Ц.Даваасүрэн: Хөвсгөл нуурыг тойруулаад нэг сайхан дэд бүтцийг бий болгоод, аялал жуулчлал хөгжүүлэх бололцоог нь олгоод өгчих юмсан
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Ирэх оны улсын төсвийг хэлэлцэж эхэллээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг “ихэнх” хувийг юунд зарцуулах ёстой хэмээн та үзэж байна бэ?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 40 гаруй хувийг нь дэд бүтцэд тавьчихлаа гэж байна. Дэд бүтэц дээр тулгуурлаад бусад салбар хөгжих нь яах араггүй үнэн. Гэлээ гэхдээ энэ хөгжлийг чинь хүн л хийдэг шүү дээ. Тэгэхлээр нэн тэргүүнд хүнийг хөгжилд мөнгө хийх ёстой. Энэ бол тэр “хүний хөгжлийн сан”, 1.5 саяыг өгөх тухай бол биш шүү. Би хүнийг хөгжүүлэх асуудал яриад байгаа юм.
Жишээлбэл, би нэг зүйлд их хамгийн харамсаж байгаа юм. Манай улсын ирээдүй болсон оюутнуудад сурах, амьдрах орчин үнэхээр алга байна. Би Орост, Японд сурч байсан. Аль 80-аад оны тэр нөхцөлтэй ч харьцуулшгүй байна шүү дээ. Өнөөдөр 21-р зууны оюутнууд байшингийн подвольд амьдарч байж болохгүй зүйл.
Онц сурдаг, тэгээд хөдөөнийх. Тэр хүүхдэд авъяастай төрсний ямар ч буруу байхгүй. Гол нь төр тэр хүүхдээ дэмжиж чадахгүй байна. Хэрэв тэр хүүхдийг дэмжээд л өгчих юм бол тэр хүүхэд чинь хөгжил авчирч өгнө, мөнгө бий болно. Тиймээс тэр мөнгө бий болгодог хүнийг л төрүүлэхэд энэ төсвийн ихэнх хувийг зарцуулаасай гэж би үзэж байгаа юм.
Их дээд сургуулиудын оюутны байруудаар ороход, тохилог, ая тухтай амьдрах, сурах орчин бүрдчихсэн байдаг бол тэр хүүхдүүд гоё сурнаа даа. Оюутнууд өнгөлөг, оюунлаг, ёс суртахуунтай болохын гол үндэс бол төр сурах орчныг нь хангаж өгөх ёстой гэж би үзэж байгаа. Сингапур, Солонгос зэрэг улс залуу үеэ хүчтэй дэмжиж байсны үр дүнд айхтар хөгжлөө ш дээ.
-Ирэх оны Үндсэн чиглэл, Төсөвт таны сонгогдсон тойрог Хөвсгөл аймагт ямар ямар хөрөнгө оруулалтууд хийгдхээр яригдаж байна бэ?
-Хамгийн гол ач холбогдол өгч байгаа асуудал бол Хөвсгөл нуурын сав газрыг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх заалт үндсэн чиглэлд орчихсон яваа, тодорхой хөрөнгө оруулалтын асуудлыг ярьж байна. Энэ асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч бас орсон байгаа.
Энэ Аялал жуулчлалтайгаа холбогдуулаад Хатгал хүртэлх 100 км зам тавих асуудал байгаа юмаа. Үүнд дээр одоогоор 2 тэрбум төгрөг тавигдсан байгаа. Хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярьж байна.
Өөр нэг асуудал бол дулааны цахилгаан станцын асуудал байна. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот их том суурин газар болж хөгжиж байна. Жишээ нь, Мөрөн хотод 20-оод мянган өрх байдаг гэж үзэхэд, жилдээ бараг 20 мянган машин мод түлэх болж байгаа юм. Ийм их мод уулнаас огтолно гэдэг бол байгальд асар их сүйрэлийг авчирч байна гэсэн үг. Тэгэхлээр тэнд дулааны цахилгаан станц, нэгдсэн дулааны хангамжийн асуудлыг шийдэхгүй бол ногоон ой сүйтэх гээд, аялал жуулчлалын сайхан нутаг маань байхгүй болох гээд байна. Үүн дээр 500 сая төгрөг тавьчхаад явж байна. Нэмэгдүүлэх бололцоог ярьж байна. Бас хүүхдүүддээ зориулаад хүүхдийн төв байгуулах асуудлыг шийдүүлчхээд явж байна.
-Хэрэв төсөв хүрдэг бол та Хөвсгөлийн ямар асуудлыг шийдээд өгчөөсөй хэмээн бодож явна бэ?
-Гол бодож байгаа юм бол дээрхи хоёр асуудал байгаа л даа. Гэхдээ ер нь бол Хөвсгөл нуурыг тойруулаад нэг сайхан дэд бүтцийг бий болгоод, аялал жуулчлал хөгжүүлэх бололцоог нь олгоод өгчих юмсан гэж бодож явдаг. Жишээ нь баруун талаар нь нэг сайхан зам тавиад өгчихмөөр байна. Хөвсгөл бол асар сайхан нутаг, дэлхий дээр ховорхон заяагдсан ийм байгалийн цогцолбор газар.