Малчин өрхийг орлогын татвараас чөлөөлнө
2009.05.15

Малчин өрхийг орлогын татвараас чөлөөлнө

Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр манай улс 171.1 мянган малчин өрхтэй, нэг өрхийн ам бүлийн тоо дунджаар дөрөв байна.

Нийт малчин өрхийн 70.8 хувь нь мал ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, мал аж ахуйгаас олсон орлого, зарлага нь тэнцдэг бол 9.3 хувийг нь орлогоороо зарлагаа нөхөж чаддаггүй ядуу өрхүүд эзэлдэг нь судалгаагаар тогтоогджээ. Түүнчлэн нийт малчин өрхийн 70 орчим хувь нь арилжааны банкуудад зээлийн өртэй, малын гаралтай түүхий эдийн үнэ буурснаас малчид зээлээ хугацаанд нь төлөхөд хүндрэлтэй байгаа юм.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар малчин өрх, мал бүхий этгээдэд албан татвар ногдуулах орлогыг малын тоог үндэслэн, үхэр, адуу тус бүрийг тав, тэмээг хоёр, ямааг 1.5 хонин толгойд шилжүүлэн тооцож татвар ногдуулдаг. Хуульд зааснаар "малчин өрх" гэдэг ойлголтод хувийнхаа өмчийн малыг байнга маллаж, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдог гэр бүлийг хамааруулдаг аж.

МАХН, АН-ын хамтран ажиллах тухай 2008 оны есдүгээр сарын 12-нд байгуулсан гэрээнд малчдыг мал аж ахуйн орлогын албан татвараас чөлөөлүүлэхээр, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "малчдыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчинг бий болгох"-оор тусгажээ. Иймээс эдийн засаг, санхүүгийн хямралын улмаас малын гаралтай түүхий эдийн үнэ буурсан энэ үед малчин өрхийг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас малчин өрхийг хувь хүний орлогын албан татвараас бүрэн чөлөөлөхөөр хуулийн төсөл боловсруулсныг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Б.Долгор УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа. Харин "мал бүхий этгээд" нь малчин өрхийг бодвол суурин газар амьдарч, хувийнхаа өмчийн малыг байнга малладаггүй, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдоггүй тул тэднийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх шаардлагагүй гэж Засгийн газар үзжээ.

Малын гаралтай түүхий эдийн үнэ буурснаас малчдын орлого хомсдож, амьдрал ахуй нь хүндхэн байгаа тул энэ хуулийн төслийг даруйхан хэлэлцэж шийдэх нь малчдын орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн тустай юм гэдгийг УИХ-ын дарга онцоллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.