Д.Ганхуяг: Монгол Улс хэлэлцээний ширээнээ өөрийн гэсэн тооцоо, судалгаагүй сууж байна
УИХ ын гишүүн Д.Ганхуягтай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярилцсан юм.
- Гишүүд амраад ордон эл хуль байна. Та ямар ажил амжуулж, юу хийж амарч байна вэ?
-Ээждээ очоод ирлээ. Энэ үеэр Г.Өсөхбаяр аваргын өвөө Буур Жамъян аваргын 110 насны ой тохиож, тэнд тав хонолоо. Манай нутагт зуншлага сайхан байна. Харин одоо чуулганы хуралдаанд оруулах зарим нэг хуулийн төсөл дээр ажиллаж эхэлсэн.
-Энэ зуны хамгийн сенсаци сэдэв нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон асуудал байх шив. Та ер нь энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Оюутолгойг хүүхэд багачуудаас авахуулаад мэдэхгүй хүн гэж байхгүй болжээ. Тэр дундаа 34, 50, 68 гэсэн тоог амтай бүхэн хэлж, ярьдаг болсон байна. Хамгийн гол нь гэрээний төслийн техник, эдийн засгийн үндэслэл, нөөцийн хэмжээ тодорхой биш болохоор бидний хувьд гар өргөж, кноп дарахад хэцүү байх юм. Бодит байдал ийм л байна. Ядаж нөөц нь батлагдчихсан, зах зээлд ойролцоогоор борлуулах үнэ нь ойлгомжтой бол өөр хэрэг. Жишээ нь нэг тонн зэсийг баяжуулахад ямар хэмжээний зардал гарахыг тооцсон байх учиртай. Түүнээс 50 орчим хувиар татвар авахад үлдсэн ашгаас нь хөрөнгө оруулагч өөрийн мэдлийн хувийг аваад Монгол Улсын төр эзэмшиж байгаа хувийнхаа хэмжээнд ногдол ашгаа авах гэх мэт асуудлыг ойлгомжтой болгох хэрэгтэй шүү дээ. Төсвийн хүрээний нэгдэлд, төсвийн алдагдал, инфляци гэсэн 10 төрлийн тоо байдаг. Яг түүнтэй адилхан ганц, хоёр хуудас цаасан дээр гэрээний чухал баримт, тоонуудыг гаргаад өрчихмөөр байна л даа. Тэгэхээр ийм тодорхой зүйлүүд байхгүй учраас ийм, тийм гэж хэлэхэд үнэхээр хэцүү байна. Уг нь өмнө байгуулж байсан гэрээ буюу "Бороо гоулд", "Цайрт Минерал", "Гашуун Сухайт" ын хэлэлцээний үр дүн өнөөдөр ямар хэмжээнд хүрээд байна вэ. Энэ бүхнээс яагаад жишээ авч чадахгүй байгаа. Хэдэн ширхэг өгүүлбэр дээр гарын үсэг зураад л болоо. Тэр хуудас цаасан дээр юу байгаа нь бүү мэд. Үнэхээр ойлгомжгүй юман дээр гар өргөхөд хэцүү юм.
-Та ойлгомжгүй асуудал олон байна гэж хэллээ. Уг нь Засгийн газар гэрээний төслийг чуулган хуралдах үед та бүхэнд тараасан. Тухайлбал, хоёр тал нөөцийн хувь хэмжээг тогтоосон гэж УИХ аар танилцуулж байсан?
-Оюутолгойн гэрээний төслийг анх 2007 онд УИХ д оруулж ирсэн. Тэгэхэд зэсийн нөөцийг 32 сая тонн, алтыг 1200 тонн гэж тогтоосон байсан. Тэгснээ өнгөрөгч оны сүүлээр гэрээг дахин оруулж ирэхдээ зэсийн нөөцийг 28 сая, алтыг 868 сая тонн болгоод бууруулчихсан байх жишээтэй. Тухайн үед бид яамны холбогдох хүмүүсээс "Нөөцийн хэмжээ яагаад гэнэт ингэж их буурав. Хэн хааш нь аваад явчихсан юм бэ" гэхэд "Үгүй ээ, тэгэхэд нөөцөө өгөөгүй байсан юм" гэж бүдэг бадаг хариулт хэлээд өнгөрсөн. Хамгийн гол нь одоо тогтоогдоод байгаа нөөцөө тодорхой болгохгүй бол хэдэн жилийн дараа дахиад хэдэн тонн хасагдахыг хэн ч мэдэхгүй. Тэгээд ч юуны 34 хувийг эзэмшиж, ямар татвар авах гээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй зүйл болоод байна. Ер нь ямар ч тооцоо, үндэслэлгүй хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэж юу байх вэ дээ, тийм биз.
-УИХ аас гаргасан чигийн дагуу хоёр тал хэлэлцээний ширээнээ бараг хоёр долоо хоног орчим хэлэлцэж, ярилцлаа. Гэхдээ хөрөнгө оруулагч тал гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа сурагтай?
-68 хувийн татвар гэдэг нь өндөр босго. Гэхдээ үүнд хоёр том бодлого барьж байгаа. Тодруулбал, зэс хайлуулах үйлдвэртэй болчихвол энэ татварыг авахгүй гэж тооцоолсон. Өөрөөр хэлбэл, зэс үйлдвэрлэсэн тохиолдолд шүү дээ. Мөн зэсийн ханш дэлхийн зах зээлд өсөхөд "Эрдэнэт" ээс бараг хоёр тэрбум ам.доллар авчихсан гэж байгаа. Тэгэхээр "Эрдэнэт" ийн хөрөнгө оруулагч тал ОХУ юм. Манай орон тус улстай ах, дүүсийн хэмжээнд түншийн харилцаатай байдаг. Ийм байхад нэгнээс нь өндөр татвар аваад нөгөөг нь зүгээр явуулаад байх нь хаашаа ч юм бэ. Нөгөөтэйгүүр, зардал өсгөх далд уурхай буюу зэсийн босго үнийг 3600 ам.доллар гэж байхаар 4600 болгочихвол яасан юм. "Эрдэнэт" үйлдвэр нэг тонн зэс үйлдвэрлэхдээ 3600 орчим ам.долларын зардал гаргадаг. Харин Оюутолгой 2200 орчим ам.доллар зарцуулна гэсэн тооцоотой байгаа. Тэгэхээр өмнө нь зэсийн үнэ дэлхийн зах зээлд 1600 2200 ам.долларын ханштай байхад энэ тооцоог гаргасан. Тиймээс бас л харьцангуй байгаа биз. Тэгснээс 68 хувиа бага зэрэг өөрчлөөд нөөцийн албан татвартаа анхаарч болох шүү дээ. Үүгээр би юу хэлэх гээд байна гэвэл улс орнуудыг хооронд нь татварын орон зайгаар ялгаж болохгүй байх. Бас нэг зүйлийг онцлон хэлэхэд, УИХ шийдвэр гаргаж, Засгийн газар нөгөөхийг нь хөрөнгө оруулагч талтай болсон, болоогүй очиж ярих юм. Өөрөөр хэлбэл, дайн болж байхад зэвсэгтэй, зэвсэггүй хоёр улсыг хооронд нь байлдуулвал хэн ялах нь тодорхой. Яг л үүнтэй адилхан Монгол Улс хэлэлцээний ширээний ард өөрийн гэсэн тооцоогүй сууж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг бол бизнес. Тэгэхээр бизнес гэдэг нь нэг ам.доллар, 50 центэн дээр хүртэл яриа үүсгэдэг. Тиймээс өөрийн гэсэн зэвсэггүй улс чинь хүний аманд орох нь амархан байдаг юм.
Миний бодлоор, хамгийн гол нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зүйлүүдийг хоёрхон хуудсанд багтаагаад хэн ч харахад тодорхой болгоод оруулаад ирээсэй. Тэгвэл гишүүд харж, хянахад ч амар ард түмэн ч Засгийн газрын юу хийж байгаад үнэлэлт, дүгнэлт өгнө шүү дээ.
-Таны бодлоор гэрээний асуудалд юу дутаж байна вэ. Магадгүй энэ салбарт нарийн мэргэжлийн хүмүүс цөөн, эсвэл Засгийн газарт туршлага дутаж байна уу?
-Хөрөнгө оруулагч талууд нэг нь өөрийн гэсэн тооцоо, судалгаатай байхад нөгөөх нь гар хоосон байгаа нь утгагүй асуудал. Тэгээд ч дэлхийн хэмжээний бизнес төлөвлөгөөгөөр мэргэшсэн "Айвенхоу Майнз", "Рио Тинто" д тооцоо, судалгаа хийж өгч байгаа хүмүүсийн доод тал нь 200 мянган ам.долларын цалинтай ажиллаж байгаа. Тиймээс эдгээр мэргэжилтэн гэрээний бүх тооцоо, судалгааг толгойдоо А Я хүртэл яг таг цээжилсэн нь тодорхой. Харин харилцагчаа яаж мэдрэх вэ гэсэн асуудалд анхаарал тавьж ажиллаж байгаа болов уу. Тэгэхээр манай улс дэлхийд нэртэй томоохон зөвлөх компанийг аваад, өөрсдийн эрдэмтэн, мэргэдийг оролцуулж тооцоо, судалгаа хийвэл одоогийн яригдаж байгаа гэрээнээс хамаагүй дээр, ядаж л бодит тоо гаргах болно.