Ц.Элбэгдорж: Улс орондоо хууль шударга ёс тогтоох ажлыг шүүх эрх мэдлийн шинэтгэлээс эхлэе
2009.10.01

Ц.Элбэгдорж: Улс орондоо хууль шударга ёс тогтоох ажлыг шүүх эрх мэдлийн шинэтгэлээс эхлэе

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Улсын Их Хурлын намрын чуулганы нээлтэд зориулж хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна
 

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ,
Эрхэмсэг хатагтай ноёд оо,

УИХ-ын энэ удаагийн чуулган Монгол түмэн шинэ сонголтоо хийсэн хоёрдох арван жилтэй давхцан үргэлжлэх болж байгаагаараа онцлог юм. Энэ түүхэн хугацаанд Монголчууд шинэ сонголтдоо үнэнч, тууштай байж чадсан. Цаашид ч Монгол түмэн цагийн шалгуурыг давж эх орон, хувь заяа, эрх чөлөөнийхөө жинхэнэ эзэд нь байсаар байх нь дамжиггүй.
Өнгөрсөн өдрүүдэд дэлхийн улс орнууд хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулав. Үүний дотроос дэлхийн уур амьсгалын өөрчлөлт олны хэлэлцүүлгийн төвд байлаа. Монгол улс ч уг хэлэлцүүлэгт идэвхтэй байр суурь баримталж оролцож байна.
Харин хамгийн маргаантай, талцалтай байсан дээрхи асуудлаар дэлхийн улс орны удирдагчид тун ойролцоо байр суурьтай болж чаджээ. Дэлхийн уур амьсгалд өөрчлөлт орсон гэдэг дүгнэлтэд бараг бүгд санал нэгдэж байна. Одоо бол үзэгдэл тойрч маргах цаг биш. Үйлдэл, шийдэл хэрэгтэй. Ерөнхийдөө байдал хяналтаас гарч эхэлж байна. Гэхдээ эрс шийдэмгий арга хэмжээ авч чадвал найдвар бий гэдгийг эрдэмтэн судлаачид ч, улс төрийн хуваагдлыг төлөөлдөг тагтаа, шонхрууд ч санал нэгтэй хэлж байна. Дээрхи нийтлэг үзэгдэл нь амьд байгалийн орших эс оршихтой холбогдон боссон амаргүй сорилт болоод байна.
Манай орны хувьд байдал ямар байгааг Та бид өөрсдөө сайн мэднэ. Газар нутгийн маань дийлэнх хувьд цөлжилтийн аюул нүүрлэсэн. Сүүлийн 10 гаруй жилийн дотор манай гол нуур, булаг шанд, нойтон усархаг газрын 30 хувь нь ширгэж хатсан. Монголд халалт, цаг уурын өөрчлөлт дэлхийн дунджаас хамаагүй илүү хурдтай өрнөж байгаа нь нууц биш болсон.
-Цаг уурын эрс тэс өөрчлөлтийн давтамж ойртож, учруулах хөнөөл нь улам бүр нэмэгдэх болно. Энд хамгийн хүндээр өртөх орны нэг бол яах аргагүй танай улс гэж Нобелийн шагналт Гор сануулж байна. Үнэхээр ч энэ зун л гэхэд сүүлийн 20 жил үзэгдээгүй усан хуй зарим газар бууж, хэдхэн хоногийн өмнө халуун намраар цас шуурлаа.

Цаг уурын дээрхи өөрчлөлт хүний нөлөөгөөр үүдсэн. Нэгэнт хүний нөлөөгөөр үүдсэн юм бол бас хүний нөлөөгөөр, хүний оролцоотойгоор байдлыг засаж болно. Энэ чиглэлд бид алхам хийх цаг болсон. Наад зах нь миний бие "аюултай юм болох гэж байхад урьдчилж хэлж сануулахгүй яав даа" гэж хойч үедээ зэмлүүлэхгүйн тулд сая хичээлийн жилийн нээлтээр энэ сэдвээр хүүхдүүдэд ярилаа. Одоо улс орныхоо хамгийн дээд шийдвэр гаргагчдад хандаж албан ёсоор "цаг уурын өөрчлөлтөд бид анхаарал хандуулахгүй бол болохгүй болжээ" гэж хэлж байгаа нь энэ.

Байдлыг засах боломж бий. Ойлголтоо нэгтгэж, шийдлээ гаргаж, түүнийгээ тууштай хэрэгжүүлэх л хэрэгтэй. Дэлхийн халалтын гол буруутан гэгдэх хөгжингүй орнууд, их хохирогчид болох дорой буурай улсууд, хурдтай хөгжлийн замдаа гарч байгаа улс, бүс нутгууд аль аль нь ирэх 11 дүгээр сарын сүүлээр Копенгагенд цуглаж шийдвэртэй арга хэмжээ авахаар ярьж байна.

Гэхдээ Монгол орны байгаль цаг уурын өөрчлөлтөд Монголчууд бид тэр тусмаа хөгшид хүүхэд, ядуу баян, дарга цэрэг ялгалгүй санаа зовж өдөр тутмын ажил амьдралын хэв маягтаа хүртэл өөрчлөлт оруулахгүй бол байдал дээрдэхгүй нь ойлгомжтой. Энэ чиглэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар би олон улс, бүс нутаг, улс орондоо идэвхтэй санал санаачлага гаргаж ажиллах болно. Дэмжиж, бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ санаачлагатай ажиллахыг уриалж байна.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Миний хөтөлбөр 2 тулгууртай. "Байгаль-хүн", "Хүн-байгаль" гэсэн. Мэдээж бидний үйл ажиллагааны үр дүнд ард түмний маань амьжиргаа, амьдрах орчин сайжирч улс орны маань өрсөлдөх чадвар дээшилсэн байх учиртай. Иймээс ч би хөтөлбөрийнхөө гол санааг "Иргэн төвтэй бодлого", "Байгальд ээлтэй хөгжил", "Өрсөлдөх чадвартай Монгол" гэж томъёолсон юм.
Мэдээж Монгол хүн, эрх чөлөө, бие даасан байдал, авъяас боломжоороо бусадтай өрсөлдөх чадвартай. Монголын байгаль үзэмж төгөлдөр, онгон дагшин, давтагдашгүй чанараараа өрсөлдөх чадвартай. Монгол хүнд байгалиас заяасан гэмээр онцгой чанарууд бий. Монголын байгальд хүнд л заяамаар тийм амьдлаг шинжүүд бий. Монголын байгаль, хүн хоёр хоёулаа өрсөлдөх чадвартайгаа олон талаар нотолсон. Нотолсоор ч байна.

Харин Монгол төрийн, манай төр засгийн байгууллагуудын өрсөлдөх чадвар ямар байдалтай байна вэ! Манай төр засгийн бодлого үйл ажиллагааг дэлхийн улс орнуудын төр засгийнхтай харьцуулахад бид хаана явна вэ. Бид өөрсдийгөө муутай нь биш сайнтай нь харьцуулж харах хэрэгтэй. Монгол төрийн өрсөлдөх чадвар бол Монгол хүний ажил амьдралтай шууд уялдана. Монгол хүн яаж ажиллаж амьдарч байгаагаар төрийн ажил дүгнэгдэнэ.

Монгол орны байгаль орчны нөхцөлд эрс дордсон өөрчлөлт гарч байгаа төдийгүй манай хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарын зарим үзүүлэлт түгшүүр төрүүлэхүйц хэмжээнд очжээ. ДЭМБ-ын судалгаагаар манай орны хүүхэд залуусын 80 хувь нь бие бялдрын хөгжлийн түвшингээр дэлхийн дунджаас доогуур байгаа нь тогтоогджээ. Хүн амын дундах өвчлөлийн байдал сүүлийн 10 жилд 160 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сэтгэц зан үйлийн эмгэг, оюуны хомсдол гэхэд 10 мянган хүнд ноогдох үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд дунджаар 30 хувь, зарим газар нутагт 50 хүртэл хувь нэмэгджээ. Монголын 5 хүн тутмын 1 нь архинд донтох эмгэгтэй болж ахуйн хүрээний гэмт хэргийн 90 гаруй хувь нь согтуугаар үйлдэгдэж байгаа аж. Архи, архидан согтуурах явдал өнөөдөр зөвхөн айл гэрийн төдийгүй үндэсний эмгэнэлийн түвшинд очоод байна.

Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах орчин, удмын сангийн нөхцөл байдалд өргөн хүрээтэй судалгаа явуулж шаардлагатай бодлого, үйл ажиллагааг дэс дараатай авч хэрэгжүүлэх хэрэгтэй болсон байна. Монгол хүний аюулгүй байдал бол Монгол улсын аюулгүй байдалтай бүх талаар холбоотой. Иймээс ч үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэ орчин нөхцөлд нийцүүлэн бүхэлд нь шинэчлэх, түүний дагуу яаралтай арга хэмжээ авах ажлыг Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Улсын Их хурлын гишүүд, ард иргэдээ!

Гаднаасаа эзлэгдэж биш дотроосоо идэгдэж ялзарсан төрийн тухай би нэг бус удаа дурьдаж байсан. Авлигал, хүнд суртал Монгол улсад байгаа эсэх тухай Монголд хэн ч маргахаа байж. Энэ байдал улам ужгирч даамжирч байгааг, хамрах хүрээ нь өргөсч, учруулах хохирол нь нэмэгдэж байгааг дээр доороо бүгд хүлээн зөвшөөрцгөөж байна. Улс төрд, бидний амьдарч байгаа нийгэмд халалт, бухимдал нүүрлэжээ. Иймээс эрхэм түшээд минь шийдвэрээ гаргацгаая, ажиллацгаая.

Улс орондоо хууль шударга ёс тогтоох ажлыг шүүх эрх мэдлийн шинэтгэлээс эхлэе. Энэ шинэтгэл өргөн хүрээг хамарна. Хэрэг маргаан үүсгэх, бүртгэхээс эхлээд шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэлх тогтолцоо, тэдгээрийн эрх зүйн үндэс, хэрэглэдэг хууль журамд нь хүртэл үндсэн өөрчлөлт оруулах шаардлага байна. Энэ тухай эрдэмтэн мэргэд, энэ салбарынхан ч ярьж байна. Ийм өөрчлөлт хийхийг олон нийт ч шаардаж байна. Мэдээж энэ өөрчлөлтийг бид бүгдээрээ нийлж байж хийнэ. Дээд түвшиндээ УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гурвын бодлого, үйл ажиллагааны уялдаа улам чухал болно.
Монголын төр сайн нэртэй, эрхэм ёс суртахуунтай байхыг та бид бүгд хүсэж байгаа. Ард түмнийхээ итгэл дэмжлэгийг хүлээж ажиллахыг хүсдэггүй улс төрийн болон төрийн албан тушаалтан гэж үгүй. Тэр итгэл дэмжлэг та бид хэр шударга ажиллахаас, хэр тэр шударга ёсыг нийгэмд тогтоож чадахаас хамаарна. Тэр итгэл дэмжлэг нийт улс төрчдөд шударга ёстой л цуг ирнэ. Шударга ёс тогтоох нь аль нэг талын сонгуулийн амлалт төдий зүйл биш. Та биднийг итгэж сонгосон сонгогч олны шаардлага. Та бидний эрх ашгийг нь хамгаалж, гүйцэлдүүлж, үйлчлэх ёстой ард түмний маань чин хүсэл, эрмэлзэл. Ерөөс өнөөдөр манай орны бодлого тодорхойлогчдын хийх ёстой нэн чухал ажлын нэг.
Мэдээж, аливаа шинэчлэл хүнгүй бол үхдэг. Хууль тэгш хэрэгждэггүй газар шударга ёс төгсдөг. Нэг нь дэмжиж, нөгөө нь эсэргүүцдэг, нэг нь хамгаалж, нөгөө нь шаарддаг хялбар улс төр энд хэрэггүй. Нэгнийх нь ивээл өвөрт хоргодож, нийлж амь гарах гэж оролддог зарим албан тушаалтны увайгүй арга ч цаашид явуургүй.
Монголд шударга ёс тогтоох боломж байгааг энэ зааланд суугаа хүн бүр харж байгаа. Харагдаад байгаа боломжийг ажил хэрэг болгож чадахгүй байгааг л муу улс төр, муу бодлого, төрийн муу ажил гэж нэрлээд байгаа юм. Гаргачих шийдвэрийг гаргахгүй, баталчих хуулийг батлахгүй, өөрчилчих хариуцлагагүй албан тушаалтныг өөрчлөхгүй байгаа нь л аливаа төрийн, аливаа шийдвэр гаргачдын сул доройг харуулдаг. Бидний шийдлээс ард түмэн л хожих ёстой, ард түмэн л баяртай байх ёстой. Шийдэл нь харагдаад байхад шийдвэр гаргаж чадахгүй бол төр, эрх мэдэл гэж байгаад яах вэ? Ойр зууртаа ажлаад, ядраад, хэлэлцэж хэрэлдээд, алтан цагаа бараад байдаг. Гэтэл ард иргэд маань ядуураад бухимдаад, төр засгаа зүхээд байвал ямар ч бодлого, гэгээн эрмэлзлэл, санал санаачлага үнэгүй болно. Үүнийг л бүгдээрээ ойлгоцгооё.
Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлье гэвэл шүүхийн тухай хууль тогтолцоог улам боловсронгуй болгох ёстой. Удирдлага, боловсон хүчний хувьд шинэчлэл хийх ёстой. Өөрөө хүсээгүй, шүүхээр шийтгүүлээгүй гэдэг бол хариуцлагагүй албан тушаалтны, дураараа авирлагчийн, ёс зүйгүй этгээдийн алтан аргамжаа биш. Харин хуулийг хэлбэрэлт үгүй хэрэгжүүлж, ёс зүйтэй, шударга, хоёргүй сэтгэлээр зүтгэхийн баталгаа. Хэрэв энэ баталгаагаа зөрчвөл тэр даруй тухайн батламжийн хугацаа дуусаж байх ёстой. Ийм байдлаар батламжийнхаа хугацааг дуусгачихсан хүмүүс энэ салбарт байсаар байгааг олон нийт ярьсаар харсаар байна.
Манай улсын Ерөнхий прокурор, орлогчид нь хяналт тавих газрынхаа барьцаанд орчихсон, өөрийнх нь хэлснээр ажлаа хийж чадахгүй, тийм бололцоогүй байгаа бол тэднийг чөлөөлөх хэрэгтэй. Шүүх Монголд шударга ёсыг бүрэн хангаж хэрэгжүүлж чадахгүй байна гэж нийтээрээ дүгнэж байгаа нь үнэн бол шүүхийн өнөөгийн удирдлага өөрчлөгдөх ёстой. Авлигалтай тэмцэх газар авлигалтай тэмцэх үндсэн үүргээ биелүүлж чадахгүй бол, авлигын мөн чанар руу нэвтэрч чадахгүй, том гарын олигархуудын ивээл дарамтад байгаа бол, бүр тэр бүү хэл Авлигатай тэмцэх газар, Авлигатай тэнцэх газар болж яваа бол энэ газрын удирдлагатай хариуцлага тооцох л учиртай.
Шударга ёс гудамжинд, шударга бус байдал албан өрөөнд заларч байж болохгүй. Шударга үг хэлсэн хүн нүд үзүүрлэгдэж байна. Даргаасаа шударга ёс шаардсан жирийн ажилчин ажилгүй хоолгүй болж байна. Байгууллага дотроо ч, байгууллагын гадна ч хүмүүс шударга ёсыг шаардахаас нэлэнхүйдээ айдаг болсон байна. Шударга ч бай, шударга бус ч бай жирийн ажилчин, иргэний дээр даргын тушаал далайгаастай байдаг, харин нийгэмд шударга ёс сахиулах үүрэгтэй атлаа, тэр үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа албан тушаалтан хуулийн заалтаас хадаастай тайван амгалан, хэнэггүй суудаг байдал газар авчээ.
Төрийн дээд түвшинд шаардлагатай шийдвэрийг гаргаж чаддаг л байх ёстой. Тэр шаардлага ард түмний нийтлэг эрх ашгаар, хөгжил дэвшлийн эрх ашгаар, шударга ёсны эрх ашгаар нөхцөлдөж байх ёстой. Тийм шийдвэрийг шаардлагатай үед УИХ гаргаж чадна гэдэгт би итгэж байна.
Энэ зун болсон үерийн уршгаар олон айл өрх хагацал өнчрөл үзсэн. Өнчин хоцорсон 6 настай хүүхдийн тухай төвийн хэвлэлд бичсэн байсан. Тэр хүүхдийг 16-н нас хүрэхэд Монгол төрийн аль нэг тэргүүн миний өмнө ярьсан зүйлүүдийг бас яриад зогсож байх ёсгүй гэж би бодож байна. Тэр хүүхдийг гуйлга гуйлгаж гудамжинд гүйлгэж болохгүй. Тэр хүүхдийн ирээдүй, сайн сайхан ажиллаж, нэр төртэй амьдрах боломжийг алба тушаалтай хэсэг нь булаагаад авчихсан байж таарахгүй. Энэ муу хандлагууд сайн тал руугаа өөрчлөгдсөн байх ёстой. Энд байгаа хүн бүхэн итгэдэг ирээдүйтэй, хүүхэдтэй, зарим нь ачтай зээтэй. Алийн болгон та бид хариуцлагагүй байдлыг ярьж хариуцлагагүй байдлыг үргэлжлүүлсээр байх юм вэ!
Авлигал, ядуурал, албаны хоосон ярианаас ард түмэн уйдаж байна. Шударга бус байдлаас олон нийт залхаж байна. Би ч гэсэн Их хурлын чуулганы нээлт бүр дээр үг хэлээд, энэ бүхний тухай яриад байхыг хүсэхгүй байна. Шаардлагатай үед, шаардлагатай сэдвээр энэ зааланд ярих л болно. Нэг зүйл хэлэхэд хууль, УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлын талаар Ерөнхийлөгч тодорхой санал санаачлага гаргавал түүнийг хэрхэн хэлэлцэж шийдвэрлэх тухай зохицуулалт нэг мөр болж чадаагүй байна. Энэ чиглэлээр удахгүй УИХ-д асуудал оруулна. Дэмжиж хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье.
Дахин хэлэхэд амьдралынхаа зорилго-ирээдүйнхээ төлөө, итгэж сонгосон ард түмнийхээ төлөө шаардлагатай шийдвэрийг тухайн цаг үед нь гаргая. Хүмүүсдээ ажилтай, мэргэжилтэй болоход нь тусалъя. Өөрийнхөөрөө амьдрахад, амьдрал ахуйгаа аваад явчих ажил, аж ахуй эрхлэхэд нь дэмжье. Алийн болгон үнийн өсөлт, хүнд суртлын дарамтан дор олон түмнийг зовоох вэ! Монгол хүнд одоо төрийн дарамт, хяналт биш төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Чирэгдэлгүй үйлчилдэг төр, шүүх хэрэгтэй байна.
Эрхэм гишүүдээ,
Дэлхийг хамарсан хямрал боллоо. Монгол эндээс хос алдагдалтай гарч байна. Төсвийн алдагдал, худалдааны алдагдал. Сүйхээтэй улс орнууд хямралыг боломж болгож ашиглаж байна. Манайд иргэдээ дэмжсэн төсөв мөнгөний ухаалаг бодлого ус агаар шиг үгүйлэгдсээр байна. Монголд босож цэцэглэж байсан барилгын салбар хямралын нэрээр зогсож хүнд байдалд орох биш, харин зөв хөрсөндөө бууж, шударга эрэлт нийлүүлэлтээр улам хөгжиж урагшлах байсан. Гэтэл Монгол банкны удирдлагын урагшгүй бодлого, шийдвэр гаргач та бидний шийдмэг, санаачлагагүй, олон тийш харсан олон толгойноос болж дээрхи ажил олигтой явсангүй. Ингэж хямралаас хожих нэг том боломжийг алдаж байна. Ойрын өдрүүдэд УИХ үндсэн хөрөнгөөр барьцаалсан зээлийн хуулийг хурдан гаргах хэрэгтэй. Бие даасан улсын хувьд эрх зүй, мөнгө санхүүгийн эрх чадамжаа ашиглаж, шийдвэр гаргаж эрчимтэй ажиллах хэрэгтэй. Зарим нь хямрал дууслаа, эсвэл дараагийн шат энэ тэр гэж ярьж байх хооронд ажилгүй, орлогогүй болсон манай олон иргэд, олон мянган айл өрхийн хувьд, тэдний амьдралд хямрал дуусаагүй үргэлжилсээр л байгааг бүгдээрээ анхаарах ёстой.
Хямрал гэж ярьж эхэлж байхад л бид үндэсний үйлдвэр, аж ахуй эрхлэгчдэдээ хямд эх үүсвэртэй зээл олоод ирэх, ажил үйлчилгээ үйлдвэрийнх нь баталгааг гаргаад өгчихсөн бол бүгдээрээ л хожих байсан. Монгол Монголоо дэмжиж байж л ийм хямрал, хүнд байдлаас гарна. Даяаршиж байгаа ертөнцөд монгол монголоо дэмжиж байж л өрсөлдөөн дунд тэсэж үлдэнэ, бас хожиж гарна. Бид бусдаас, гаднаас дэмжлэг хүсэх биш бие биенээсээ дэмжлэг хүсэх, хайх хэрэгтэй байна. Жаахан дэмжээд өгөхөд Монгол хүн амжилт гаргаж байна. Энэ дэмжлэг төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаагаар илрэх ёстой. Бид бусадтай өрсөлдөж зах зээл, орон зайгаа олно, бас хөгжинө. Монгол монголоо дэмжье гэж төр засагтаа ч, нийт иргэддээ ч хандаж энэ хүндтэй индрээс уриалж байна.
Хамгийн их дэмжлэг үгүйлэгдэж байгаа бас хамгийн их боломжийг хотондоо хураасан хүмүүс бол өнөөдөр Монголын малчид болчихоод байна. Малын тоо яг одоогийн байдлаар барагцаалахад 50 сая давчихаад байна. Бид дотооддоо хүнсэнд хэрэглээд, хэрэглээд 8-9 сая мал хэрэглэдэг. Манай бэлчээрийн даац өнтэй цагт үсрээд 30 сая толгойгоос илүүг дийлэхгүй. Одоо бэлчээрийн талхлалт, цөлжилт, хуурайшилт, халалт, ган зуд нэмэгдээд бүр ч багасаж байна. Өнөөдөр л гэхэд нас гүйцсэн, нядалгаанд бэлэн 15-17 сая ирэг, сэрх малчдын хотонд байна. Мал өсөөд байдаг. Бүтээгдэхүүнийг нь борлуулах худалдан авагч нь олддоггүй. Мал мах тойрсон асуудал бүслэлтэд байгаа юм шиг л хүнд байна.
Бид маш хурдан мал эмнэлгийн талаар яаралтай арга хэмжээ авч, мал аж ахуйн гаралтай түүхий эддээ чанартай, эцсийн боловсруулалт хийж гадагш борлуулах зах зээл олох хэрэгтэй байна. Ялангуяа мах махан бүтээгдэхүүний хувьд. Мал мах нь, бүтээгдэхүүн нь борлоод ирвэл Монголд бараг бүх хүн хожно. Үйлдвэрүүд босно. Хүмүүс ажилтай болно. Оюутан, хот хүрээ бараадагсад орлоготой болно. Худалдаа, наймаачдын бараа борлоно. Газар сайгүй ажил амьдрал өрнөнө. Одоо энэ салбарт төрийн оролцоо, бодлого санаачлага, тодорхой үйлдэл шийдэл хэрэгтэй. Мал нь өсөөд байгаа атлаа ирдэг үр ашиг нь улам унаад байна. Тэр тусмаа манай малчин өрхүүд толгой дараалан шахам зээлтэй. Хүү төлбөр нь нэхэгдээд хүнд байна. Бүгдээрээ энэ чиглэлд яаралтай шийдвэр гаргаж хамтарч ажиллацгаая. Баялаг нь байгаа цагт боломж олдоно шүү дээ. Дээр нь сануулахад манай нийслэлийнхний ажил амьдралын байдал ч хүнд байна. Ер нь хөдөө хотгүй байгаа суугаа иргэдэд нь боломж, эрх олгож байж л асуудал шийдэгдэнэ.
Манай тариаланчид хэдий хүндрэл учирсан ч гайгүй ургац авах нь. Атрын III аяны өгөөж арвин байна. Удахгүй Монгол улс дотоодын хэрэгцээгээ үр тариа, хүнсний ногоогоор хангах боломж харагдаж байна. Одоо тариаланчдынхаа хөдөлмөрийн үр шим, бүтээгдэхүүнийх нь худалдаа борлуулалт, хадгалалт хамгаалалтад онцгой анхаарч шаардлагатай шийдвэр туслалцааг үзүүлэх хэрэгтэй. Ноднингийн хадгалсан буудайны дийлэнх нь одоо болтол зарагдаагүй ялзарч муудсан сураг байна. Сайн бодлого, сайн шийдвэр муу гараар орж байх бий, зохих газрууд нь хараа хяналтаа тавиарай.
Иргэдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарахгүй бол болохгүй нь гэдгийг бид бүгд ойлгож байгаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн түлхүүр бол даатгалын тогтолцоонд байгаа. Хөгжлийн өндөр эрэмбэд хүрсэн улс орнуудын засаг захиргааны тэргүүн зэргийн шийдвэрлэх асуудал хүртэл иргэдийнх нь эрүүл мэндийн үйлчилгээ болж хувирсныг нүдтэй чихтэй болгон харж сонсож мэдэж байгаа. Нийтийн эрүүл мэндийг сайжруулахад нийтийн биеийн тамир, уралдаан тэмцээн, эрүүл чийрэг амьдрахын төлөө хөдөлгөөн, санал санаачлага чухал үүрэгтэй. Энэ чиглэлд хийх ажлыг дэс дараатай, төр, олон нийтийн бодит дэмжлэгээр гүйцэлдүүлж болно гэж бодож байна.
Монголын ирээдүйг тодорхойлох, дорвитой шинчлэл үгүйлэгдэж байгаа салбар бол яах аргагүй боловсролын салбар. Ялангуяа дээд боловсрол, коллежийн түвшинд оюутны тэтгэлгийн асуудал, санхүүжилтийг зөв, ирээдүйтэй хэлбэрээр шийдэх нь энэ салбарын хөгжлийн чухал нэг түлхүүр нь. Нөгөө талаар оуютны сургалтын төлбөр бол манай иргэд, айл өрхийн орлого зарлагад бодитой нөлөө үзүүлдэг хүчин зүйл байсаар байгаа юм. Энэ чиглэлээр өргөн хэлэлцүүлэг явуулж, олон талын судалгаа хийж сургамж туршлага үзэж ултай суурьтай ажиллах болно. Ямар ч болов энэ асуудлыг ойрын жилд эрх зүй, санхүүжилтийн хувьд нь тодорхой болгохыг зорьж байна. Боловсрол бүх шатандаа нийгмийн амин чухал салбаруудын адил шударга ёсны үлгэр дууриал, ардчилсан хэм хэмжээний загвар байх учиртай.
Ийм байдлаар олон асуудлын шийдлийн тухай энд ярьж болно. Хэдхэн жилийн өмнөхтэй өнөөгийн дэлхий ертөнцийн байдлыг харьцуулахад өмнө нь асуудал үүсэхээр шийдэл нь хаана байгааг, яаж тэр асуудлыг шийдэх тухай эрэл хайгуул их хийдэг байсан. Харин өнөө үед бол технологи, мэдээллийн хөгжил, даяаршилын ачаар асуудал нь ч, шийдэл нь ч хэн хүнд тодорхой, ил, хүртээмжтэй байх болжээ. Ганцхан тэр шийдлийг хийх эр зориг, эрэл хайгуул, хэлцэл зохицол дутагдалтай байна.
Монгол хүн бизнесээ сайн хийе гэвэл тэр төрлийн дэлхийн шилдэг бизнесүүдийн шалгуурыг л аваад хэрэглэчих. Шилдэг сургууль болъё гэвэл дэлхийн шилдэг сургуулиудыг шалгаруулдаг үзүүлэлтийг хангахын төлөө ажилла. Шилдэг оюутан эсвэл багш, хуульч, эмч болъё гэвэл тэр чиглэлээрээ дэлхийн шилдгүүдийн жишиг үзүүлэлтэд хүрэх зорилт тавь. Шилдэг байгууллага, хамт олон болъё гэвэл тэр чиглэлийн шилдэг байгууллагын дүрэм журам, стандарт шаардлагыг л аваад хэрэгжүүлчих.
Дэлхийд шилдэг эдийн засаг, шилдэг улсын шалгуур хүртэл байна. Авлигатай үр дүнтэй тэмцье гэвэл Монгол Улс НҮБ-ын нэгдэж орсон Авлигын эсрэг конвенцийн шаардлагад эхлээд хууль тогтоомжоо нийцүүлье. Өмчийн болон гэрээний эрхийн бие даасан сайн хуультай болчихвол манай бизнес эрхлэх орчны индекс сайжрахаар байна. Шүүх эрх мэдлийн байгууллага шударга ажилладаг болчихвол нийгмээрээ манай улсын эзлэх байр маш огцом урагшлахаар байна. Эрүүл мэнд, боловсролынхоо салбарт зоримог шинэчлэл хийвэл манай дүн сайжрахаар байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлдэг захиргаа, хүнд суртлынхаа зардлыг дорвитой хасаж орон нутаг болон иргэд, бизнесийн үүсгэл санаачлагад эрх мэдэл шилжүүлбэл манай төр засгийн төв байгууллагын ачаа хөнгөрч, чиг үүрэг нь тодорхой болж, улсын нийтлэг хөгжилд дорвитой ахиц дэвшил гарахаар байна. Ер нь цаашдаа аль шатанд хэн ямар татвар төлнө, хаана ямар баялаг хуримтлагдана тэндээсээ иргэн хүн тохирсон үйлчилгээгээ авдаг тогтолцоонд шилжих хэрэгтэй. Тухайлбал төсөв, татварын орлого зарлагын хувиарлалтын талаар Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой загварчилсан санал гаргана. Дэмжиж хамтарч хэрэгжүүлэхийг хүсэж байна.
Эрхэм нөхдөө, ард түмээн,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш миний баримталж байгаа зарчим бол улс орны нийтлэг эрх ашгийн зарчим юм. Ерөнхийлөгчийг Үндэсний эв нэгдлийн билэгдэл гэдэг. Үндэсний эв нэгдэл бол нийтлэг эрх ашгаар илэрдэг. Тэр нийтлэг эрх ашгийн хэрэгжилт нь шударга ёсыг шаарддаг. Иймээс ч нийтээрээ амжилтад хүрэх тийм нөхцөлийг л бүрдүүлэхийн төлөө ажиллах нь Ерөнхийлөгчийн гол үүрэг гэж үзэж байна.
"Нэг хүн арав алхаснаас, арван хүн нэг алхсан нь дээр" гэсэн үг байдаг. Удирдагч нь цойлж жирийснээс, улсаараа урагш нэг алхсан нь дээр. Бид нийлж болох эрх ашигтаа нэгдэж хичнээн хэцүү ч байсан ард түмнийхээ сайн сайхан, тусын тулд нийтлэг шинжтэй шийдвэр гаргах бүрд л Монгол улс урагш алхаад л байх болно. Ардчилсан тогтолцоонд шийдвэр гаргах явц төвөгтэй удаан байдаг. Гэхдээ тэвчээртэй, тууштай байж чадвал тэр гарсан шийдвэрийн амьдрах чадвар нь урт, өгөөж нь нийтлэг байдаг. Учир нь шийдвэр гаргах явцад аль болох олон хүн, эрх ашиг оролцох боломж байдаг.
Оюу Толгой ордын талаар Монгол улс хариуцлагатай, чухал шийдвэр гаргах гэж олон жил хэлэлцлээ. Одоо ч гэсэн шүүмжлэх юм, сэтгэл хангалуун биш байдал энд байж л байгаа. Гэхдээ ярилцаж хэлэлцсээр байгаад хууль ёсны сонгогдсон төр засаг нь шийдвэрээ гаргалаа. Энэ танхимд суугаа УИХ-ын гишүүд энэ шийдвэр гаргахад чухал хувь нэмэр оруулсан. Үнэхээр манай парламент Монголын ард түмний эрх ашгийн дээд төлөөлөл гэдгийг харуулсан. Өмнөх Их Хурлын бүрэлдэхүүн ч чамгүй ярьсан. Үе үеийн Засгийн газрууд ч чадах чинээгээрээ ажилласан. Иргэд, олон нийт ч хэлэх үгээ хэлж, шаардахаа шаардаж үнэлж баршгүй тус дэм үзүүлсэн.
Удахгүй ямар ч жишгээр томд тооцогдох хөрөнгө оруулалтын үүд хаалгыг манай улс нээх гэж байна. Энэ бол бидний л өнөөдрийн түвшинд олж чадсан зөвшил, гаргаж чадсан шийдэл. Цаашаа улам сайжирч төгөлдөржих нь ойлгомжтой. Мэдээж бид алдахгүйг их хичээсэн. Нийгмийн цоо шинэ эрэмбэнд шилжээд манай үеийнхний гаргаж байгаа нийтлэг том шийдлийн нэг бол энэ гэрээ. Эцсийн эцэст бидний сэтгэлийн учиг улс орны маань юугаар ч сольшгүй үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын эрх ашигт очиж зангилагддаг. Би төрийн тэргүүний энэ л эрхэм ашгийг эрхэмлэхийг хичээсэн. Оюу
Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ шийдэгдсэнээр Монгол улс халуун ам бүлээрээ, нийтээрээ урагш нэг алхсан гэж би бодож байна. Та нөхдөд, нийт ард түмэндээ баяр хүргэе.
Улс орон баялагтай байх сайхан. Түүнийгээ ашиглах нь зөв. Харин тэр орж ирэх орлогыг яаж зарцуулах вэ гэдэг, магадгүй хамгийн хүнд байж болох асуудлын өмнө, та бид тулж ирлээ. Бид бүгдэд ард түмэндээ амласан амлалт байгаа. Амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Бас нөгөө талд нь "баялагийн хараал" гэдэг олон улс орон, ард түмэнд хүрсээр байгаа хүсэшгүй үр дүнг яах вэ! Тунгалаг биш, шударга биш, бас хариуцлага муутай төрийн албатай оронд уул уурхайгаас орж ирэх орлого бол улс орны хөгжлийг өөд татах биш уруу татах хүчин зүйл болдог. Хууль нь ижил тэгш хэрэгждэггүй, шударга биш нийгэмд их мөнгө их л гай тарьдаг. Цөөн нь дэлхий даахгүй баяжиж, олон нь дэлхий хатууртал ядуурдаг.
Дэлхийд зарим сайн жор байна, олон муу сургамж байна. Уг нь бид энэ тухай багагүй ярьсан. Хамгийн гол нь баялагтаа эзэн байх эрхийг жинхэнэ утгаар, бүр хуулийн, шууд туйлын утгаар нь иргэддээ олгоё гэж бас ярилцсан. Тэгвэл иргэд маань баялагтаа хяналт тавина. Зарцуулалт нь шударга, нээлттэй болно. Бодоцгооё.
Уул уурхайн баялгаас орж ирэх орлогыг эргээд уул уурхайд зарж болохгүй гэсэн ойлголт байдаг. Эдийн засгийн, хөгжлийн өөр салбарт зарвал өгөөжөө илүүтэй өгдөг гэдэг. Мэдээж иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд зарцуулах ёстой. Дэд бүтэц, технологийн дэвшил, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарах ёстой. Бас улс орондоо ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхийн тулд хөрөнгө зарах учиртай. Иргэдээ эрх мэдэлжүүлэхэд, шүүхээ шударга болгоход нэг үгээр хэлбэл ардчилсан орон ардчилалдаа, хүндээ заавал хөрөнгө оурулалт хийж байх учиртай.
Бид хэдэн жил ярьж байж нэг том асуудал шийдлээ. Цаашдаа олон жилийн, олон үеийнхний амьдрал хувь заяанд хамаатай чухал шийдлээ ойрын үед гаргахаас аргагүй болно. Алсыг харж, их ухаантай бас тэвчээртэй асуудалд хандахыг хүсье.
Их Хурлын эрхэм гишүүдээ, эрхэм нөхөд өө,
Би түрүүн 6 настай өнчин хүүхдийн ирээдүйн хувь заяаны тухай нэг сануулсан. Тэр хүүхэд 10 жилийн дараа хэн болж өсөх вэ, 20 жилийн хойно ямаршуухан ажил амьдралтай явах бол гэдэг нь ойрын жилүүдэд Монголын төрийн бодлого тодорхойлогчдоос их хамаарна. Тэр хүүхэдтэй адил гэгээн хүсэл тэмүүлэлээр жигүүрлэсэн олон мянган 6-н настнууд энэ жил 9 дүгээр сарын 1-нд сургуульдаа орцгоосон. Тэд цаашдаа дэлхий ертөнцийг, түмэн бодисыг таньж мэднэ. Бас Монголынхоо түүхийг судална.
Та бидний их өвөг дээдэс маань ямар гайхамшигтай түүх бүтээж, төр улс байгуулж явсныг хүн бүр мэднэ. Дэлхий мэднэ. Тэд дэлхийн шинэ дэг журмыг бүтээж бүтээлцэж явсан. Гэхдээ тэдний хамгийн гол нэг бүтээл бол Монгол үндэстний аугаа их нэр төр юм. Их Монгол Улс их нэр төртэй улс байсан. Их Монгол гүрэн хуультай гүрэн байсан. Хууль нь ялгамжгүй тэгш хэрэгждэг, төрийн шударга тогтолцоотой байсан.
Их Монгол улс хүний сүсэг бишрэл, оюун санааны олон талт эрх чөлөөг дэмждэг байсан. Бүтээн туурвигчид бүр чөлөөт худалдаа, аж ахуй эрхлэгчдийг тусгайлан дэмждэг байсан. Шинэ технологи, шинэ нээлтийг дэмжиж, мэдээлэл шуудангийн түргэн тархалтыг их гүрэндээ эхлэн байгуулж хөгжүүлж чадсан. Өвөг дээдсийн маань бүтээсэн олон гайхамшиг бий. Та бүхэн нэрлэ.
Тэр үед Монгол гүрэн сайн нэрийг олж чадсан гүрэн байсан. Монгол үндэстэн сайн нэртэй байсан. Бидний өвөг дээдэс нэр цэвэр байхыг бүгд л эрхэмлэдэг байсан. "Нэр хугарахаар яс хугар" гэсэн зарчим ясанд нь шингэсэн хүмүүс байсан. Их Монгол улсын иргэд хулгай хийдэггүй, худал хэлдэггүй байсан гэж түүх сударт бичсэн нь бий. Их Монгол Улсын иргэн байгалиа хайрладаг, үндэсний соёл, ёс заншлаа дээдэлдэг, ахас ихсийн үгийг чандлан дагадаг байж. Айл гэрийнх нь ариун цэвэрчийг, ажилч хичээнгүйг холын аянчид хүртэл гайхсан байдаг. Та бидний өвөг дээдэс ийм нэр төртэй хүмүүс байж их гүрэн улсыг байгуулж чадсан.
Би өнөөдөр, өмнөхийг ургуулан бодож эрхэм төрийн түшээддээ, нийт ард иргэддээ үндэснийхээ нэр төрөө дээдэлье, улсаа сайн, улам сайн нэртэй улс болгоё гэж уриалах гэсэн юм. Бидэнд улам сайн нэртэй улс болох бүх боломж байна. Одоогоос хоёр арваны өмнө Монгол түмний эрх чөлөнийхөө төлөө хийсэн түүхэн сонголт бол тийм сайн нэрийг олж авах үндсэн нөхцөл нь юм.
Эрх чөлөөтэй хүмүүст л эрх чөлөөний боломжийг ашиглан гайхамшгийг, өөрийн түүхийг бүтээх боломж байдаг. Эрх чөлөөтэй хүн л эн тэнцүү боломжийг, шударга ёсыг төрөөсөө шаарддаг. Эрх чөлөөтэй иргэд л эргээд өөрийнхөө үйлдэлд эзэн байж хариуцлага хүлээдэг. Эрх чөлөөнд л Эх орноо эзний ёсоор хайрлах, олдож байгаа боломжийг ашиглах, орон зай хангалттай байдаг. Эрх чөлөө эргээд эх оронч үзлийн бодит хөрс нь болдог. Эх оронч үзлийн агуулга нь сайн нэр юм. Бүгдээрээ улс үндсээрээ сайн нэртэй болох эх оронч үзлийг дэмжье.
Монголд шударга ёс тогтвол Монгол үндэсний нэр төр дээшилнэ. Монголын шүүх нь шударга, хууль нь хэрэгждэг, төр нь тунгалаг гэж дэлхийгээр нэг яривал манай улс үндэсний сайн нэр төртэй орон болно. Сайн боловсрол эзэмшье гэвэл Монгол, сайн эмнэлэгт эмчлүүлье гэвэл Монгол, шинэ юм бүтээе хийе гэвэл Монгол, сайхан амьдаръя гэвэл Монгол. Ингэж яригддаг, хэлэгддэг орныг бүтээхэд, Монгол орноо ийм болгоход хугацаа хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ ийм орныг бүтээх ажлыг эхлүүлэх, хийх түүхэн үүрэг, ачаа бол өнөөгийн биднийх, өөр хэнийх ч биш. Бид л хичээх хэрэгтэй.
Монголын сайн нэрийг манай урлагийнхан, спортынхон дэлхийд гаргаж байна. Монгол залуу Нью Йорк хотын театрт сонгодог балет бүжиглэж, Монгол охин Италид дуурь дуулж байна. Монголын тамирчин жүдо бөхийн олон орны их өрсөлдөөн дундаас дэлхийн аваргаас түүхэндээ анхны алтан медаль авлаа. Сонирхогчдын боксоос бас анхны алтан медаль хүртлээ. Монгол бүсгүй чөлөөтөөр дэлхийн дэвжээнд хүч сорьж мөнгөн медаль зүүлээ. Эдгээр гайхамшигт амжилт, содон түүх Монгол хэмжүүрээр бол адуугаа хайгаад олоод ирэхийн хооронд л саяхан болоод өнгөрлөө.
Бас үнэхээр бахархууштай үйлс бүтээж, бас Монголын нэрийг дэлхийд сайнаар гаргаж байгаа манай иргэд бол манай улсын энхийг сахиулагчид юм. Найман зууны тэртээ мандаж явсан монгол цэргийн эр зориг, ур чадвар, авъяас билгийн үргэлжлэл болж Монголын энхийн сахиулагчид олон оронд дайн, хямралын үед энхийн үүргээ өндөр нэр төртэй гүйцэтгэж байна. Тэд бол үнэхээр шинэ цагийн баатрууд. Мөн олон улс оронд Монголчууд ажиллаж амьдарч, суралцаж бүтээж байна. Тэд ар гэрээ, төрөл төрөгсөдөө санхүүгийн хувьд дэмжээд зогсохгүй, улсынхаа хөгжил дэвшилд шинэ эрч хүч өгч, шинэ мэдлэг боломжийг эх орондоо авч ирж байна. Бахархам үйлс бүтээж байгаа бүх иргэддээ энэ хүндтэй танхимаас бүгдээрээ баяр хүргэе. Мөн хүнд хэцүү цагт биднийг байнга тусалж, дэмжиж байгаа улс орон, олон улсын байгууллагуудад талархал илэрхийлье.
Түрүүчийн миний хэлсэн бахархал бүхэн Монголын ирээдүй, Монголын маргааш сайхан байхыг илтгэж байна. Энэ бүхэн дээр Монголын давтагдашгүй соёл уламжлал, зан заншил түүхийг нэм. Бас ахмадаа ачилсан, залуусаа дэмжсэн бодлогыг нэм. Монгол хүний, Монгол байгалийн давтагдашгүй чанарыг нэм. Бас хатууд хатуу, зөөлөнд зөөлөн Монгол төрийн бодлогын ухааныг нэм. Мөн онц байдал тогтоосон үед ч гэсэн зөрчиж үл болох хүний эрх, үнэт зүйлс гэж байдгийг үргэлж сана. Төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хяналтыг нэм. Улс үндэснийхээ сайн нэр төрд харшлах шийдвэр бүү гарга. Тийм шийдвэр гарсан бол хурдан зас.
Ингэж чадвал Монгол улс үндэсний сайн нэртэй орон болж чадна. Тэр сайн нэрийг улам сайжруулах нөхцөл бүрдэнэ. Манай хүүхдүүд хойч үеийнхэн сайхан Эх орноороо бахархаж, сайхан түүх уншиж, бас сайхан түүхийг үргэлжлүүлэн бүтээгчид болно. Төгсгөлд нь: төрийн бүх шатны албан хаагчдад иргэн, байгаль хоёроо эн тэнцүү бодож, шударга ажиллаарай гэж дахин захъя.
Миний Монгол Мөнх оршиг.
Баярлалаа. Та бүхэнд.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.