Д.Дэмбэрэл: Эх орны хишиг хүртээх эрх зүйн баталгаа бүрдүүлнэ
2009.05.18

Д.Дэмбэрэл: Эх орны хишиг хүртээх эрх зүйн баталгаа бүрдүүлнэ

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл орон нутгийн ажил байдал, цаг үеийн ажлын явц, иргэд сонгогчдын санал бодолтой газар дээр нь танилцахаар Ховд аймагт ажиллаж байна.


Тэрбээр өнгөрөгч амралтын өдрүүдэд Дөргөн, Мянгад, Буянт сумын албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, цаг үеийн ажлын явцтай танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Мөн дээрх сумдын иргэд сонгогчидтой уулзаж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хаврын чуулганы явц, батлагдсан хууль тогтоомжийн талаар хөдөлмөрчдөд дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын дарга өнөө өглөө аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын удирдах хүмүүстэй уулзаж, аймгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын дарга Дөргөний усан цахилгаан станцын ажиллагаатай өнгөрөгч ням гаригт танилцав. Тус станц одоогоор Ховд хот, найман сумыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангаж байгаа аж. Станцыг ирэх сард улсын комисст хүлээлгэн өгч, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлснээр баруун гурван аймгийг эрчим хүчээр хангах юм байна.
Дөргөн сумын иргэд, сонгогчидтой УИХ-ын даргын хийсэн уулзалт дээр иргэд, аж ахуйн нэгжид хэрэглэгдэх эрчим хүчний үнэ өндөр байгаа, мөн усан цахилгаан станцын харъяаллыг дахин нягталж үзэхийг хүссэн саналууд гарч байв. Эдгээр саналуудтай холбогдуулж УИХ-ын дарга хэлэхдээ, эрчим хүчний асуудлыг орон нутагт зохицуулж шийдвэрлэхэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал санаачлагатай ажиллахаас ихээхэн зүйл хамаарахыг тэмдэглэв. Мөн тус сумын удирдлагаас цэцэрлэгийн барилгын санхүүжилт, сургуулийн өргөтгөлийг барихад санаа тавихыг хүссэнд “Зураг төслөө сайн хийж, өөрсдийн зүгээс бэлтгэл ажлыг хангасан тохиолдолд уг асуудлыг шийдвэрлэхэд тусална” гэлээ.
УИХ-ын дарга мөн өдөр Мянгад, Буянт сумын ажил байдалтай танилцан, иргэд сонгогчидтой уулзах үеэр иргэд УИХ-ын даргад хандан ноолуурын үнийг өсгөх бололцоо байгаа эсэх, эх орны хишгийн 1.5 сая төгрөгийг өгөх боломжийн талаар илүүтэй асууж лавлаж байлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл иргэдийн эдгээр асуултад “Ноолуурын үнэ зах зээлийн зарчмаар зохицуулагдах учиртай. Харин санхүүгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан. Энэ хүрээнд Засгийн газар дөрөвдүгээр сард 132 дугаар тогтоол гаргаж, ноолуурыг хил залгаа боомтоор түр хугацаагаар гаргаж борлуулах асуудлыг шийдвэрлэсэн.


Эх орны хишгийн хувьд УИХ-аас хууль гаргаж шийдвэрлэх учиртай. Эрх барьж буй улс төрийн хоёр хүчин 1-1.5 сая төгрөгийг иргэддээ олгох асуудлаар амласан тул УИХ-аар дэмжигдэнэ гэдэг итгэж байна. Энэ асуудал нэгэнт хууль болж гарвал Эх орны хишиг хүртээх эрх зүйн баталгаа бүрдэнэ” гэж тэмдэглэлээ.
УИХ-ын дарга өнөөдөр үдээс хойш Ховд сум орохоор хөдөллөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.