Д.Дэмбэрэл: Малчид гурван зүйлийг илүүтэй хүсэж байна
Өчигдөр УИХ-ын нээлтэн дээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн үгэндээ орон нутгийн иргэд, малчдын амьдрал сайнгүй, ядуурал, ган зуд нүүрэлсэн хүнд байдалтай байгааг онцоллоо.
Тэр дундаа малчдад Банкнаас авсан өр зээл ихээхэн дарамт болж байна. Иргэдийн банкнаас авсан жижиг зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 319 тэрбум төгрөг байгаагийн 84 тэрбум төгрөг нь малчдынх гэсэн мэдээ гарч байна. Тиймээс цаашид жижиг зээлийн хугацааг сунгах, хүүг бууруулах, улмаар зээлийг хугацаанд нь төлүүлэх, өрийн сүлжээ үүсгэхгүй байх, иргэд, байгууллагын санхүүгийн чадавхыг дээшлүүлэх тал дээр төр засгийн зүгээс шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна хэмээгээд,
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл малчид гурван зүйлийг л илүүтэй хүсэж гэлээ. Нэгд, хөдөөгийн иргэд ямааны ноолуурыг орлогынхоо гол эх үүсвэр гэж үзэж үнэ ямар байх, гадаадад шууд худалдан борлуулах боломжийг аль болохоор чөлөөтэй болгох, хоёрт, түүхий эдийг илүү шат дамжлага, чирэгдэлгүйгээр бэлтгэн нийлүүлэх ажлыг оновчтой бүтцээр зохион байгуулах, гуравт, малын бэлчээрийг хамгаалах, усжуулах, бололцоотой газар нутагт зориудаар бороо оруулах ажлыг өргөжүүлэхийг санал болгож байхад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ажлын байрыг хадгалан үлдэх, үйл ажиллагаагаа хэвийн түвшинд явуулах, Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангагдах хүсэлттэй байна.