С.Эрдэнэ: Сонгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг УИХ авч хэлэлцэх ёсгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд 25 дугаар тойргоос сонгогдсон С.Эрдэнийн тангаргыг өргүүлэх ёстой байв. Гэвч МАХН-ын бүлэг завсарлага авснаар уг асуудлыг хойшлуулсан юм. Энэ үйл явдлын дараа С.Эрдэнэтэй товч ярилцлаа.
-Өнөөдөр таниар тангараг өргүүлсэнгүй. Үүний цаана МАХН, Ардчилсан намын хоорондын үл ойлголцол байгаа гэж үзэж болох уу?
-Энэ талаар товчхон, ганцхан зүйл хэлье. Сонгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг УИХ авч хэлэлцэх ёсгүй. Нэгэнт сонгогдсон л бол тэр хүний тангараг өргөх асуудал л байгаа. Үндсэн хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж дараагийн шинэ гишүүн сонгогдож тангараг өргөснөөр дуусгавар болно гэсэн заалт бий. Үндсэн хуулиас давсан эрх мэдэл хэнд ч байхгүй. Энэ танхимд сууж байгаа 74 бүгд сонгогдсон гишүүд. Нэг нэгийнхээ сонгогдсон эрхийг авч хэлэлцдэг эрх тэдэнд байхгүй. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцангийн сонгогдсон бүрэн эрхийг би ярих нь утгагүй шүү дээ. Минийхийг бас тэд ярих нь утгагүй л байхгүй юү.
-СЕХ-ны шийдвэрт МАХН-ын бүлгийн гишүүд эргэлзэх үндэслэл байгаа юу?
-Эргэлзээд байх ямар ч үндэслэл байхгүй. Угаасаа би сонгогдсон нь үнэн. СЕХ хамтын зарчмаар ажилладаг. Бие даасан хараат бус байгууллага. Тэр хүрээндээ л шийдвэрээ гаргасан.
-МАХН-ын бүлэг давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээе гэлээ?
-Энэ бол өнөөдөр асуудал биш. Өнөөдөр шүүхэээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Ийм байхад хэн нэгнийг шүүхэд өгсөн байна, сэжигтэн байна, шалгагдаж байна гэсэн байдлаар яллаж болохгүй. Түүн дээрээ тулбал энэ танхим дотор шалгагдах маш олон хүн байгаа шүү дээ.