Хагас, бүтэн сайн өдрөөр ч хичээн зүтгэхийг Спикер үүрэгдэв
2008.01.01

Хагас, бүтэн сайн өдрөөр ч хичээн зүтгэхийг Спикер үүрэгдэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2009 оны 11 дүгээр сарын 20-ны баасан гаригийн өдөр хоёр удаа зарлагдан хуралдаж буйг эрхэм Спикер хуралдааны өмнө онцоллоо.


Өнөөдрийн үдээс хойш буюу оройн 18 цаг өнгөрөөж эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудал нь Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төсөл байв. Цаг хүрэлцвэл бусад асуудлын хүрээнд хэлэлцэх зүйл мөн байгаа хэмээн УИХ-ын дарга хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганы нэгдсэн хуралдаанд товч илтгэл тавьж дуусахад, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Р.Буд нар асуулт асуулаа.

“Айвенхоу Майнз” компани бонд гаргана гэдгийг хэзээ УИХ-аар хэлэлцсэнийг Ц.Даваасүрэн гишүүн тодруулж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх бонд бол тусдаа зүйл гэдгийг хэлж байсан. Харин Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын 22 дугаар тогтоолыг батлахад 1.2 тэрбумын гадаад бонд гаргах зөвшөөрөл дотор нь багтан орсныг хэлж байв.

Гишүүн Р.Буд, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 3 эх үүсвэрийн обьектүүд ямар зардал дээр тусч байгааг асуусан.

Үүний дараа үг хэлэх гишүүд байсангүй, мөн энэ асуудалд санал хураалт байхгүй тул Хүний хөгжлийн сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг дуусч, хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэхээр болсон юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудал нь мөн өнөөдөр үдээс хойш УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор орж хэлэлцэгдсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал байлаа.

Уг асуудлаар үг хэлэх гишүүд байсангүй тул санал хураалт явуулж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн 48 гишүүн зөвшөөрч, 87.3 хувийн саналаар төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлэв.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зорилго нь гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, хордлого, гэнэтийн аюул ослын үед хэрэглэх эмийг улсын бүртгэлд бүртгэхгүйгээр Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн юм байна.

Ийн нэг өдөр хоёронтоо хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Ирэх долоо хоногийн даваа гаригаас Төсвийн хоёрдахь хэлэлцүүлэг эхлэх учир Ажлын хэсэг болон Сангийн яам анхааралтай хандаж, хагас, бүтэн сайн өдрөөр ч хичээн зүтгэхийг Спикер үүрэгдэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.