөөлдөг иргэний нийгмийн байгууллагууд, сонгууль зохион байгуулах ажлыг гардан хийдэг мэргэжилтнүүд, судлаачдад боловсруулсан хуулийн төслөө танилцуулж, байр сууриа илэрхийлэн оролцох бололцоог бүрдүүлж өгөх нь ардчиллын зарчимд нийцнэ. Харамсалтай нь манай бодлого боловсруулагчид удаа дараа сонгуулийн хуулиа шинэчлэн, өөрчлөлт оруулахдаа иргэд болон иргэний нийгмийн оролцоог хангах, санал бодлыг нь сонсох тал дээр санаачилга гаргахдаа тун хайнга хандаж ирлээ. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүд сонгуулиар гардаг бүхий л бэрхшээлтэй асуудал, түүний шийдлийг мэддэг эксперт байх албагүй хийгээд боломжгүй тул олон ургальч санал шийдлийг нийгмийн төлөөллүүдээс сонсож тулгуурлан шийдвэрээ үндэслэдэг байх нь амьдралд ойр, хэрэгжих боломжтой сайн хууль гарах нэг нөхцөл болно. Ингэж чадаагүйн балаг нь энд жишээ аван өгүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль болохоор байна. Ер нь бол цаашид цаг хугацааг нь тулгаж байгаад хууль баталж ард түмэндээ “сюрприз” барих нь ардчилсан орны парламентын үйл ажиллагаагаа явуулах хэлбэр биш гэдгийг эрх биш гадарлах хүмүүс энэ УИХ-д байгаа гэж найдна.