СЕХ албан ёсны дүнгээ гаргаж, УИХ-д өргөн барилаа
2009.05.30

СЕХ албан ёсны дүнгээ гаргаж, УИХ-д өргөн барилаа

СЕХ албан ёсны дүнгээ гаргалаа. Өчигдөр оройн 8 цагийн үед СЕХ-ын дарга Н.Лувсанжав нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нар УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг өргөн барьж, Монгол улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэж өгөхийг хүслээ.
Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нэрийн жагсаалтад нийт 1 сая 493 мянга 217 сонгогч бичигдсэнээс 1 сая 98 мянга 875 сонгогч санал өгсөн байна. өөрөөр хэлбэл нийт санал өгөх ёстой иргэдийн 73,59 хувь нь ерөнхийлөгчийн сонгууль оролцсон байна.
СЕХ албан ёсны эцсийн дүнгээр бол 562718 сонгогч буюу 51,21 хувь нь нэр дэвшигч Ц.Элбэгдоржид, 520948 сонгогч буюу 47,41 хувь нь нэр дэвшигч Н.Энхбаярт саналаа өгсөн байна. Ингэснээр нэр дэвшигч Ц.Элбэгдорж өрсөлдөгчөө 41770 хүний илүү саналаар ялсан байна.

Д.Дэмбэрэл дарга СЕХ-ын хорооноос сонгууль будлиантай болсон эсэх мөн ямар хүндрэл бэрхшээл гарсан талаар лавлахад СЕХ-ын дарга Н.Лувсанжав “сонгууль ерөнхийдөө будлиангүй болсон. харин бэрхшээлтэй асуудлууд байлаа. Цаашдаа хуулиа боловсронгуй болгох хэрэгтэй байна гэлээ. Мөн тэрээр дэр нь СЕХ-д төсөвлөсөн 4 тэрбумдаа багтаан сонгуулийг амжилттай явуулж чадсанаа ч хэлсэн юм.

Хуулийнхаа дагуу бол УИХ СЕХ-ын албан ёсны дүнг хүлээж авснаасаа хойш 7 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Одоо энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, тэндээсээ УИХ-ын нэгдсэн чуулганд орж ирэх юм байна.

УИХ-ын чуулганаар ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх эсэх асуудлаар санал хурааж, тэндээс ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн хууль гарах юм. Мөн УИХ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хугацааг тогтоох юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.