2008.05.20

Д.Ганхуяг: Инфляцийг зургаан хувьд барьж чадахгүй

ДНБ-ий өсөлтийг дунджаар 11 хувьтай байхаар төсөлд тусгасан. Инфляци ирэх онд зургаан хувиас хэтрэхгүй гэжээ. Эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогоос инфляцийн түвшин хамаардаг. Гэтэл өнөөдөр эрэлт нь нийлүүлэлтээсээ илүү гарснаас гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Нефтийн бүтээгдэхүүнээс хамааралтай үнийн өсөлт инфляцийн 40 хувьтай тэнцэж байгааг хэр тооцсон юм бол.

2008 онд гурил, улаан буудай, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар томоохон зорилт дэвшүүлсэн. Үүнийгээ биелүүлж чадвал инфляцийг нэг оронтой тоонд барьж болох юм. Гэхдээ хүндрэлтэй нөхцөл бий. Нефть, улаан буудайн татварт төрөөс зохицуулалт хийсэн тохиолдолд нөхцөл байдлыг зөөлрүүлж болох талтай. Төсөвт ч хөрөнгийн бололцоо бий. Нийгэмдээ хор хөнөөл багатайгаар асуудлыг шийдье гэвэл эрэлт, нийлүүлэлтийн харьцааг зохицуулах ёстой.

-Төсвийн алдагдлын хэмжээг 0.0 байхаар Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ. Та харин үүнийг чамлав бололтой. Нэмэх дүнгээр тооцох хэрэгтэй гэлээ. Боломж байна уу?

-2.5 хувийн ашигтай гарах бололцоотой. Мөнгөний нийлүүлэлт өндөр байна. Дээр нь 540-өөд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр энэ онд төсөвлөсөн. Энэ нь эдийн засгийг "улайлгах", инфляцийг өсгөх нэг хүчин зүйл болж байгаа. Гэтэл хөрөнгө оруулалтын хэрэгжилт 70-80 хувьтай гарсан. Энэ чинь эдийн засагт шингээх чадвар дутаж байгааг харуулсан үзүүлэлт. Гэтэл материаллаг баялаг бий болгох буюу үйлдвэрлэлийг хөгжүүлэх талд дэвшил гарсангүй. Зээлийн хүү хэтэрхий өндөр, мөнгөний бодлого зохистой биш харьцаанд орсон. Тийм учраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг зөв, тууштай хэрэгжүүлж чадвал төсөв 0.0 бус ашигтай гарах бүрэн бололцоотой.

-Инфляцийг зургаан хувьд барина гэдэгт Та найдаж байна уу. Одоо 20 хувь гарчхаад байгаа?

-Бүхний хэрэгцээг хангасан үйлдвэрлэлийг төр онцгойлон дэмжих хэрэгтэй. Ийм хэрэгцээт үйлдвэрлэлийг бий болгохын тулд технологийн дэвшил ашиглах ёстой. Бизнесийн салбарын хөгжил технологиос шууд хамааралтай учраас төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэлд энэ тухай тусгайлан зааж өгөх хэрэгтэй. Ингэж нийлүүлэлтийг эрэлтээс нь илүү гаргаж чадвал том амжилтад хүргэх бололцоотой. Инфляцийг 2009 онд зургаан хувьд барина гэдэгт итгэхгүй байна. 10 хувийн дотор гэвэл болох байх. Ингэхийн тулд Засгийн газраас боломжтой бүх арга хэмжээг авах ёстой

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.