С.Баярцогт: Төсвийн хатуу бодлого баримтална
Өчигдөр болсон хамтарсан Засгийн газрын анхны хуралдаанаар Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос сонирхов.
-Энэ оны төсөв ямар байдалтай байгаа вэ?
-Урсгал зардал 178 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн учраас тодотгол хийх зайлшгүй шаардлага гарсан. Нэгдсэн төсөв 224 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцож өөрчлөлт оруулахаар байна. Малчдаас ноолуур худалдаж авахад 30 гаруй, улаан буудайн нөөц бүрдүүлэхэд 47, хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод олгох 31 тэрбум төгрөгийн болон нийгмийн халамжийн зардалд зориулах зэргээр зардал нэмэгдсэн. Төсвийн орлого ч тодорхой хэмжээгээр нэмэгдлээ. Оюу толгой, Таван толгойн ордыг ашиглана гэж үзээд тооцож байсан 90.3 тэрбум төгрөгийн орлого дутаж байгаа. Мөн “Алтан дорнод Монгол” компанийн гэнэтийн ашгийн татвараар төлөх ёстой 26.6 тэрбум төгрөг төсөвт орох бололцоогүй болж байх шиг.
-Төрийн мөнгөнд хатуу гараар хандаарай гэсэн захиасыг УИХ-ын гишүүд Танд өгч байсан.
-Нэлээд чанга төсөв боловсруулна гэж бодож байгаа. Инфляцын өсөлтийн 30-аад хувь нь импортоос, 70 орчим хувь нь бидний үйл ажиллагааны зардлаас хамаарч байдаг. Тийм учраас үүнтэй уялдсан хатуу төсвийн төсөл боловсруулна. Төрийн захиргааны зардлыг нэмэгдүүлэхгүй байх талаар нэлээд хатуу байр суурь баримтална.
-Таныг сайдын ажлаа авахад Монгол Улс төрийн дансандаа хэдэн төгрөгтэй байв?
-Энэ оны есдүгээр сарын 19-ний байдлаар Монгол Улсын төрийн дансанд 547 тэрбум төгрөг байсан..