Гадаадын 46 хүн ажиглагчийн үнэмлэх аваад байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг ажиглахаар манай улсад гадаадын 10-аад орны ажиглагчид ирээд байна.
Тэднээс 46 нь өчигдөр СЕХ-ноос ажиглагчийн үнэмлэхээ албан ёсоор авав. Энд ОХУ, Америк, Канад, Голланд, Япон, БНСУ, Герман, Австрали, Тайванийн төлөөлөгчид хамрагдаж байна. Гадаадын ажиглагчид манай СЕХ болон санал өгөх хэсгийн хороодын үйл ажиллагаатай танилцаж, санал өгөх үйл явцыг ажиглах эрхтэй юм байна. СЕХ-ноос гаргасан журамд ингэж заажээ. Тэд сонгуулийн хэсэг, хороодын зохион байгуулалттай танилцаж хэсгийн хороодод гэрэл зураг авах, бичлэг хийх эрхтэй юм байна. Түүнээс биш санал хураалт явагдаж буй үед дүнг газар дээр нь авах, танилцах эрхгүй аж. Харин сонгуулийн нэгдсэн дүн албан ёсоор гарсныг дараа бол мэдээлж болно гэж СЕХ-ноос өнөөдөр мэдэгдлээ.