Н.Энхбаярын талаарх эерэг, Ц.Элбэгдоржийн талаарх сөрөг мэдээлэл өсжээ
“Иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний хүрээнд Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр “Глоб интернэшнл” ТББ сонгуулийн сурталчилгаанд үечилсэн ажиглалт хийж байгаа билээ.
Тэд өнөөдөр ээлжит мониторингынхоо дүнг хэвлэл, мэдээллийнхэнд танилцуулав. Энэ удаа ажиглалтаа телевизүүдэд хийжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэдээлэл тавдугаар сарын 8-17-ны хооронд телевизүүдээр нийтдээ 1544 цаг явж эфирийн цагийн 5,6 хувийг эзэлжээ. Үүнийг өмнөх таван өдөртэй харьцуулахад нэр дэвшигчдийн тухай мэдээлэл 1,6 дахин өссөн байна. Нэр дэвшигчдийг тус бүрээр авч үзвэл Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл нийт цагийн 56, Н.Энхбаярынх 44 хувийг эзэлжээ. Гэхдээ өмнөхийг бодвол Н.Энхбаярын мэдээлэл өсөж, Ц.Элбэгдоржийнх буурсан байна. Мэдээллийг өнгө аясаар ангилбал Н.Энхбаярын талаар эерэг 66, төв сахисан 12,6, сөрөг 21,4, харин Элбэгдоржийн тухай эерэг 43, төв сахисан 8,7, сөрөг мэдээлэл 48,3 хувийг тус бүр эзэлжээ. Нэг ёсондоо нэр дэвшигчдийн төвийг сахисан мэдээлэл буурч, эерэг болон сөрөг мэдээлэл өссөн байна. Телевиз тус бүрээр авч үзвэл МҮОНТ-д өмнөх таван өдөр байхгүй байсан Ц.Элбэгдоржийн талаарх сөрөг мэдээлэл 37,8 хувиар нэмэгджээ. ТВ-5-аар Н.Энхбаярын тухай мэдээлэл 55,8, Ц.Элбэгдоржийн талаар 44,2 хувийн мэдээлэл эзэлж байна. ТВ-9-өөр Н.Энхбаярын тухай мэдээллийн 91,1 хувь нь эерэг бол Ц.Элбэгдоржийн талаарх сөрөг мэдээлэл 3,8 хувиар өссөн байна.
Хэвлэлийн бага хуралд оролцогсод мэргэжлийн төвшинд нийцэхгүй зүйл их цацагдаж байгаатай санал нэг байв. Улс төрийн намууд захиалгат нэрийн дор сэтгүүлчдийг ашиглаж, тэдний үүргийг “гүйцэтгэж”, сэтгүүл зүйг бохирдуулж байна гэв. Жишээ нь, мэдээллийн цагаар төлбөрт мэдээ явуулах ёсгүй атал мэдээ, мэдээлэл хараат байх ёстой ёс журам алдагдаад байна гэв.