2008.10.03

Ц.Даваасүрэн: Сая таван зуугийн амлалтаа хэрэгжүүлэхээс өөр зам байхгүй

-Инфляцийг нэг оронтой тоонд хүрнэ гэж хэлсэн гээд таныг хэвлэлд шүүмжилсэн байна лээ. Та үнэхээр тэгж үзэж байгаа юм уу?

-Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ буурлаа. Манай орны хувьд хүнсний ногооны ургац сайн, малчдын махны нийлүүлэлт ихэссэн болон гурил, будаа импортолдог улсуудад ургац сайтай, үрийн нөөц их байгаа зэргээс эдгээр бүтээгдэхүүний үнэ тогтворжиж ес, аравдугаар сард "тухайн сарын инфляци" нэг оронтой тоонд гарах байх. Харин жилийн дунджаар хоёр оронтой тооноос буурахгүй гэж "Ардын эрх" сонинд ярилцлага өгснийг ойлгоогүй юм уу, эсвэл санаатай ч юм уу гуйвуулж бичсэн байна би-лээ. Инфляц эхний найман сарын байдлаар 30 гаруй хувьтай гарсны дөрөвний гурвыг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлсэн байгаагаас харахад ч дээрх  бүтээгдэхүүнүүдийн үнэ тухайн сард тогтвортой гарвал сарын инфляцийн түвшинд эерэг нөлөөлөл үзүүлэх нь гарцаагүй юм.

-Таныхаар үнийн өсөлтийг яаж бууруулах вэ?

-Үнийн өсөлт хүн амын худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж олсон орлогыг нь үнэгүйдүүлж байгаагаас хүмүүс бухимдаж байна. Өглөө босоход л ямар нэг барааны үнэ нэмэгдэж байна. Энэ бол эдийн засаг тогтворгүй байгаагийн нэг тод жишээ л дээ. Ямар ч эрсдэл нүүрлэж болзошгүй байна гэсэн үг юм. Үнийн хөөрөгдлийн дийлэнх хувийг хүнсний барааны үнийн өсөлт эзэлж байгаа. Ингэснээр хамгийн хүндээр нэрвэгдэж байгаа нь олсон орлогынхоо дийлэнхийг хүнсэндээ зарцуулдаг нийгмийн эмзэг хэсэг болж байна. Өөрөөр хэлбэл, ядуурал улам нэмэгдэж, нийгэм улам бухимдаж байгаа. Арга байхгүй. Гол хүнс нь болсон талх, гурил, махны үнэ нь оны эхтэй харьцуулахад дунджаар 54 хувиар өсчихсөн байна. Инфляцийг хязгаарлахын тулд юунаас болов гэдгийг тогтоож түүнтэй зохиц¬сон зөв жор хэрэглэх нь үр дүнтэй. Гадаад, дотоод хоёр хүчин зүйлээс шалтгаалж байгаа нь тодорхой байна. Манайх импортлогч орон учраас гадаад зах зээлийн үнийн өсөлтөөс шууд хамааралтайгаар зарим барааны үнэ өсч байна. Ялангуяа, түлш шатахуун, хүнсний бараан дээр энэ өсөлт илүү гарч байна. Ийм тохиолдолд эдийн засгийн сонгодог онол, бусад улсуудын туршлагаас харахад импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, үндэсний валютаа чангаруулах бодлого баримталдаг. Манай орны хувьд хоёр дахь аргыг хэрэглэх нь үр дүнтэй. Харин ч төв банкны зүгээс мөнгөний зах зээлд ам.доллар ихээр нийлүүлж байсан нь үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд бууруулсан. Өөрөөр хэлбэл, төгрөг чангарсан нь импортын барааны үнийг ямар нэг хэмжээгээр хямдруулж байгаа. Иймд энэ бодлогоо цаашид үргэлжлүүлэх нь зөв юм. Мөн мөнгөний нийлүүлэлтийг бууруулан Төв банкны үнэт цаасны хэмжээг зохистой түвшинд нэмэгдүүлэх арга хэмжээ үр дүнтэй байх болов уу.

-Банкны зээлийг хязгаарлах нь хэр үр дүнтэй юм бэ?

-Зээллэгэнд импортын орц багатай үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд бодлого явуулахгүй бол үнийн өсөлтийг шууд импортлох, нийлүүлэлтийн хомсдол үүсч үнэ өсөх сөрөг үр дагавар гарч болно. Тухайлбал, хүнсний үндэсний үйлдвэрлэгчдийг зээлийн бодлогоор дэм¬жиж дотоодын хэрэгцээгээ хангаж болно. Энд инфляцтай тэмцэх бололцоо харагдаж байна. Энэ онд төмсний хэрэгцээгээ хангах хэмжээний ургац авсан гэж байгаа. Ийм хэлбэрээр өөрийн орны нөөц боломж дээр түшиглэсэн бодлого явуулж байж үнийн өсөлтийг хязгаарлана.
Мөн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотой асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой. Тухайлбал, тээвэрлэлтийн хурд, хүчин чадал өнөөдөр бий болсон эрэлтийн өсөлтийг гүйцэхгүй байгаа нь тодорхой байна. Үүн дээр хугацаа алдахгүй асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашдаа асуудал нь улам ужгирна. Дунджаас дээш орлоготой хүмүүст зориулагдсан үнэтэй, тансаг хэрэглээний зах зээл, нийлүүлэлт алга байна. Үнийн өсөлтийг мэдэрдэггүй хүн, нийгмийн орлого багатай хүн хоёр ижилхэн шахуу хэрэглээтэй байгаагаас нэг нь нөгөөгөө чирж. Цаашид улс төрийн зорилгоор бий болсон мөнгөний амлалтыг шууд олгож эхэлбэл, үнэ өсч, үр дүн гарахгүй гэдгийг нийгэмд зөв ойлгуулж зөв хэлбэрээр амлалтаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Харин ч гүнзгий хямрал авчирч мэднэ. Олон талаас нь сайн бодож, өгөх арга хэлбэрээ сайн олж шийдэхгүй бол тус болох гээд ус болно гэдэг нь болж мэднэ.

-Одоо бид чинь сая таван зуугаа авна гээд яаж зарахаа төлөвлөчихөөд, зарим нь бараг урьдчилж өр тавьчихаад сууж байна. Тарчиг амьдармааргүй байна шүү дээ. Хэзээ өгөх бол?

-Сая таван зуугийн амлалтаа хэрэгжүүлэхээс өөр зам байхгүй. Энэ амлалтыг хэрэгжүүлэхэд баримжаагаар 2.5 сая хүнд 3.7 триллион төгрөг буюу Монгол Улсын одоогийн төсвөөс ч их мөнгө шаардагдана. Энэ жил эхний найман сард улсын төсөвт зөв-хөн 1.4 триллион төгрөгийн орлого орсон байна шүү дээ. Тэгэхээр их мөнгө шаардагдаж байгаа биз. Ямар ч гэсэн одоо ийм мөнгө алга, тийм үү. Яаж олох вэ гэдэг асуудал гарна аа. Олгох хамгийн амархан арга мөнгө хэвлээд тараагаад өгөх. Энэ нь эдийн засгийг гүнзгий хямралд оруулдаг учраас ийм асуудал байж болохгүй. Байж болох хувилбар нь гадаад зах зээлээс мөнгө босгох. Нөгөө яригдаад байдаг уурхайн чинь суурь нь ч тавигдаагүй, мөнгөө өгч эхэлтэл хугацаа бий. Гадаад зах зээлээс мөнгө босгоод амласнаа олгоё гэхэд тэр нийлүүлэлтийн хүчин чадал нь гүйцэхгүй шууд л гүн инфляц бий болно гэдэгт эргэлзэхгүй байна. Эцсийн дүндээ үнийн өсөлт гэдэг чинь эрэлт, нийлүүлэлтийн зөрүүгээс л үүсэж байгаа шүү дээ. Гар дээр бөөн мөнгө ороод ирэхээр чинь зарцуулж л таарна. Тэр авах бараа нь хангалттай биш байгаа. Түүнийг богино хугацаанд манай зэх зээлд нийлүүлэх тээвэрлэлтийн хүчин чадал байхгүй талаар дээр ярьсан. Нөгөө талаар эдийн засагт хэт халалт гэдэг нь бий болж нэмэлт эрэлт гарч ирнэ. Тухайлбал, наад зах нь олон хүн машин авна. Нэг талаар тэр машины нийлүүлэлтийн асуудал гарна, дагаад гарааш, түлш шатахуун, сэлбэг хэрэгсэл гээд нэмэлт асууд¬лууд гараад ирнэ. Машин бол хүн шиг хоол унд, байр сав, эмчлэх сэлбэг хэрэгсэл нэх¬дэг тансаг хэрэглээ юм. Ийм зүйл дээр татварын бодлогоор хязгаарлах гээд олон төрлийн дагалдах арга хэмжээг цаг алдахгүй авах шаардлага гарна л даа.

-Та Сангийн яамны хүний нүдээр хараад байх шиг. Хүмүүсийн орлого нэмэгдэхээр үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэнэ гээд байгаа биз дээ. Үйлдвэрлэл нэмэгдэхээр татварын орлого өснө дөө.

-Кейнсийн сонгодог загвараар бол тийм л дээ. Гэхдээ үйлдвэрлэл хөгжсөн оронд л энэ загвар үйлчилдэг. Манай орон чинь импортлогч орон. Сүү, сүүн бүтээгдэхүүн, модон эдлэл, эсгийнээс өөр импортын орцгүй үйлдвэрлэл бараг байхгүй болов уу. Талхныхаа гурилыг хүртэл импортолж байна. Экспортын дийлэнх хувь маань эрдэс бүтээгдэхүүн байдаг. Хятадтай өрсөлдөж хямд өртөгтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж байхгүй. Тэнд чинь хэдэн зуун саяар үйлдвэрлэсэн ч шингээдэг зах зээл байдаг учраас бүтээг-дэхүүний өртөг нь хямд байдаг. Өрсөлдөх чадвар сайтай ийм том зах зээлийн дэргэд өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг байж боломгүй зүйл юм. Харин хүнсний барааны хувьд төрийн бодлогоор дэмжиж хөгжүүлэх бололцоотой. Хүнсний аюулгүй байдал талаасаа ч үүнийг шаардаж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ДНБ оны эхний хагаст 13.3 хувиар өссөний 33 хувийг хөдөө аж ахуйн салбар дангаар хангаснаас харахад энэ салбарт хөгжлийн ирээдүй байгаа нь харагдаж байна. Ялангуяа хүнс¬ний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн бололцоо байна. Давуу тал дээрээ түшиглээд уул уурхайтай эн тэнцүү хөгжих боломж хөдөө аж ахуйн салбарт бий.

-Таны төсөөллөөр үсрэнгүй хөгжил хэзээ ирэх бол?

-Үсрэнгүй гэдэг үгийг одоохондоо хэрэглэхэд эрт байх аа. Ийм хөгжлийн загвар, тооцоо, судалгаа, төлөвлөгөө нь ч хаана байгаа юм. Одоогоор надад олж харсан зүйл алга. Хар баримжаагаар зүтгэчихэж болохгүй нь тодорхой. Харин дундаж хөгжилтэй орны түвшинд хүрнэ гэвэл өөр хэрэг. Ингэж төлөвлөж, зүтгэх нь зөв байх. Бид өнөөдөр нэг том уул уурхайн үйлдвэрүүд баригдаад их мөнгө олох тухай яриад байгаа болохоос биш. Наад зах нь тэнд хэн ажиллах вэ, ямар хүмүүсээр дүүрсэн уурхайн тосгон бий болох бол гэдэг талаар ч бодохгүй байна. Хөгжилд эхлээд төлөвлөж, бэлдэж, зөв бодлогоор хөтлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хөгжил араасаа байгаль орчноо бохирдуулах гэх мэт муу талыг ч дагуулж байдаг. Хөгжиж байна гээд хүн амынхаа талыг гадныхан болгочихож болохгүй биз дээ. Бид чинь хоёр сая гаруйхан, нэг хотын л хүн ам. Үнэнийг хэлэхэд, хөгжлийн ямар тодорхой загвар, төлөвлөгөө байгаа юм бол гэдэг асуудал санаа зовоож байна.
Хөгжилд хүрсэн бусад улс орны туршлагаас харахад хөгжлийн тодорхой загвар сонгосон удирдагч, авч явах баг байсан байгаа юм. Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрийг л харцгаая.

-Тэгвэл хөгжлийн ямар загвар манайд тохирох юм бол?

-Яг энэ тохиромжтой гэх бэлэн загвар хаана ч байхгүй. Бусад улс орны туршлагаар ерөнхий зарчим нь батлагдсан, манай орны онцлогт тохирсон, өөрөөр хэлбэл, хөгжлийн түвшин, нөөц бололцоо, газарзүйн байршил зэрэг олон хүчин зүйлийг бодолцсон өөрийн гэсэн хөгжлийн загварыг сонгох нь үр дүнтэй. Азийн орнуудын хөгжлийн загварыг харахад хөгжлийн эхний шатандаа улс төр, эдийн засгийн хатуу бодлогыг явуулж хөгжлийн явцдаа эдийн засгаа либеральчилж байх жишээтэй. Эдийн засгийн хувьд Чилийн хөгжлийн загвараас авах зүйл их бий. Бид том орнуудын жишээ хардаг буруу зуршилтай. Өөртэйгээ ижил түвшний хөгжих арга замаа олсон нэгнийг судлах нь илүү үр дүнтэй. Энэ жижигхэн хэрэглээний зах зээлтэй, хүн ам цөөхөнтэй манайх шиг орны хувьд зохицуулалттай эдийн засгийн загвар илүү үр дүнтэй болов уу.

-Уул уурхайн томоохон ордуудын 51 хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшүүлэхгүй бол хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэж байна. Та энд ямар бодолтой явдаг вэ?

-Хөрөнгө оруулалт хийнэ ээ. Түүн дээр битгий санаа зов. Харин төр, монголчууд 51 хувиа эзэмших ёстой. Үйлдвэрээ авч явах асуудлыг бол менежментийн гэрээгээр зохицуулаад явж болно. Эдийн засгийн хувьд Чилийн хөгжлийн загвараас авах зүйл их бий. Пиночет төрийн эргэлт хийхийн өмнө өөрийг нь дэмжиж байсан гадны хүчинтэй хэдэн гол тохироо хийсний нэг нь гадны эзэмшилтэй зэсийн ордуудаа төрд буцаан авахаар тохирсон байдаг юм. Энэ жижиг орныг зэс, кофе нь босгоод ирсэн. Оновчтой загвар, зөв бодлого, жижиг эдийн засагт төрийн зохицуулалт үр дүнгээ өгсний тодорхой жишээ энэ юм. Манайхан болохоор корпорацийн менежмент гэдэг зүйлийг хайхрахгүй, төрд л очбол дампуурна гэж бодоод байдаг. Жишээ нь, төрийн өмчийн "Эрдэнэт" шиг том үйлдвэрийн удирдлагын багийн хүмүүсийг сарын 5000-10000 ам.доллартай тэнцэх цалинтай ажиллуулъя л даа. Ашгийн урамшуулал зэргээр төрийн өмчийн үйлдвэрийн газрыг ашигтай аваад явдаг олон арга хэлбэр байна. Чилийн дээрх удирдагч эдгээр үйлдвэрийн захирлуудаа гадаадын нэр хүндтэй сургуульд бэлтгээд, амьдралд нь хангалттай цалинг нь өгсөн юм билээ. Бодлого гаргасан байгаа биз дээ. Манай гадаадад төгссөн хүмүүс хаана явна. Төр нь ямар бодлого явуулав. Бод доо. Өндөр хөгжилтэй оронд 900 гаруй хүн бэлдсэний 300 гаруй нь эх орондоо эргэж ирсэн байгаа юм. Зарим талаар тэднийг буруутгах арга алга.

-Та хөгжихийн тулд хүнээ бэлд, боловсролоо дэмж гэж байна. Гадаадад байгаа оюунлаг хүмүүсээ хөгжлийн төлөө урьж ажиллуулахыг уриалсан байна билээ. Олонхи хүн энэ санааг дэмжиж ярьдаг ч хэрэгждэггүй.

-Хэрэгжих эсэх нь лидерүүдийн ажил хэрэгч хандлагаас шалтгаална. Нэг үеэ бодвол мөнгө байна. Бодлого, ажил хэрэг болгоод явбал болох л зүйл. Харин мөнгөгүй бол юу ч хийж чадахгүй. Энэ алтан үеийг зөв ашиглах хэрэгтэй. Мөнгө бол нэг хям¬ралын шуурганд хийсээд алга болчихож мэднэ. Мэдлэг, боловсрол, ур чадвар болгоод авчихбал ирээдүйд хөл алдахгүй. Ирээдүй болсон хүүхэд, залуучуудаа л бүтээл ч сэтгэхүйтэй, зөв ёс суртахуунтай, өндөр боловсролтой болгоход л хөрөнгө оруулалт хийцгээе. Тэр цагт л нийгмийн хүсээд байгаа улс төрийн соёл, ёс суртахуун, зарчим, хууль дээдлэх зан чанар төлөвших байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.