Санал тоолох, дүн гаргах, түүнийг уншиж сонсгох үйл явцыг камераар бичихээр болжээ
2009.05.21

Санал тоолох, дүн гаргах, түүнийг уншиж сонсгох үйл явцыг камераар бичихээр болжээ

Сонгууль бүр дээр санал тооллого будлиантлаа гэсэн хэл ам гардаг.

Энэ удаагийн сонгуульд саналын хуудсыг хэрхэн тоолох вэ. Хяналтын механизм хэрхэн ажиллах талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.
-Энэ удаагийн сонгуулийн санал тооллогын үйл ажиллагаа хэрхэн явагдахыг нэлээд нарийн журамлаж өгсөн. Санал тоолох, дүн гаргах ажиллагааг дүрс бичлэгийн камераар бичиж баталгаажуулах заавар гарсан. Өмнөх сонгуулиудаар бичлэг хийдэг байсан л даа. Гэхдээ санал хураалтын нээлтийг голдуу бичдэг байсан. Санал тоолох, дүнг унших зэрэг гол процессыг орхидуулсаар ирсэн юм билээ. Одоо бол сүүлийн ажиллагааг буюу санал тоолох үйл явцыг нэгд нэгэнгүй, дэлгэрэнгүй бичихэд анхаарч байгаа. Мөн дүнг гаргаж байгаа, уншиж сонсгож байгаа ажиллагааг түлхүү бичнэ.

-Тооллогыг хэрхэн хийх вэ. Энд ил тод байдал, хяналт дээр өөрчлөгдөж байгаа зүйл бий юу. Өмнөх сонгуулиуд дээр лааны гэрэлд тоолдог шиг будлиан, луйвар зөрчил гарахаас хэр сэргийлж байна вэ?

-Тооллого хийхдээ хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар саналын хуудсыг хэсгийн хорооны гишүүдэд нэг бүрчлэн харуулах замаар тоолно гэсэн журамтай болоод байна. Саналын хуудсыг эхлээд хүчинтэй, хүчингүй гэдгээр нь ялгаж тоолно. Дараа нь нэр дэвшигчдэд өгсөн саналаар нь тоолно. Эцэст нь түүнийгээ хорооны дарга нар гишүүдэд илээр харуулж нэг бүрчлэн хамтран тоолохоор болсон. Өмнө нь хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар саналын хуудсыг өөр рүүгээ харуулчихаад Дорж төчнөөн санал авсан байна гээд тоолдог, мэдэгддэг байсан. Одоо ийм байдал үгүй болж байгаа юм. Үүнээс гадна хэсгийн хорооны гишүүд нэр дэвшигч бүрт өгсөн саналын тоог тэмдэглэнэ. Ийм нөхцөл боломжууд хангагдаж байна. Ингэснээр өмнө нь гардаг байсан будлиан, зөрчил маргаан арилна.

-Тэнэмэл болон бичиг баримтгүй иргэд манайд цөөнгүй байдаг бололтой. Тэд иргэний үнэмлэхгүй учраас санал өгөх боломжгүй байх. Гэхдээ биднийг орхигдуулаад байна гэсэн гомдол тавих боллоо. Паспорттой болчихвол олон хүн ажил, амьдралд орохоос гадна ядаж улс төрийн эрхээ эдлэх юм даа. Энэ талаар СЕХ-ноос анхаарч байгаа юм байна уу. Саяхан нэг залуу би регистрийн дугаараа мэдэж байгаа, Иргэний бүртгэл мэдээллээс лавлагаа аваад сонгуульд оролцож болохгүй юу гэж бидэнд хандсан…

-Тэмдэглэгээ хийх учраас нэгэнтээ иргэний үнэмлэхгүй бол хэн ч сонгуульд оролцож, санал өгөх боломжгүй. Тэнэмэл болон бичиг баримтгүй, бичиг баримтын зөрчилтэй хүмүүсийн тухайд тэднийг Иргэний бүртгэл мэдээллийнхэнтэй ярилцаж хамтран шийдэх асуудал. Тэнэмэл хүмүүс болон гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн сонгуульд оролцох асуудлыг цаашид анхаарч авч үзэх л зүйл. Үүнийг дараа дараагийн сонгууль дээр шийдэх байх.

-Иргэд саналаа өгөхөд өөр анхаарах зүйл юу байна вэ. Ямар бэрхшээл гарахаар байна вэ?

-Энэ удаагийн сонгуульд цэргүүдээс хайрцагаар санал авахыг болиулж байгаа. Тэднийг харьяа газрынхаа хэсэг дээр очиж саналаа өгөх байдлаар цэгцэлж байна. Цэргийн байгууллагуудаас, ялангуяа хилийн цэргээс өмнөх шигээ хайрцагаар санал авах хүсэлт ирүүлсэн боловч бид зөвшөөрөөгүй, хуулиараа явна гэсэн шийд өгөөд байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.