Хэвлэл мэдээллийнхэнд хандан уриалга гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил дуусахад нэг долоо хоног үлдээд байгаа энэ үед сонгуулийн сурталчилгаанд ямар нэгэн байдлаар оролцож байгаа нийт хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлч, редакторуудад хандаж байна.
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 28-р зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос улс даяар үйл ажиллагаа явуулдаг радио, телевизийн удирдлагууд болон намуудын сонгуулийн штабын төлөөллүүдтэй харилцан санал солилцож улмаар МҮОНРТ, TV9, UBS, “25-р суваг”, “Боловсрол” суваг, TV5 зэрэг 6 телевиз ба Монголын үндэсний олон нийтийн радиогоор явуулах нэр дэвшигчдийн сурталчилгааны төлбөртэй болон төлбөргүй нэвтрүүлгийн хугацаа, боломж адил байхаар тооцоолсон хуваарийг баталсан билээ. Сурталчилгаа эхэлснээс хойшхи хугацаанд зарим телевиз баталсан хуваарийг зөрчиж байгаа тухай гомдол ирснийг манай зөвлөл зохих судалгаа, нотолгооны үндсэн дээр авч үзээд санал дүгнэлтээ гаргах ба хойшид сурталчилгааны хуваарийг зөрчихгүй байхыг телевизүүдэд сануулж байна.
2. Улаанбаатар болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бусад телевиз, радио, сонин хэвлэлүүд болон Интернэтийн сайтууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр сурталчилгаа явуулахыг зохицуулсан хуулийн тодорхой заалт одоогоор алга байна. Гэхдээ та бүхэн Монгол Улсын иргэдэд ухамсартай сонголт хийхэд тус болохуйц үнэн бодитой, тэнцвэртэй мэдээллээр хангах эрхэм зорилгын үүднээс хэвлэл мэдээллийн ёс зүй, сэтгүүл зүйн зарчмуудыг баримтлан ажиллахыг уриалж байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх
Хараат бус хэвлэл мэдээллийн орон тооны бус зөвлөл