НӨТ-ийн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барив
2009.07.16

НӨТ-ийн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг, Б.Балдан-Очир, Л.Гүндалай, Э.Мөнх-Очир, Д.Оюунхорол, Ц.Сэдванчиг,  Д.Хаянхярваа, Ц.Шинэбаяр, Б.Чойжилсүрэн нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

Нэмэгдсэн өотгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг /0/ хувьтай тэнцүү байна” гэж заасны дагуу уул уурхайн компаниуд экспортод гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийхээ хайгуул хийх, олборлох, боловсруулах зэрэг үе шатуудад хийгдсэн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсын төсвөөс буцаан авч байгаа юм. Судалгаанаас үзэхэд 2005-2008 онд л гэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 90.4 хувь буюу нийтдээ 167.4 тэрбум төгрөгийг зөвхөн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд улсын төсвөөс буцаан авсан байна. Цаашид уул уурхайн салбарын үйл ажиллагаа улам өргөжиж, томоохон ордууд ашиглалтад орж эхэлснээр улсын төсвөөс олгох нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт ихээхэн нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан нэр бүхий гишүүд экспортод гаргасан уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх заалтыг хуульд нэмэх, түүнчлэн буцаан олгох нэмэгдсэн өртгийн албан татвар нь тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхээргүй байна гэсэн хувь хэмжээг 15 болгож өөрчлөхөөр хуулийн төсөл боловсруулжээ.
Мөн УИХ-ын гишүүн З.Энхболд, Р.Амаржаргал нар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа энэ өдөр УИХ-ын даргад өргөн барив.

Сүүлийн үед явагдсан УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар нэг сонгогч нэг сонгуульд хэд хэдэн удаа саналаа өгсөн, түүнчлэн сонгуульд оролцох боломжгүй буюу нас барсан, санал хураах үеэр эх орондоо байгаагүй сонгогч болон өндөр настан, хүнд өвчтэй хүмүүсийн өмнөөс санал өгсөн тохиолдол гарсан хэдий ч тэдэнд хариуцлага тооцох тодорхой зохицуулалт Эрүүгийн хуульд байхгүй байна. Иймээс сонгуульд нэгээс илүү удаа санал өгсөн, эсвэл ийнхүү санал өгөхийг зохион байгуулсан, дэмжсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх замаар сонгуулийн үеэр гардаг дээрх ноцтой зөрчлийг таслан зогсоох үүднээс нэр бүхий хоёр гишүүн ийм хуулийн төсөл санаачилсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.