Л.Гантөмөр: Бэлэн мөнгө тараалаа гээд эдийн засгийн өсөлтийг хүмүүсийн амьдралд нааж чадахгүй
-Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн эхний ээлж тараагдаж эхэллээ. Банкуудын гадна үүссэн дарааллыг харсан биз дээ. УИХ-ын гишүүний хувьд хараад дүгнэлт хийж байгаа байх?
-Иргэдийн амьдрал сайнгүй байна. Уг нь энэ мөнгийг өгвөл сонгуулийн өмнө тарааж дуусгах хэрэгтэй. Эсвэл бүр болих хэрэгтэй. Ядаж жаахан ч гэсэн ёс суртахуун байх ёстой шүү дээ. Ингэж бэлэн мөнгө тараалаа гээд эдийн засгийн өсөлтийг хүмүүсийн амьдралд нааж чадахгүй байна. Хүн бүр юмны үнийг өсгөж байна. Өөрөөр хэлбэл төрийн бодлого сайн төвлөрч, жигдрэхгүй байна л гэж бодож байгаа. Үндсэндээ сонгуулийн өмнө мөнгө өгч байгаа юм шиг л бодлого явуулаад байна шүү дээ.
-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж олгогдох байсан ч хугацааг нь хойшлуулсаар өнөөг хүргэж байгаа нь сонгуультай холбоотой юу?
-Үндсэндээ тийм л юм даа. Уг нь нэгэнт төрийн шийдвэр гарчихсан байхад хоёр, гуравдугаар сард өгөх боломж байсан. Гэтэл заавал сонгуулийн өмнө тулгаж өгч байгаа нь муухай байхгүй юу. Энэ бэртэгчин зангаа ер тавихгүй юм.
-Нэгэнт өгөх мөнгийг өнгөрсөн жил ч юм уу олгох боломж хэр байсан бэ. Сая бас л зээл авч, өгч байна гээд байгаа шүү дээ?
-Угаасаа зээл аваад өгч байгаа юм чинь ялгаагүй шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд ч зээл аваад өгөх ёстой д байсан. Одоо өгч байгаа нь сонгуультай л холбоотой. Өмнө нь хэдэн төгрөг өгөөд жаахан амсхийгээд, ялалт байгуулчихъя. Дараагийн зүйлүүд буянаараа болог гэсэн байр сууринаас л хандаж байна.
-Буянаараа болог гээд харж суутал төсөв улайгаад ирэх юм биш үү?
-Уул уурхайн экспорт бол энэ хэвээрээ байвал гайгүй яваад л байна. Хамгийн гол нь үүнийг хударгагүй байдлаар сонгуульд ашиглаж байгааг л буруу гэж хэлээд байгаа юм. Одоо иргэдийн гарт хувьцаа очих ёстой. Хувьцаагаа бүртгэл болгочихоод, мөнгөө бэлнээр олгож байгаа нь явцгүй, бэртэгчин арга шүү дээ. Сонгуулиар яаж ялалт байгуулах вэ гэдэг байдлаар л асуудалд хандаж байна. Иргэдийн сэтгэхүйгээр тоглож байна шүү дээ.
-Иргэдийн «Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушигдээр» гэсэн сэтгэлгээг яаж өөрчлөх юм бэ. Амьдрал хэцүү байгаа болохоор өнөөдрөөрөө сэтгэж, хандаад байгаа биз дээ?
-Иргэдээ боловсролтой л болгомоор байна. Ялангуяа хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй. Арай ч үеийн үед энэ хэмжээний Монгол байхгүй байлгүй дээ. Заримдаа ч харанхуй, бүдүүлэг болгохын тулд боловсролын системийг албаар унагаад байгаа мэт санагддаг юм. Хамгийн гол нь оюунлаг монголчууд болох зорилготой байх ёстой. Тэгэхгүй бол дараагийн сонгуулиар ч дахиад л мөнгөөр хуурдаг асуудлууд гарах л байх.
-Мөнгө тараахгүй гэдэг байр суурьтайгаар эрх баригч танай хоёр нам Сонгуулийн хуулийг баталсан. Тэгчхээд одоо хэрэгжих боломжгүй гэж хэлэх гээд байгаа юм уу?
-Уг нь хэрэгжүүлэх л хэрэгтэй. Манайд хоёр том алдаа байдаг. Эхнийх нь боловсролын системд огт анхаардаггүй. Иргэдийг багаас нь эхлээд муу, дунд, сайн сурдаг хүүхэд гээд ангилж, ялгачихдаг. Өөрөөр хэлбэл хүн бүрт байдаг чадвар чадамжийг нээхийг оролддоггүй, аюул байна.
Нөгөөх нь хуулийг ерөөсөө хэрэгжүүлэхгүй бултаад байдаг.
Хууль баталчхаад байхад зөрөөд л өөр зүйл хийгээд яваад байдаг. Тухайлбал, сая төсвийн хүрээний мэдэгдэл батлагдлаа. Ирэх оны төсвийг хийхдээ яг л үүнийгээ барьж хийх ёстой. Гэхдээ 12 сард ямар юм орж ирэх бол гэдэгт санаа зовж л байна. Өнгөрсөн онд төсвийн хүрээний мэдэгдлийг баталчхаад байхад төсөв оруулж ирэхдээ шал өөр зүйл оруулж ирж байсан. Баталсан хуулиа өөрсдөө ерөөсөө мөрдөхгүй, дур зоргоороо хууль давсан улстөр хийдэг амьдралтай болчхоод байна.
-Халамж хавтгайруулж байгаа хүмүүс оюунлаг сэтгэлгээтэй болгохын эсрэг байр суурьтай байдаг байх аа?
-Гайгүй байх аа. Бидний үеийнхэн жаахан чадалтай болоод ирэхээр оюунлаг хүмүүс Монголд хэрэгтэй гэж боддог болох байх. Хууччуул социализмын үед машиндуулчихсан болохоор ойлгохгүй. Нийгэм энэ хэвээрээ л байна гээд ойлгочихсон байдаг юм билээ. Харамсалтай нь нийгмийн шинэчлэлийг ирэлхийлж байгаа шинэ үеийнхэн хөл дээрээ бат зогсож чадахгүй байна. Хэрвээ хөл дээрээ нэг бат зогсвол байдал эргэнэ л дээ.
-Энэ удаагийн сонгуульд шударга өрсөлдье гэж уриалаад байгаа. Үнэхээр шударга сонгууль болж чадах уу?
-Хэцүү л байна. Хууль зөрчиж байгааг нь хэчнээн ярьсан ч нэр дэвшигчдийнх нь нэрийг татуулж чадахгүй л дээ.
-Яагаад татуулж чадахгүй гэж. СЕХ-нд баримттай нь мэдээлэхэд л болох юм биш үү?
-Хавтгайрсан, бохир хүмүүсийн сүлжээ байгаад байна шүү дээ. Яах вэ, СЕХ-ныхныг ажлаа хий гэж шаардана л даа. Гэхдээ итгэл нэг л төрөхгүй байна шүү.
-СЕХ-нд итгэхгүй байна гэж үү?
-Нийслэлд үүсэж байгаа асуудлыг харахгүй царайлаад, тойргийн хороо юу ч хийхгүй сууж байгаа биз дээ. Ядаж МАН-ын хүмүүст анхааруулга өгч болно шүү дээ. Нэмж хэлэхэд тойргийн хороонд орсон, хэсгийн ахлагч нарыг ч бас архидуулсан л байна лээ. Нэр дэвшихээр явж байгаа хүн нь хамт архи уугаад, намдаа үнэнч байхыг уриалж; албан тушаал амлаад байгаа юм. Гэхдээ энэ бол ердөө л түр зуурын үзэгдэл. Иргэдийн оюун санаа өөрчлөгдөөд, сэхээтэнлэг, оюунлаг болоод ирэхээр ийм асуудал алга болно. Би үүнд итгэлтэй байгаа.
-Үнэхээр тэгж идүүлж, уулгаад яваа юм бол танай намынхан өрсөлдөгч гэдэг утгаараа баримтжуулаад нэрийг нь татуулах боломж нээлттэй байгаа биз дээ?
-Бид чадах чинээгээрээ л тэмцэл хийж байгаа. Гэхдээ амжилтад хүрэхгүй байна. Ийм муухай байдал байна шүү гэдгийг л хэлж байгаа юм. Мэдээж хуулийнхаа дагуу асуудлуудыг тавина. Нааштай хариу гарах байх. Болж өгвөл булхай гаргахгүйг хичээдэг болж. За, энэ яах вэ, ингэж л байдаг юм гэсэн байдлаар асуудалд хандаад байна.
-Та итгэл муутай байдаг юм байж. Гэтэл иргэдийн хувьд 7 сарын 1 дахин давтагдах вий гэсэн айдастай байх шиг санагдсан?
-Миний хувьд парламентын засаглал битгий алдагдаасай л гэж бодож байна. Өнөөдөр хэдэн хүн луйвар, булхай хийх яах вэ. Хамгийн гол нь Монголын ард түмэнд парламентын засаглал гэдэг чинь үнэтэй зүйл шүү дээ. Энэ тогтолцоогоо алдахгүй л байх хэрэгтэй. Тэгэхийн тулд сонгуулиа сайн явуулах хэрэгтэй.
-Эрх баригч хоёр нам өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна. Танай намын хувьд хүмүүсээ хэр шинэчилж байгаа бол?
-Боломжоороо шинэчлэхийг хичээж байгаа. Гэхдээ төдийлөн сайн шинэчлэгдэж чадахгүй л байна. Хамтарсан Засгийн газарт орсноор сөрөг хүчний байр суурин дээр итгэл үнэмшилтэйгээр улстөр хийх боломж хомс байсан. Энэ нь нэлээд хүндрэл болсон. Мөн танигдаагүй хүмүүсийг сонгуульд оролцуулахад их хэцүү байна. Тэр тусмаа орон нутагт тодорхой хэмжээний санхүү босгож чадах хүн л биш бол сонгогчид саналаа өгөхгүй байна шүү дээ. Тиймээс ялалт байгуулахын тулд санхүүгийн чадвартай, улстөрийн туршлагатай хүмүүсээ дэвшүүлэх нь гэсэн дүр зураг харагдаж байгаа. Ер нь УИХ-ын гишүүн, сайд, төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй, олонд танигдаагүй хүн манай намд олон бий.
-Хөрөнгө босгох хэмжээний чадвартай хүнийг л хөдөөгийн тойрогт нэр дэвшүүлэхээр зэхэж байгаа гэсэн үг үү?
-Тухайн орон нутагт мөнгөтэй хүн нэр дэвшиж гарвал ядаж л баяр ёслолоор бай, шагналыг нь даагаад байх юм байна гэсэн сэтгэхүй ноёлж байгаа нь үнэн. Үүнийг өөрчлөхийн тулд боловсролын салбарыг өөрчилж, хүүхэд байхаас нь сэтгэлгээг нь өөрчлөх хэрэгтэй.