Хуулийн төслүүдийг өргөн барьж, ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтээ тавина
Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил нилээд ургаштай явна. Засгийн газраас хэлэлцээрийн үр дүн, түүнтэй холбоотойгоор өөрчлөлт оруулах холбогдох хуулийн төслүүдийг уржигдар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан. ҮАБЗ аль алийг нь дэмжсэн аж. Тиймээс өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаанаараа асуудлыг хоёр дахиа хэлэлцэв.
“Рио Тинто”, “Айвенхоу майнз” компанийн удирдлагатай хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ахалж, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс, баялаг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар бүрэлдэхүүнд нь нэмэгдэж орсон юм.
Засгийн газрын хуралдааны дараа Ажлын хэсгийнхэн сэтгүүлчдэд гэрээний төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
-Хөрөнгө оруулалтын хэлэлцээ нилээдгүй олон хоног үргэлжиллээ. Ямар ахиц гарсан бэ?
-57 дугаар тогтоолоор Оюутолгойн орд дахь төрийн эзэмшлийг 34 хувьд хүргэх, төслийн бүх заалтыг хуульд нийцүүлэх, цаашид эзэмшлийн хувийг 50 хувьд хүргэхийн тулд хуульд өөрчлөлт оруулах замаар тохиролцох гурван чиглэл өгсөн. Бид уг тогтоолоо биелүүлэх, нөгөө тал 2007, 2009 оны гуравдугаар сард өргөн барьсан төслийн дагуу эдийн засгийн өгөөж хүртэх хувийг өөрчлөхгүй гэсэн байр сууринаас хандсан. Хэлэлцээрийн үр дүнд Монголын тал 34 хувийг авахаар тохирч, бүх зүйл заалтыг хуульд нийцүүллээ. Мөн хуулийн дагуу хөрөнгө оруулагч талд татварын болон бусад хөнгөлөлт үзүүлэхгүй болсон. Хөрөнгө оруулагчдын харилцан хамааралтай эдгээд, туслан гүйцэтгэгчийг ч татварын тогтвортой орчинд ажиллуулахгүй гэж тохирсон.
Төслийн анхны хөрөнгө оруулалт таван тэрбум доллар байсныг дөрвөн тэрбум доллар болгож буурууллаа. Техник, эдийн засгийн үндэслэлийг нь өнгөрсөн сарын 1-нд ЭБЭХЯ-нд өгсний дагуу бид тооцоо хийгээд дээрх хэмжээнд болгож бууруулсан. Бас энгийн хувьцааны буюу манай талаас санхүүжүүлэх 1.7 тэрбум долларыг 816 сая доллар болгож, хоёр дахин багасгасан. Энгийн хувьцааны санхүүжилт 60 хувиас хэтэрч болохгүй гэсэн хязгаарлалт оруулж үүнийг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хүлээх эрсдэлийг хоёр дахин бууруулж чадлаа. Түүнчлэн санхжүүжилтийн эхний гурван жилийн хугацаанд манай талын оролцоог хязгаарласан байсан. Үүнийг өөрчилж, анхнаасаа өөрийнхөө талд ногдох санхүүжилт босгох бүрэн эрхтэй болж байна. Хэрэв бид ингэж босгож чадахгүй бол хамтарна. Бүх үйл ажиллагаанд Монголын тал хамтарч оролцохоор тусгасан.
57 дугаар тогтоолыг батлахаас өмнө НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулж, 268 сая долларын нэмэлт эх үүсвэр Засгийн газрын үр өгөөж дээр нэмэгдсэн. Гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулснаар долоон жилийн хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлснийг цуцалсан. Ингэснээр 90 сая доллар нэмэлт орлого манай Засгийн газарт төвлөрнө. Нийт 385 сая долларын нэмэлт эх үүсвэрийг манай талд бий болгож байгаа юм. Энэ нь хэлэлцээрийн үед нэлээд асуудал үүсгэсэн л дээ. Нэг талдаа давамгай байдал бий болж байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулагчид эдийн засгийн тодорхой тэнцвэр олгох хүсэлт тавьсан. Үүнийх нь хариуд стратегийн орд газруудыг тэргүүлэх ач холбогдолтой салбарт оруулж болох юм гэж ярилцаж байгаа.
-Урьдчилгаа төлбөрийг хэрхэн зохицуулахаар болсон бэ. Маш өндөр хүүтэй байна гэсэн шүүмжлэл дагасан шүү дээ.
-125 сая долларын урьдчилгаа төлбөрийг дунджаар долоон хувийн хүүтэйгээр авахаар ярьж байсан. Харин одоо урьдчилгаа төлбөрийг 250 сая доллар болгоод хүүг нь таван хувь болгож буурууллаа.
2009 оны гуравдугаар сард эхэлсэн хэлэлцээрийн манай талд ашигтай байсан бүх заалтыг хэвээр үлдээсэн. Одоогоор манай төслийн тооцоогоор гуравдугаар сартай харьцуулахад 5.3 тэрбум буюу 58 хуь байсан үр өгөөж таван тэрбум 40.7 сая төгрөг болж 59 хувь болон нэмэгдсэн. Жил болгон нийлүүлж авдаг мөнгө нь 28 тэрбум 841.6 сая доллар байсан бол 29 тэрбум 084.6 сая доллар болсон.
-Гэрээний төсөлтэй холбогдуулж хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа гэсэн. Ямар хуулиудад, ямар өөрчлөлт оруулах юм бэ?
-Бүх заалтыг хуульд нийцүүлж, ямар ч татварын хөнгөлөлтгүй болгохоор зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Ашигт малтмалын, Усны, Авто замын, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэ нь зөвхөн Оюутолгойтой биш, Монголд цаашид уул уурхайн салбарыг хөгжүүлэх, стратегийн орд газруудыг ашиглахтай холбогдож байгаа юм. Зэс, алтны үйлдвэрлэлтэй холбоотой. 68 хувийн татварыг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс цуцлахаар болсон. Уул уурхайн хөгжилд чухал ач холбогдолтой. 68 хувийн татвар Монгол Улсад өгөх зүйлээ өгсөн, одоо эргэж харахаас аргагүй нөхцөл үүссэн байна. 2006 онд баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар алдагдлыг ирээдүйд тооцож, шилжүүлэх зохицуулалт хийсэн. Үүний дагуу одоо алдагдлыг хоёр жилээр хойшлуулж, 50 хувиар хөнгөлдөг. Уул уурхай хөгжсөн бүх оронд шилжүүлэх хугацааг 7-10 жилээр тооцож, 100 хувь хөнгөлсөн байдаг. Тэгэхээр бид гадны хөрөнгө оруулалтыг илүү татахын тулд хөнгөлөлттэй, сайн нөхцөл санал болгох учиртай. Тиймээс алдагдлыг шилжүүлэх хугацааг найман жил, хувийг 100 болгож өөрчлөхөөр төсөл боловсрууллаа. Энэ талаар олон улсын байгууллагаас бидэнд зөвлөмж өгсөн. Тэд бүх татварыг судалж үзээд алдагдлыг ирээдүйд шилжүүлэх хугацааг 7-10 жил болгох боломжтой гэсэн.
Авто замын тухай хуулийн тухайд цаашид уул уурхайн орд газрыг ашиглахад шаардлагатай зохицуулалт хийсэн. Авто замын тухай хуулиар бүх замыг улсын төсвөөр барьдаг. Үүнд “бусад эх үүсвэрээр барьж болно” гэж нэмснээр гадны хөрөнгө оруулагчид тухайн замыг өөрийн хөрөнгөөр барих боломжтой болох юм. Ашигт малтмалын бүх томоохон орд гадаргын усны нөөц багатай хэсэгт оршдог. Хөрөнгө оруулагчид гүний усны нөөцийг тогтоох хайгуул хийж байна. Уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ус чухал. Бас ойрхон оршдог ордууд усны нөөцөөс болж маргах хандлага бий. Үүнээс урдчилан сэргийлсэн зохицуулалтыг Усны тухай хуульд оруулж байгаа юм. Хэрэв хангалттай усны нөөц байвал илрүүлсэн компанид нь л лицензийг олгоно. Түүнээс давсан нөхцөлд Усны хэрэг эрхлэх газраас тодорхой усны нөөцийг дараагийн компанид хэрэглүүлнэ. Ингэхдээ тухайн усны нөөц илрүүлэхэд гаргасан, бас хэрэглэх гэж буй усандаа тохирсон анхны хөрөнгө оруулалтын зардлыг шинээр орж буй компани төлөх тухай заалт орууллаа. Усны тухай хуулиар зохицуулаагүй байсан харилцааг үүгээр зохицуулж өгсөн.
-Хуулийн төслүүдийг хэзээ өргөн барих вэ?
-Маргааш төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьж, ээлжит бус чуулган хуралдуулж өгөөч гэсэн хүсэлтээ тавих болно.