Нөхөн сонгууль 146 сая төгрөгөөр 10 сарын 18-нд
Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт явагдах нөхөн сонгуулийн тов болон зардлын тухай саналаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр үдээс хойш өргөн барилаа.
Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт явагдах нөхөн сонгуулийг 2009 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэхээр товлон зарлаж, санал хураалтыг 2009 оны аравдугаар сарын 18-ны өдөр явуулахаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан байна. Энэхүү тогтоолыг 2009 оны долдугаар сарын 22-ны өдрөөс дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.
Харин нөхөн сонгуулийн зардлыг 146 сая төгрөгөөр тогтоох санал гарсан байна.
УИХ-ын сонгуулийн 24 дүгээрт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороо хамрагддаг агаад энд нөхөн сонгууль явуулахад сонгуулийн тойргийн нэг хороо, хэсгийн 22 хороо байгуулагдах юм байна.