Бага татвартай боловч дуулиан ихтэй асуудлыг хэлэлцэхээр боллоо
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган 52 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Чуулганаар хамгийн эхний хэлэлцэх асуудал бол малчин өрхийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх тухай асуудал буюу "Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн энэ асуудлыг “бага татвартай боловч дуулиан ихтэй асуудал” хэмээн тодорхойлсон юм.
Гишүүдийн олонхи хүн амын орлогын албан татвараас зөвхөн малчин өрхийг бус мал бүхий иргэдийг ч мөн чөлөөлөх хэрэгтэй гэсэн санал гаргаж байлаа. Малчин өрх гэдэг нь хувийн өмчийн малаа байгаа маллаж байдаг, түүнээсээ өрхийн үндсэн орлогоо олдог өрхийг хэлэх бол мал бүхий иргэд гэж хувийн өмчийн малаа байгаа малладаггүй, түүнээсээ өрхийн үндсэн орлогогүй өрхийг хэлэх ажээ. Өөрөөр хэлбэл нь Сумын төв дээр манаач хийдэг, мөн 2 үхрээ хамаатан садан дээрээ байлгадаг бол тэрээр мал бүхий иргэдэд тооцогдох юм байна. Ингэж малчин, мал бүхий иргэн гэж ялгах нь сөрөг үр дагаврыг авчирна гэдгийг олон гишүүд хэлж байлаа. Тухайлбал татвараас чөлөөлөгдөхийн тулд мал бүхий иргэд малчин өрх рүүгээ малаа шилжүүлж эхэлнэ, мөн нэг хотонд байгаа малын нэг хэсгээс нь татвар авч, нөгөө хэсгээс нь авахгүй байх нь утгагүй хэмээн үзэж байлаа.
Ингэж малчдыг татвараас чөлөөлснөөр орон нутгийн төсвөөс 2.6 тэрбум төгрөг танагдах юм. Тиймээс энэ мөнгийг яаж нөхөх вэ?, орон нутагт энэ маш хүнд байдлыг үүсгэнэ тиймээс татвараас чөлөөлөх эрх мэдлийг нь орон нутагт нь өгвөл яасан м бэ гэсэн саналыг нилээд гишүүд тавьж байлаа.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа, санал хурааж 65,2 хувь дэмжсэнээр хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Одоо Ерөнхийлөгчийн санаачлсан боловсруулсан “Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэж байна.