Сонгуулийн булхайн хэлбэрүүд
2009.03.16

Сонгуулийн булхайн хэлбэрүүд

Судалгааны дүндээ тулгуурлан сонгуулийн явцад нийтлэг илэрдэг зарим нэг булхайг та бүхэнд сонирхуулахаар бичлээ. 


Нэрийн жагсаалт бэлтгэх:

Сонгогчийн нэрийн жагсаалт гэдэг нь сонгуулийн үеэр саналаа өгөх сонгогчийн нэрийг бичсэн хуудас юм. Угтаа бол нэрийн жагсаалтад тухайн хэсгийн хорооны харьяаны нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа сонгуулийн насны иргэд бүгд ордог. Судалгаанд оролцогчдын 26.9 хувь нь сонгогчдын нэрийн жагсаалт гаргахтай холбоотой булхай байнга гардаг, 25.4 хувь нь заримдаа, гардгийг хүлээн зөвшөөрчээ. Ялангуяа ийм явдал хөдөө орон нутагт элбэг гэж орон нутгийнхны 62.5 хувь нь өгүүлсэн бол, сумын төвийнхний тал нь, харин аймгийн төвийнхний 71.3 хувь нь, Улаанбаатар хэсгийн хорооны гишүүдийн 62 орчим хувь нь болж байна. Нэрийн жагсаалт доор дурдсанаар будлиантуулдаг.

  • Нэрийн жагсаалтад оруулахгүй орхих: Сонгогчийн нэрийн жагсаалтад зарим нэг хүмүүсийг оруулахгүй орхих явдал түгээмэл гардаг байна. Ялангуяа бие биеэ мэддэг хөдөө орон нутагт улс төрийн үзэл бодлоос шалтгаалж нэрийн жагсаалтад оруулахгүй орхих явдал түгээмэл илэрдэг. 2000 оны УИХ-ийн сонгуулийн үеэр Говь-Алтай аймагт нөлөө бүхий нэг намын нарийн бичгийн дарга хүний нэрийн жагсаалтад оруулаагүй орхисон тохиолдол гарч байжээ.
  • Хүмүүсийн тоог зохиомлоор нэмэгдүүлэх: Тухайлбал нэрийн жагсаалтанд огт байхгүй хүмүүсийн нэрийг зохиож бичих, хүний овгийг өөрчилж шинэ хүн бий болгодог. Үүнийг хот, аймгийн төвд ихэвчлэн ашигладаг.
  • Тойргийн биш хүмүүсийг нэмж бичих: Нэрийн жагсаалтад өөрийн талын хүмүүсийг нэмж оруулж санал өгүүлдэг.
  • Нэрийн жагсаалтад албаар буруу бичих: Ингэж өөр намыг дэмждэг хүмүүсийг сонгуульд саналаа өгөхөд нь албаар саад тотгор учруулдаг. Хөдөө газар олон тохиолддог.

Чухам ингэж нэрийн жагсаалтыг будлиантуулах нь аль нэг намыг дэмждэг хүмүүсийг санал өгөх боломжгүй болгох, хүмүүсийг зохиомлоор бий болгож саналын хуудас авах, саналаа өгөөгүй хүмүүсийн оронд өөр хүн өгүүлэх зэрэг булхай гарахад хүрдэг. Монгол улсын Их хурлын сонгуулийн хуулийн 16-р зүйлийн 4-т зааснаар сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны баталсан маягтын дагуу 2 хувь нэгтгэн, хэсгийн хорооны дарга гарын үсгээ зурж санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах боломж олгоно гэж заажээ. Гэтэл бодит байдал дээр бүх сонгогчид өөрсдийгөө нэрийн жагсаалтаас харна гэдэг биелшгүй зүйл юм. Түүгээр ч барахгүй өнгөрсөн сонгуулиудад хэсгийн хороо нэрийн жагсаалтыг танилцуулахгүй байх явдал ч гарч байсан. Цаашид сонгуулийн булхайг багасгахад нэрийн жагсаалтыг улс төрийн хүчнүүд хамтран бэлддэг харилцан хяналттай болгох хэрэгтэй гэж 33.7 хувь нь гэж үзсэн.

Саналын хуудасны нууцлал:


Сонгуулийн ерөнхий хорооны мэргэжилтнүүд сонгуульд хэрэглэсэн саналын хуудас тодорхой хэмжээний нууцлалтай хийдэг гэдэг. Энэ ч чухал юм. Учир нь судалгаанд оролцогчдын 16.4 хувь нь саналын хуудасын нууцлалтай холбоотой буюу хуурамч хуудас гарч ирэх тохиолдол байнга, 26.3 хувь нь заримдаа, 16.4 хувь нь ганц нэгхэн тохиолдож байсан, ердөө 11.6 хувь нь огт гардаггүй гэжээ. Хуулинд бол саналын хуудсыг хэвлүүлэх асуудлыг зөвхөн Сонгуулийн ерөнхий хороо хариуцдаг. Саналын хуудасын нууцлалтай холбоотой дараах асуудлууд үүсдэг.

  • Стандартын биш дууриамал хуудас:

Техник үсрэнгүй хөгжсөн өнөө үед саналын хуудсыг дууриалган хийх явдал гарсаар байгаа, тийм ч учраас саналын хуудсыг хэвлэх үйл явцыг нам эвслийн төлөөлөгч нар хянах, нэгдсэн дугаартай болгох, хуудсын нууцлалыг сайжруулж үнэт цаас болгох гэх зэрэг асуудал хөндөгддөг. Мэргэжилтнүүд ч үүнийг онцолж 15.5 хувь нь хуудсын нууцлалыг сайжруулах нь сонгуулийн булхайг багасгах чухал алхам байх болов уу хэмээн үзжээ.

  • Саналын хуудсыг тамгалж, гарын үсэг зурах:

УИХ-ийн сонгуулийн хуулиар сонгууль болохоос тав хоногийн өмнө санал авах хуудсыг хэсгийн хороон дээр хүргэсэн байх ёстой. Тэгээд хэсгийн хорооны дарга ба нарийн бичгийн дарга гарын үсгээ зурж тамга дарж баталгаажуулдаг. Чухам үүнтэй холбоотой судалгаанд хамрагдсдын 29.3 хувь нь саналын хуудасыг тамгалж, гарын үсэг зурахтай холбоотой булхай байнга гардаг, 26.6 хувь нь заримдаа гардаг, 16.4 хувь нь ганц нэгхэн удаа ийм зүйл тохиолдож байжээ. Ялангуяа УБ болон аймгийн төв дээр хөдөөнөөс хоёр дахин илүү гардаг. Саналын хуудсыг тамгалж гарын үсэг зурахтай холбоотой дараах тохиолдлууд гарч байсан.

  • тамгагүй хуудас
  • гарын үсэггүй хуудас
  • өөр хэсгийн хорооны хуудас
  • гарын үсэг хуурамч байх
  • саналын хуудас илүү хуудас тараагдах
  • саналын хуудас урьдчилаад тараагдсан байх зэрэг.

Өдгөө хэрүүлийн алим болоод байгаа хоёр тойргийн асуудал ч үүнийг ямар их чухлыг харуулж байна. 2000 оны сонгуульд Өмнөговь аймгийн сонгуулийн хэсгийн хороон дээр санал тоолох үед тамгагүй 50 саналын хуудас нэмэгдсэн тохиолдол гарч байсан зэрэг олон жишээ баримт бий. Тиймээс 14.9 хувь нь саналын хуудсыг тамгалах, гарын үсэг зурах үйл явцын хяналтыг сайжруулахыг зөвлөсөн.

Урьдчилан санал өгөх үйл явц:

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 8.4 хувь нь сонгогч урьдчилж санал өгөх үед сонгуулийн булхай гардаг гэсэн бол, 23.3 хувь нь заримдаа гардаг гэж хариулсан. Сонгуулийн хуулийн 35-р зүйлд сонгогч түр шилжин явахад хүрвэл сонгуулийн хэсгийн хороонд ирж саналын хуудас авч саналаа нууцаар тэмдэглэж дугуйлан битүүмжлэн үлдээж болно. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн битүүмжлэн үлдээсэн саналын нууцыг чандлан хадгална гэж заасан. Гэвч практик дээр урьдчилан санал өгсөн сонгогчийн тоо, өгсөн саналын нууцлал алдагдах явдал гардаг.

Зөөврийн буюу явуулын хайрцаг:

Маш олон хүмүүс явуулын хайрцаг бол будлианы эх үүсвэр гэдэг. Гэвч монголчуудын амьдрах хэв маяг, орчин нөхцөл зэргээс шалтгаалаад явуулын хайрцгийг ашиглахыг хориглож чадахгүй байгаа юм. Цаашид ч гэсэн хэрэглэсээр л байх болов уу. Гэтэл судалгаанд хамрагдагсдын 17.7 хувь нь явуулын хайрцагтай холбоотой булхай олонтоо гардаг, 14.3 хувь нь ганц нэгхэн таарч байсан гэж хариулжээ. Гэхдээ ингэж хариулсан хүмүүсийн дийлэнхи нь орон нутгийнхан байв. Учир нь төв суурин газарт явуулын хайрцгийг төдийлөн хэрэглэдэггүй. Түүнчлэн ямар хүмүүсийн саналыг авахад булхай, зөрчил их гардаг вэ гэсэн асуултад 67.7 хувь нь явуулын хайрцаг гэж нэгэн дуугаар хариулсан нь дээрхийг нотолж байна. Явуулын хайрцагтай холбоотой дараахь булхайг тоочиж болно.

  • Явуулын хайрцгийг нэг намын хоёр хүн авч явах: Хэдийгээр журмаар хориглосон ч явуулын хайрцгийг нэг намын хүмүүс авч явах тохиолдол зөндөө гардаг. Чухам эндээс хайрцаг ямар ч хяналтгүй болдог ба өөрсдөө бөглөх, хуудас нэмж хийх, хоёр намын хүмүүс тохирч хувааж бөглөн гуравдахь нэр дэвшигчийг хохироох зэрэг явдлууд гардаг. Тухайлбал Дундговь аймагт явуулын хайрцгийг дагаж явсан хоёр хүн 50 саналын хуудсаа дундуур нь хуваан хийгээд ирсэн тохиолдол бий.
  • Сонгогчдод нөлөө үзүүлэх: Явуулын хайрцгаар санал авах үед сонгогчдод нөлөө үзүүлэх булхай гардаг бөгөөд үүнийг одоогоор зогсоож чадахгүй байгаа. Нэгэн сонирхолтой жишээг татая. 2000 онд Өмнөговь аймагт орон нутгийн сонгууль явагдаж байлаа. Явуулын хайрцаг авч явсан хүнээс саналаа өгөх гэж байгаа эмээд та багийн даргадаа саналаа өгнө биз дээ хэмээн асуух тулгахын хооронд нөлөө үзүүлсэн явдал гарсан.

Үүнээс гадна ажиглагчаар тухайн сум орон нутагт нөлөө бүхий хүнийг явуулах нь бий. Мэдээж орон нутагт олон жил хариуцлагатай алба хашиж байсан хүмүүсийг хөдөөнийхөн ихэд хүндэтгэдэг бөгөөд тэд гэрт ирээд саналыг нь авах нь тухайн хүний саналд нөлөө үзүүлж л таардаг.

  • Нууцаар саналаа өгөх зарчим алдагдах: Монгол улсын үндсэн хуулийн 21-р зүйлийн 2-т, сонгуулийн хуульд сонгогч саналаа нууцаар өгнө гэж заасан. Гэтэл явуулын хайрцгаар санал авч байх үед эл зарчим алдагддаг гэдгийг судлаачид онцолдог. Чухам үүнтэй холбоотой сонгогчийг үзэл бодлоор нь ялгаварлах үндэс тавигддаг, ба нэг сонгогч нөгөөдөө ч нөлөөлөх аюултай байдаг.
  • Урьдчилан бэлтгэсэн хүмүүсийн саналыг худалдан авах: Үүнд явуулын хайрцгаар санал өгөх хүмүүстэй урьдчилж тохироод санал авах өдөр очиж саналыг нь авчихдаг тохиолдол гардаг. Энэ бол зохион байгуулалттай санал худалдан авдаг маш том булхай мөн. Ингэхдээ саналыг нь худалдан авах хүмүүсээ тохироод сонгуулийн өдөр харж байгаад саналыг нь дугуйлуулж авдаг байна. Хөдөө орон нутагт элбэг.
  • Зарим хүмүүсийг орхих: Аль нэг намын гишүүн хүмүүсийг албаар орхиж санал өгөх эрхийг нь боогдуулдаг. Үүнд явуулын хайрцгийн явах цаг хугацаа, маршрутыг нь амжихгүйгээр тааруулах, албаар орхих зэргээр үзэмжээрээ шийдэх явдал бий.
  • Нэрийн жагсаалтанд ороогүй хүмүүсээс санал авах: Ийм явдал маш олон газарт тохиолддог. Үүнээс болж замд тааралдсан өөрийн талын хүмүүсээс санал авах, саналаа өгсөн хүнийг дахин өгүүлэх, санал худалдаж авах зэрэг зэрэг булхай гардаг.

Уг нь явуулын хайрцаг авч явах хүмүүс, маршрут, санал авах нэрийн жагсаалт зэргийг Сонгуулийн ерөнхий хорооны журмаар зохицуулдаг. Гэвч хөдөө орон нутагт хэрэгжихгүй байх тохиолдол элбэг бөгөөд цаашид хуулинд зарим нэг заалтуудыг суулгаж өгөх хэрэгтэй юм.

Шилжүүлэгтэй сонгогч:

2004 онд олон улстөрчийг газардуулж олныг нь их хурлын гишүүн болгосон хуулийн цоорхой бол шилжүүлэгтэй сонгогч юм. Судалгаанд хамрагдагсдын 31.6 хувь нь сонгогчийг шилжүүлэхтэй холбоотой булхай байнга гардаг, 22.4 хувь нь заримдаа гардаг, өөрөөр хэлбэл 54 хувь нь ямар нэгэн байдлаар үүнийг хүлээн зөвшөөрчээ. Уг нь хуулинд сонгогч санал авах өдрөөс өмнө өөр тойргийн, хэсэгт шилжвэл сонгуулийн хэсгийн хорооноос шилжүүлэг авч сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулж очсон газрынхаа сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ гэж заасан. Бусад асуудлыг нь СЕХ-оос гаргасан журмаар зохицуулж байгаа.

Чухам энэ заалтыг л ашиглан булхай хийдэг бөгөөд зардал их гардаг учир үүнийг хүн бүр биш харин мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс энд холбогдсон байдаг. Улсын хэмжээгээр нэгдсэн сонгогчдын бүртгэл цэгцрээгүй, шилжиж байгаа сонгогч ямар шаардлагыг хангах, нэг тойрогт шилжүүлгээр хэчнээн хүнийг авч болох хувь хэмжээ зэргийг хуулинд зааж өгөх шаардлагатай байгаа. Нэг удаа шилжүүлэгтэй 5 үнэмлэхтэй хүн явж байсан гэсэн яриа нь үндэсгүй зүйл биш юм. Нэг дор бөөнөөр нь автобус дүүрэн шилжүүлэгтэй хүмүүсийг авчирч саналыг нь өгүүлэх явдал гарч байсан. Тиймээс цаашид шилжүүлэгтэй сонгогчийн асуудлыг онцгойлон судалж мэдээллийн нэгдсэн баз байгуулан хянаж байх шаардлагатай юм.

Гинжлэх болон бөгжлөх, сонгогчийн гарт тэмдэглэгээ хийх зэрэгтэй холбогдсон булхайны талаар “Сонгуульд хийсэн дүн шинжилгээ” нийтлэлд дурдсан тул энд дахин оруулсангүй. Нийт мэргэжилтнүүдийн 23.3 хувь нь сонгогчдын хуруун дээр тэмдэглэгээ хийхтэй холбоотой зөрчил байнга гардаг гэсэн бол 19.4 хувь нь заримдаа гардаг гэж үзсэн байна.

  • Санал өгсөн сонгогчид тэмдэглэгээ хийлгүй гаргах
  • Тэмдэглээтэй сонгогчийг оруулах

Ингэснээр өөрийн хүмүүсээр дахин дахин санал өгүүлдэг. БНОУХ-гээс сонгогчдын гарт тэмдэглэгээ хийлгэх явдлыг сонгогчдын бүртгэл цэгцэртэл хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөсөн байдаг.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.