Д.Дэмбэрэл: Оюутолгойн ордыг ашиглах нь Монгол Улсын хөгжлийн хурдыг түргэтгэнэ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн өнөөдөр нээлтээ хийсэн ээлжит бус чуулган дээр хэлсэн үг.
Эрхэм Ерөнхийлөгч өө, Эрхэм Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!
Монгол Улс ашигт малтмалын арвин нөөц бүхий стратегийн томоохон ордуудыг ашиглах талаар ихээхэн хүч чармайлт гаргаж байгаа билээ. “Оюутолгойн” ордыг ашиглах тухай хэдийгээр зургаан жил ярьж байгаа ч хөрөнгө оруулалтын гэрээг энэ оны 2 дугаар сараас Улсын Их Хурал хэлэлцэж эхэлсэн юм. Уг гэрээг хэлэлцэх явцад УИХ байр сууриа тодорхойлсон тогтоол батлаж, гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт олгосон. Засгийн газар хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээний үеэр эрх зүйн хувьд зохицуулах зарим асуудал байна гэж үзэж “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай”, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Усны тухай болон Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Дурдсан төслүүд нь зөвхөн Оюу толгойн орд төдийгүй ашигт малтмалын бусад орд газруудыг ашиглахтай холбоотой эрх зүйн орчныг улам сайжруулахад чиглэж байна.
Урьдчилсан үнэлгээгээр бол Оюутолгой 44 сая тонн зэс, 1800 тонн алтны баялаг бүхий, 100-аад жил ашиглах боломжтой орд юм. Оюутолгойн зэс алтны уурхайг бүрэн хүчин чадлаар ажиллах үед манай улсын эдийн засаг үлэмж өсөх боломж бүрдэх болно. УИХ улс орныхоо байгалийн баялгийг зохистой, үр ашигтай ашиглах бодлогыг чанд баримтлаж байгаа бөгөөд энэ үүднээс та бид “долоо хэмжиж нэг огтол” гэдэг зарчмын үүднээс Оюутолгойн гэрээнд хандаж ирлээ. Оюутолгойн гэрээг байгуулах нь Монгол Улсын хөгжлийн хурдыг түргэтгэх, цаг хожих, дараагийн томоохон ордуудыг ашиглах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтойг бид сайн ойлгож байгаа. Таван толгойн нүүрсний ордыг ч аж ахуйн эргэлтэд оруулах асуудлыг түргэтгэх шаардлагатай байна. Ийнхүү нөхцөл байдлын улмаас УИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулганаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Эрхэм гишүүд ээ
Монгол Улсын Үндэсний статистикийн газрын эхний хагас жилийн мэдээнээс үзэхэд инфляци, үнийн өсөлт буурсан, мал сүрэг өсч, энэ намар арвин ургац хураах боломж бүрдэж байгаа, зэсийн үнэ өссөн зэрэг нааштай үзүүлэлтүүд харагдаж байна. Гэлээ гэхдээ манай орны өнөөгийн амьдралд нэн тулгамдсан, бэрхшээлтэй асуудал цөөнгүй байна. Стратегийн ордыг ашиглах асуудалд хамаг хүч анхаарлаа төвлөрүүлэн түүртэж, нийгэм эдийн засгийн бусад асуудлуудыг орхигдуулж болохгүй нь мэдээж. Эдийн засаг эхний хагас жилд 1,3 хувиар буурсан, банкны өр зээл төлөгдөхгүй, чанаргүй зээл нэмэгдсэн, эдийн засгийн зарим салбар уналттай, санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. Шатахууны үнэ өсч, бодит эдийн засаг мэдэгдэхүйц сэргэж чадахгүй байна.
Улсын Их Хурал өнгөрсөн хавар ээлжит бус чуулганаар санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөө баталж, төсвийн тодотгол хийж, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудтай санхүүгийн байдлыг тогтворжуулах хөтөлбөртэй ажиллах боломжийг Засгийн газар, Монголбанкинд бүрдүүлж өгсөн. Эдгээр төлөвлөгөө, хөтөлбөрийн биелэлтийн байдлыг бид энэ удаагийн ээлжит бус чуулганаар бүхэлд нь нарийвчлан нягталдаггүй юм гэхэд тодорхой мэдээлэл сонсож дүгнэлт хийх шаардлага байна.
Мөнгөний бодлогын хэрэгжилт, банкны салбарын төлөв байдал хийгээд төсвийн бүрдүүлэлтийн явцын талаар санал солилцож, авах арга хэмжээг тодорхой болгон зохих чиглэл гаргах нь зүйтэй байна. Арилжааны банкуудын зээлийн багцад үнэлгээ хийж, бодит байдлыг тодотгох, банкны салбарыг зөвхөн өнөөдрийн санхүүгийн хүндрэлийг даван туулах төдийгүй цаашдын эдийн засгийн өсөлтийг дэмжих хэмжээнд хүргэн өөрчлөн сайжруулах зорилтыг тодорхойлох хэрэгтэй болж байна. Иймээс ээлжит бус чуулганаар Засгийн газар, Монголбанкнаас эдийн засаг, санхүүгийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсохоор төлөвлөөд байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээснийг мэдэгдье.