Ц.Элбэгдорж 6 сарын 18-д тангаргаа өргөнө
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолын өдрийг урьдчилсан байдлаар гаргаж, 6-р сарын 18-ны өдөр байхаар товлосон тухай УИХ-ын дарга Д.Дэмбэрэл мэдээллээ.
Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хугацаанд буюу өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнг УИХ-д өргөн барьсан билээ. Хуулиар бол Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор энэ асуудлыг хэлэлцээд, шийдвэрээ гаргаснаас хойш тав хоногийн дотор Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулсан хуулийг УИХ хэлэлцэж баталж, тангараг өргөх товыг тогтоох ёстой. Харин өнөөдөр УИХ дахь МАХН, АН бүлэг болон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдорж нар тангараг өргөх ёслолыг 6 сарын 18-нд зохион байгуулахаар тохирсон байна.
Гэхдээ шинэ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долоо хоногийн өмнө,11-ын өдөр тангаргаа өргөх хүсэлтэй байсан ч намын бүлгүүд 18-нд хийх нь зөв гэсэн нэгдэн байр сууринд хүрчээ.