УИХ Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль баталлаа
УИХ: Цахиагын Элбэгдоржийг МУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй
Монгол улсын Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ ерөнхийлөгчөөр сонгогдон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана” гэсэн заалттай билээ. Үүний дагуу өнөөдөр УИХ-ын нэгдэн чуулганаар ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль баталлаа.
Хууль батлахын өмнө УИХ анхан шатны сонгууль хүчин төгөлдөр болсон, мөн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчөөр сонгогдоход харшилах шалтгаангүй гэсэн хоёр асуудлаар санал хураалаа. Санал хураалтад нийт 65 гишүүн оролцож, 98,5 хувийн саналаар харшилах шалтгаан байхгүй гэж үзлээ.
Дараагаар нь “Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль”-ийг УИХ-ын гишүүд 100 хувийн саналаар баталлаа. Уг хууль нь “Монгол улсын Үндсэн хуулийн 25 зүйлийн 1 дэх хэсгийн 5-р заалт, 31-р хэсгийн 4 дэх заалт, Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн 2.3.4 хэсэгт заасныг үндэслэн Цахиагын Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй” гэсэн 1 зүйлээс бүрдсэн юм.
Эцэст нь “Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх, тов тогтоох” УИХ-ын тогтоолын төслийг гишүүд хэлэлцэж, 95.3 хувийн саналаар зөвшөөрлөө.
Тогтоол ёсоор Ц.Элбэгдоржийн МУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр цагийн товыг 2009 оны 6-р сарын 18-ны өдрийн 12 цаг 06 минутад байхаар тогтоосон байна.
Ингэснээр өнөөдрөөс эхлээд 18-нд болох ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол эхэлж байна.