
Намууд завсарлага авч, С.Эрдэнэ дахиад тангараг өргөсөнгүй
Өнөөдөр 10.00 цагаас хуралдаж, УИХ-ын 25-р тойргоос сонгогдсон С.Эрдэнийг тангараг өргүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцэх гэсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахааргүй боллоо.
Учир нь УИХ-ын хоёр намын бүлэг тус тусдаа түр завсарлага авах хүсэлт УИХ-ын ТГ-т гаргажээ.
МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, “…асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд тодруулан нэг мөр болгох, эргэлзээтэй гэмээр асуудлыг цэгцлэн, тодорхой болгох…” үүднээс завсарлага авч буйгаа тайлбарлав. Харин АН-ын бүлгийг төлөөлөн УИХ-ын дэд дарга Г.Батхүү үг хэлж, мөн завсарлага авч байгаагаа дуулгалаа. АН-ын бүлэг “Ашигт малтмалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэх гэсэн хоёрдахь асуудлаар чуулганаас завсарлага авч байгаа аж.
Ингэснээр УИХ-ын С.Эрдэнийн тангараг өргөх ёслол энэ долоо хоногт болохооргүй боллоо.