Эх орны хишигийг хэлэлцэж эхлэлээ
АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчидэд мэдээлэл хийлээ. Хуралдаанаар нийт 5 асуудал хэлэлцсэнээс хамгийн гол асуудал нь Эх орны хишиг сангийн тухай тухай багц хуулийн төсөл байлаа. Хэдийгээр энэ хууль 2008 оны сонгуулиас өмнө орж ирсэн ч түүнээс хойш гурван ч том сонгууль болсон, эх орны хишигийг иргэдэд олгохын тулд хамтарсан засгийн газар хүртэл байгуулагдсан зэрэг нөхцөл байдал өөрчлөгдсөнийг бүлгийн дарга онцоллоо.
Ч.Сайханбилэг “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлахдаа ашигт малтмалын баялгийг ашиглаж ард түмэндээ хувь хүртээнэ гэдэг утга санааг оруулсан. Иргэдэд нэг удаа 50 мянган төгрөг олгох тухай өмнөх парламентын үед яригдаж байсан. Ийм маягаар биш УИХ-ын 2008 оны сонгуулиар амласан хэмжээгээр Эх орны хишгийг бүтнээр өгөх талаар судалж Эх орны хишиг сангийн тухай хууль батлах, Ардчилсан намын Эрдэнийн хувийг ч түүнд тусгах талаар мөрийн хөтөлбөрт үндсэн утгаар нь оруулсан. Монгол Улсын иргэдэд Эрдэнийн хувь хүртээх асуудлыг ярилцахаар долоон гишүүнтэй ажлын хэсэг байгууллаа. Эх орны хишиг, Эрдэнийн хувиар хамтарсан нэг, эсвэл хоёр тусдаа хуулийн төсөл боловсруулж хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэж ярилцлаа. Энэ талаар Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, УИХ дахь МАХН-ын бүлэгтэй хамтарч ажиллана гэсэн байр суурь илэрхийллээ” гэлээ.
Эх орны хишиг олгох гурван эх үүсвэр байх аж. Нэгд, том үйлдвэрүүдээс Засгийн газар, төрд ногдох эзэмшил хувь, хоёрт, байнгын албан татварын хувь хэмжээ, гуравт, нөөцийн төлбөр ашигласны хувь хэмжээ зэргээс гаргаж болох аж.
Эрдэнийн хувийг стратегийн орд газруудаас төрд эзэмшүүлэх ногдол хувиас бүрдүүлэх хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн байна. Стратегийн 15 орчим ордын аль дээр тогтох гэдгийг тодотгох, явц ямар байгаатай танилцахаар Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаанд урьж асууж ярилцахаар болжээ.
Мөн бүлгийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төсөл, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын гэрээний тухай, Үндэсний статистикийн хорооны бүрэлдэхүүн батлах тухай зэрэг асуудал, хуулийн төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжжээ.