Ц.Даваасүрэн: “Рио Тинто” Оюутолгойг орхихгүй гэдэгт огт эргэлзэхгүй байна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-УИХ Оюутолгойн орд газрыг хамтран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд тусгагдсан татварын хөнгөлөлтийн асуудлыг Засгийн газарт буцааж, тогтоолоор дамжуулан тодорхой хүрээнд гэрээ байгуулах эрхийг гүйцэтгэх засаглалд шилжүүллээ. Та хэлэлцүүлгийн үеэр тогтоолыг дэмжиж байсны хувьд тогтоолын ач холбогдлыг тодорхойлохгүй юу?
-Тогтоол батлагдсан нь зөв алхам. Гэрээний төсөлд учир дутагдалтай зүйлүүд бий учраас тэр л дээ. Тухайлбал, татварын хөнгөлөлтийн асуудал. Жилд 20 сая тонн хүдэр олборлон боловсруулж байх үед нийт 17 тэрбум ам.долларыг зөвхөн гэнэтийн ашгийн татвараар хөнгөлөхөөр байгаа. 2020 оноос хойш буюу 50 сая тонн хүдэр олборлож эхлэхэд энэ төрлийн татварын хөнгөлөлт нь 40 тэрбум ам.долларт хүрчихэж юм. 40-өөд тэрбум ам.долларын хөнгөлөлт үзүүлнэ гэдэг чинь Монгол Улсын 50 орчим жилд авах ёстой 19 тэрбум ам.доллараас ч хамаагүй их байгаа биз.
Нэгдүгээрт, энэ нь эргэлзээ их төрүүлсэн. Хоёрдугаарт, тооцооноос харахад тухайн компанийн нөөцийн төлбөр жилд 13 сая ам.доллар гэж байхад компанийн удирдлага захиргааны зардал 33 сая ам.доллар гэж байна. Тухайн компанийн нөөцийн төлбөртөө төлөх мөнгө нь удирдлага захиргааны зардлаас бага байна гэдэг байж болохгүй зүйл шүү дээ. Энэ мэтээр учир дутагдалтай зүйлс байгаа учраас нийгмийн баялаг иргэдэд ашигтай байх хувилбарыг сонгохын тулд тогтоол гаргасан байх гэж бодож байна. Ер нь иргэд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс ихэвчлэн манай эзэмших хувь 50 байх өстой гэж хэлээд байна шүү дээ. Энэ нь ч тогтоолд туссан. Ингээд л татвараар хөнгөлөөд дээрээс нь 34 хувиа худалдаж авна гэхээр асуудалтай байна. Татварын хөнгөлөлт. үзүүлж байгаа бол монголын талын хувийг түүндээ тооцох ёстой. Жишээ нь, 20 сая тонн хүдэр гаргахад 17 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлэхээс хоёр тэрбумаар нь манай 34 хувийг тооц гэж болно шүү дээ. Ингээд бодохоор энэ гэрээ зохистой төвшинд хийгдсэнгүй. Энэ том төслийг алдаатай шийдчихвэл дараа дараагийн стратегийн төслүүд ашиггүй хувилбар луу шилжих эрсдэлтэй.
-Нэг талаас тогтоолд тусгагдсан чиглэлүүдээс болж хэлэлцээр удааширч, гацах нь гэсэн болгоомжлол төрж байгаа. Засгийн газарт чухам ямар эрх үүссэн юм бэ?
-Засгийн газарт ийм хүрээнд гэрээ байгуулбал болно гэсэн эрхийг өгчихлөө. Ашигт малтмалын тухай хуулийн 29.1.1-д хөрөнгө оруулалтын гэрээг ямар хүрээнд хийх тухай заасан. Хуульд зааснаар татварын ямар ч хөнгөлөлт байхгүй. Татварын тогтвортой орчинг л бүрдүүлж өгөх тухай заасан байдаг. Тогтвортой орчин гэдэг чинь одоо байгаа татваруудаас өөр татвар ирээдүйд бий болоход тухайн компанид хамаарахгүй гэсэн үг. Энэ хүрээнд хийхээс биш стратегийн хөрөнгө оруулагч орж ирлээ гээд хуульд байхгүй татварын хөнгөлөлт үзүүлээд, хууль давсан юм шаардахад нь хүлээж аваад, УИХ чиглэл өгөөд байхад үл хайхарна гэдэг ирээдүйд ямар хөрөнгө оруулагчтай харилцаж байна вэ гэдэг талаас нь болгоомжлоход хүргэж байгаа юм.
-Гэхдээ сүүлийн төсөл дэмжигдэхгүй бол хөрөнгө оруулагч тал хэлэлцээрээ үргэлжлүүлэх эсэх нь
эргэлзээтэй болно гээд байгаа шүү дээ?
-Ингэхэд яагаад хэлэлцээр гацаанд орно, тэр компани гараад явчихна гэж гадаадын компанийн өмнөөс монголчуудын нэг хэсэг нь санаа зовоод байгаа юм бэ. Дэлхийд “Рио Тинто”-гоос өөр уул уурхайн өчнөөн компани бий. Томоохон хөрөнгө оруулах хэмжээний улсууд ч байна. Яагаад Европ, Япон, Солонгостой харилцаж болохгүй гэж. Зөвхөн “Рио Тинто”-г харах хэрэггүй. “Рио Тинто”-г гарч явахгүй гэдэгт огт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл, тэд цооног хийж, байгууламж босгоод өчнөөн хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн. Ажлын хэсгийн нөхдүүд хэлэлцээр амжилттай хийхэд л анхаарахаас бус УИХ дээр тэдний төлөө хэлэлцээр хийж болохгүй шүү дээ.
-Үүний зэрэгцээ энэ төслөөс авах манай талын ашиг 55-77 хувьтай гэдгийг Засгийн газрын зүгээс онцолж байгаа шүү дээ. Энэ анхаарал татах тоо биш гэж үү?
-3000 ажлын байр гэдэг өчүүхэн зүйл. Мөн дэд бүтэц, бусад бүтээн байгуулалтын асуудал бий л дээ. Ийм хэмжээний ашиг авна гэж яриад байгаа нь тооцоон дээрээс харагдахгүй байна. Бид үүнд л эргэлзээд байгаа юм. Засгийн газар холбогдох тооцоо, судалгаагаа ард түмэнд муу таниулж байна. Үнэхээр ашигтай бол ашигтай гэдгээ харуулах хэрэгтэй. Яриа нэг өөр, тооцоо нэг өөр. Гэхдээ тооцоог яаж ч хийж болно. Тийм учраас мэргэжлийн, өндөр төвшний шинжээчдээр хийлгэсэн тооцоог нээлттэй байлгах ёстой. Тэр компани техник, эдийн засгийн үндэслэлээ ч бүрэн өгөөгүй байгаа. Нөөцийн төлбөр нь захиргаа удирдлагын зардлаас бага гээд оруулаад ирснийг яах ёстой гэж. Баялгийн эзэн нь байж тэр компанийн зардлаас бага баялаг хүртэнэ гэх нь байж болохгүй зүйл шүү дээ. Манайхан нөөцийн төлбөрөө тавхан хувиар тавиад байгаа юм. Бусад орны нөөцийн төлбөрийг харахад баялгийн эзэн гэдэг утгаараа 20-иос дээш хувиар л авч байна.
-34 хувийг хуульчилсан байдагтай адил нөөцийн төлбөрийн хувь хэмжээг хуулиар тогтоож болдоггүй юм уу?
-Ер нь Ашигт малтмалын тухай хууль бол сайтар өөрчилж, засварлахаар хууль. 30 жил эргэж харахааргүй заалт ч бий. Тийм учраас хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жилийг “30 хүртэл жил байж болно” гэсэн заалт бүхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн барьсан. Мөн хуульд ашиглалтын лиценз эзэмшигч ордыг эзэмшинэ гэж байгаа юм. Бүр эзэмших нь байна шүү дээ. Энэ мэтээр нөөцийн төлбөрийн хувь хэмжээг орд болон ямар баялгаас нь шалтгаалж, харилцан адилгүй тогтоох маягаар нэмэлт, өөрчлөлт хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хөрөнгө оруулагчдын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Татварын хөнгөлөлтүүд дотроос 68 хувийн татварт уян хатан хандах хэрэгтэй гэдэгтэй Та санал нийлэх үү?
-Ашигт малтмалын хуулиар татварын ямар нэг хөнгөлөлт байхгүй тухай түрүүн хэлсэн. Ер нь гэнэтийн ашгийн татвар ганцхан Монголд байдаг гэвэл худлаа. Жишээ нь, зэсийн гол нийлүүлэгч орон Чили тодорхой үнэ тавьж, түүнээс дээш давсан бүх орлогыг тогтворжилтын сандаа төвлөрүүлдэг. Баялгийг ард түмэнтэйгээ хуваалцъя л гэвэл 68 хувийн татвар байх л ёстой. Эсвэл гэнэтийн ашгийн татвар байхгүй гэвэл баялгийн нөөцийн төлбөрийг өндөр тавих хэрэгтэй. Нөөцийн төлбөр, гэнэтийн ашгийн татварыг холбож хутгаж ярих тал ажиглагдаж байгаа.
-Гэнэтийн ашгийн татвараас гадна уул уурхайн салбарынханд нэмүү өртгийн татварын буцаан олголтыг өгөхөөргүй болчихлоо. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Баялаг дээр буцаан олголт шаардлагагүй. Асар их мөнгийг буцаагаад авчихдаг байхгүй юу. “Алтан дорнод Монгол”, “Бороо гоулд”-ын буцаан олголт хэдэн тэрбумаар яригдаж байна шүү дээ.
-Эцэст нь хаврын чуулган хаалтаа хийлээ. Ээлжит чуулганы үр дүнгийн тухайд Таны бодлыг сонирхвол?
-Энэ чуулганаар үр дүнтэй хуулиуд хэлэлцсэн үү гэвэл хэлэлцсэн. Миний хувьд боломжийн ажилласан гэж бодож байна. Харин муухан хууль гэвэл пиво сурталчилдаг хуультай болсныг л нэрлэмээр байна даа.