2009.06.10

Д.Ганхуяг: Одоогийн хуулийн хүрээнд гэрээ байгуулбал алдагдал хүлээнэ

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг санаачилжээ. Тэрбээр, ашигт малтмалын одоогийн хуулиар Оюутолгойн ордоос Монголын талд ногдох 34 хүртэл хувь гэсэн заалтыг бага хэмээн "чамлаж" байгаа аж. Байнгын хороогоор төслийг хэлэлцэж эхлэх гэж байна. Түүнтэй ярилцлаа.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Ашигт малтмалын одоогийн хуулийн хүрээнд хийх нь Монголын талд ашиггүй гэж үзэж байгаа юм байна. Яг юуг нь залруулах хэрэгтэй вэ?

-2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд төрийн өмчлөл, оролцоотой холбоотой ойлгомжгүй, хоёрдмол утгатай хэд хэдэн заалт орсон байдаг юм. Эдгээр нь Монголын талд ашиггүй нь Гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх үед харагдлаа. Хэн ч хайгуул хийсэн төр нь ашигт малтмалынхаа эзэн нь болдог ёс аль ч оронд байдаг. Хувийн хэвшлийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн стратегийн ордод уг компанийн эзэмших хувь, ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээ зэргээс хамаараад хэлбэлздэг нь олон улсын жишиг. Оюутолгойн ордод төр 66-гаас доошгүй хувь эзэмших боломжтой.
Гэтэл ашигт малтмалын тухай хуулийн ойлгомжгүй заалтаас болоод Оюутолгойн ордод төр 34 хүртэл хувь эзэмших болж байна. Ордыг ашиглахад шаардагдах таван тэрбум долларын 34 хувь буюу 1.7 тэрбум долларыг Монголын төр гаргахаар байгаа. Харамсалтай нь манай төрд ийм хэмжээний хөрөнгө байхгүй. 1.7 тэрбумыг 10 хувийн хүүтэй зээлэхэд, зөвхөн хүүнд нь жилд 170 сая доллар төлөх тооцоо бий. Тэгээд үндсэн зээлээ хэзээ ч төлж дуусаа билээ. Одоогийн хуулийн ойлгомжгүй заалтаас болж Монголын тал ийм байдалд орсныг залруулах ёстой гэж үзээд хуулийн төсөл санаачилсан юм.

-Одоогийн хуулиар төр 34 хүртэл хувийг эзэмшихээр байгаа. Үүнийг бага байна, эргэж харъя гэсэн санаагаар асуудалд хандаж байна гэж ойлгох уу?

-Эхний ээлжинд төр татвараа авах бололцоо бүрдүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчийн хувьд гаргасан зардлаа богино хугацаанд хэд дахин нөхөж авах сонирхолтой нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр олон улсын жишиг, эдийн засгийн тооцоонд суурилсан хэлэлцээр хийж, төр хэдэн хувь эзэмшихээ хуульчлах хэрэгтэй байгаа юм. Энэ нь төр өөрийн оролцоог хэрхэхээ өөрөө шийднэ гэсэн гол агуулгатай.

-Өргөн барьсан төсөл батлагдсанаар стратегийн ордуудаас олох Монголын ашиг нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа юу?

-Нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалтын гэрээ хурдан батлагдах нөхцөл бий болно. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээний амин сүнс нь техник, эдийн засгийн бодитой үндэслэл болдог шүү дээ. Гэтэл Оюутолгойн ордыг ашиглах "Айвенхоу майнз"-ын тооцоо одоо хүртэл тодорхойгүй байна. Хуульд өөрчлөлт оруулсанаар энэ бүх тооцоо улам ил тод болно гэж найдаж байгаа.

ТӨСӨЛ

Одоо мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-р зүйл:

"Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал, төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд, уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно."

Хуулийн энэ хэсгийг өөрчлөхөөр өргөн барьсан төсөл:

"Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын батлагдсан нөөцийг 100 хувь төрийн өмч гэж үзнэ. Ийм ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал, төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд, харин төрийн зүгээс ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уг ордыг ашиглахад шаардагдах хөрөнгийн үүсвэр хомс, эрсдэлтэй, эсхүл хөрөнгө оруулах шаардлагагүй гэж үзвэл, хэдэн ч хувийг уг ордыг ашиглах сонирхолтой хувийн өмчит дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдаас, ордыг ашиглаж эхэлсэн жилээс холбогдох хуульд заасан бүх төрлийн татварыг төлж эхлэх нөхцөлтэйгээр, улсын эдийн засгийн аюулгүй байдал, ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэгт тулгуурлаж хийсэн эдийн засгийн тооцоонд үндэслэж нээлттэй, хязгаарлагдмал тендерийн аргаар шалгаруулж болно" 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.