Байнгын хороо нөхөн сонгуулийн товыг дэмжлээ
2009.07.15

Байнгын хороо нөхөн сонгуулийн товыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, эхлээд Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн тов зарлах тухай,  Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Лувсанжав танилцуулав.

Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 8-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт явагдах нөхөн сонгуулийг 2009 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэхээр товлон зарлаж, санал хураалтыг 2009 оны аравдугаар сарын 18-ны өдөр явуулахаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан байна. Энэхүү тогтоолыг 2009 оны долдугаар сарын 22-ны өдрөөс дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.

Харин гишүүн Ч.Сайханбилэг нөхөн сонгуулийн санал хураалтыг аравдугаар сарын 18-нд биш мөн сарын 11-ний өдөр явуулах боломжтой эсэхийг Сонгуулийн ерөнхий хорооны даргаас тодруулаад олон сар дамжиж улстөржсөн байдлаас аль болох хурдан салж, УИХ-ыг ажил хэрэгч уур амьсгал руу түргэн оруулах үүднээс ийм санал хэлж буйгаа онцоллоо. Түүний асуултад Сонгуулийн ерөнхий хорооны дарга “СЕХ иргэдийн амралт дуусч, ажил шигдэрсэн байх хугацааг гол болгож нөхөн сонгуулийг есдүгээр сарын 18-ны өдрөөс товлон зарлаж, санал хураалтыг аравдугаар 18-ны өдөр явуулахаар санал болгож байгаа. Түүнчлэн улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох саналаа СЕХ-нд өгөх хуулийн аль болох бололцоотой эцсийн хугацааг харгалзаж ийм санал гаргасан” гэсэн хариулт өгөв.

Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгуулийн зардлыг 146 сая 15 мянган төгрөгөөр тогтоох санал гаргажээ. УИХ-ын сонгуулийн энэ тойрогт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороо хамрагддаг агаад энд нөхөн сонгууль явуулахад сонгуулийн тойргийн нэг хороо, хэсгийн 22 хороо байгуулагдах юм байна. УИХ-ын өмнөх сонгуулиар нэг тойрогт 200 орчим сая төгрөгийн зардал гарч байсныг харгалзан энэ удаа тус тойргийн нөхөн сонгуульд 146 сая 15 мянган төгрөгийн зардал гарна гэсэн тооцоо хийсэн байна.

Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн тов зарлах тухай, Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг санал нэгтэй дэмжлээ.

Дараа нь Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүн Н.Энхболд уг асуудлыг анхны хэлэцүүлэгт бэлтгэсэн талаархи ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулав. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх бодлогын чанартай энэ том асуудлуудыг зөвхөн байнгын хороо, ажлын хэсэг дангаараа шийдэх боломжгүй юм. Иймээс хэлэлцэх асуудлын дарааллыг бүхэлд нь чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, гишүүд тал талаас нь нягталж ярилцаж шийдэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн байна.

Харин гишүүн Р.Раш, Ч.Сайханбилэг нар дараалалд орооогүй ч гэсэн зайлшгүй хэлэлцэх шаардлагатай, сайн боловсруулагдсан бэлэн төсөл, түүнчлэн намын бүлгүүдийн тохирсон асуудлыг оруулж ирсэн тухайн үед нь хэлэлцэж шийдэх боломжтой байх нь чухал гэдгийг хэлж байлаа. Мөн гишүүн Ч.Сайханбилэгийн саналын дагуу УИХ-ын сонгуулийн тухай болон Орон нутгийн иргэдийн хурлын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд нэмж оруулахаар болов.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөв.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.