Л.Гүндалай гишүүн ерөнхийлөгчид өрсөлдөнө
2009.01.31

Л.Гүндалай гишүүн ерөнхийлөгчид өрсөлдөнө

УИХ-ын гишүүн Л.Гүндалай 2009 оны 5 сард болох Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хүсэлтээ өгсний дараагаар хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл хийсэн юм.

Эрхэм гишүүн  хэдхэн хоногийн өмнө  45 нас хүрчээ. Тэрээр өөрийгөө  “Хэрэв Ардчилсан нам намайг нэр ерөнхийлөгчид нэр дэвшүүлбэл би яах аргагүй ялалт байгуулна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна.  Учир нь би ард түмнээс гарсан, ард түмний хүү. Хэрэв би ерөнхийлөгч болбол Чингис хаан, Робин Гүүд, Барак Обама шиг удирдагч, ерөнхийлөгч болж чадна”  гэлээ.

2002 оноос “Сант-Марал” болон бусад судалгаагаар топ 10 улстөрчийн айргийн тавд тасралтгүй орж байгаа тухайгаа ч хэллээ.
Сүүлийн үед түүнийг Эрүүл мэндийн сайд байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх тухай асуудал яригдаад байгаа билээ.

Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдох хүн ямар нэгэн гэмт хэрэгт нэр холбогдож байгаагүй байх ёстой гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр  “одоо яригдаад байгаа зүйл бол миний нэр төрд халдах, намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх оролдлого байсан. Сүүлийн үеийн хэлмэгдүүлэлтэд ихэд өртөж сайн, муугаар хэлүүлэх тусам үнэн ялна гэдэгт итгэлтэй байгаа  гэж итгэл бардам хариуллаа.

Ийнхүү Л.Гүндалай гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд н нэр дэвших болсноо зарласан хамгийн эхний хүн боллоо.
Одоогоор ерөнхийлөгчийн сонгуульд хэн хэн нэр дэвших талаар олон таамгууд хэвлэлээр яригдаад байгаа юм. Тухайлбал, Ардчилсан намаас Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар, мөн ерөнхийлөгч  асан Н.Багабанди, одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаяр,  ерөнхий сайд асан М.Энхсайхан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ногоон намын Б.Энхбат нар, Иргэний зориг намын тэргүүн С.Оюун нарын нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд оруулаад байгаа юм.

Харин Л.Гүндалай гишүүнийг нэр дэвших талаар хэн ч таамаглаагүй байсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.