Ц.Элбэгдорж их говийн зоригтнуудын нутагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийг зорилоо.
Нэр дэвшигчтэй хамт УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Я.Батсуурь нар явж байна. Түүнийг өглөөний 09.00 цагт нутгийнхаа хилийн дээсэн тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг хадаг, цагаан сүүгээ барин “Манай нутагт тавтай морилно уу” хэмээн угтсан юм. Тэндээсээ хориод км давхиад Даланжаргалан суманд ирлээ. Ц.Элбэгдоржийг тус сумын иргэд хөдөлмөрчид халуун дотноор хүлээж авсан юм. Уулзалтыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нээв. Тэрээр “Хориод жилийн өмнө барианаасаа гарсан ардчиллын цагаан унага өнөөдөр эрийн цээнд хүрч, барианд орох цаг болжээ …” хэмээн онцолж 1990 оноос хойш Монголын ардчиллын төлөө хамтдаа зүтгэж яваа нөхрийнхөө давуу талуудыг товчхон ярьсан юм. Үүний дараа нэр дэвшигч Ц.Элбэгдорж үг хэллээ. Миний бие хоёр зүйлийг ард түмэн та бүхэндээ ойлгуулж явна. Нэгд шударга ёсыг тогтоох, хоёрт ард түмэндээ эрх мэдлийг нь өгөх. Үүнгүйгээр ардчилсан нийгэм тогтохгүй. Үүний төлөө та бид хамтдаа явах ёстой гэсэн юм. Дорноговьд ажиллах нэр дэвшигчийн хөтөлбөр шахуу байгаа тул Даланжаргалчуудтай зураг хөргөө татуулж машинд суун суутлаа сэтгэлийн үгээ хуваалцсаар цааш хөдөллөө.
Дараагийн дөрөө мулталсан газар бол Айраг сум байлаа. Тус сумынхан нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг хашааныхаа, мөн албан байгууллагынхаа гадаа гарч гар даллан баяртайгаар угтаж авав. Уулзалтын эхэнд нэгэн эмэгтэй “Та л сумдаар явж байх шиг байна” гэж хэлнэ билээ. Сумын соёлын төвд сумын иргэд дүүрэн байлаа. Уулзалтын эхэнд нэр дэвшигчээс яагаад та өөрийгөө “Би ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байна” гэж хэлсэн юм бэ гэж асуусан юм. Нэр дэвшигч хариулахдаа “Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдон ажиллахдаа үргэлж авлигачдын эсрэг, шударга ёсны төлөө тэмцэж тэгснээрээ суудлаасаа унаж байлаа. Унах бүрд минь намайг ард түмэн минь тосч авч байлаа. Их хурал дээр ингэж унадаг байлаа. Энэ удаа харин ард түмнээсээ сонгогдъё гэж шийдсэн юм” гэж хариулсан юм. Ийнхүү уулзалт цааш үргэлжилж халуун дотно өрнөсөн. Уулзалтын төгсгөлд нэр дэвшигч Ц.Элбэгдоржид Айраг сумын иргэд “Догшин хутагтын минь сахиус таныг ивээх болтугай” гэж ерөөв. Нэр дэвшигч өчигдөр үдээс хойш Сайншандын иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцов