Д.Ганхуяг: 30 хүртэл жилийн хугацаагаар гэж өөрчилсөн
Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх стратегийн орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал гэдэгт хэн хүнгүй санал нэг байгаа билээ. Одоогийн байдлаар Оюутолгойн гэрээний төсөл "төрхөм"-дөө буцаж Засгийн газар хөрөнгө оруулагч талаас ямар шийд ирэхийг хүлээж буй. Тиймээс гэрээний төсөлтэй холбогдуулж УИХ-ын нэр бүхий гишүүд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн бариад байгаа.
Энэ талаар хууль санаачлагчдын нэг болох УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ямар шаардлага байгаа юм бэ?
-Одоогоор мөрдөгдөж байгаа уг хууль 2006 оны долдугаар сарын 8-ны өдөр батлагдсан. Гэхдээ 1997 онд батлагдсан хуулиас олон талаараа давуу талтай нь үнэн. Гэвч энэ хуулийн ашигт малтмалын өмчлөлтэй холбогдсон хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа юм. Жишээ нь, хайгуулын болон ашиглалтын лизенц эзэмшигч нь ашигт малтмалыг эрэх, хайх болон уг ордын нөөцийг ашиглах эрхтэй болохоос биш, ордын нөөцийн эзэн биш гэсэн утгыг тодруулсан юм. Мөн 5.4 нь зарчмын ялгаатай бөгөөд, мөрдөгдөж байгаа хуулийн өмнөх заалтын энэ хэсэг нь хоёрдмол утгаар ойлгогдож тодруулбал, уг ордын нөөц 100 хувь төрийн өмч байсаар байтал төрийн оролцооны зөвхөн 50 хувь нь төрийн өмч, үлдсэн нь эзэнгүй юм шиг ойлгогдож байгаа учир энэ заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан.
-Оюутолгойн гэрээний төсөлд хөрөнгө оруулалтын хэмжээтэй холбоотой асуудал хөндөгдөж тааруухан үнэлгээ аваад байгаа. Тиймээс энэ заалтад ямар нэгэн өөрчлөлт оруулсан уу?
-Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулж Засгийн газраас хоёр ч удаа хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан. Тодруулбал, 2007 оны долдугаар сарын гэрээний төслөөр энэ ордыг ашиглахад 2.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж байсан бол энэ оны хоёрдугаар сард 2.2 тэрбумаар өссөн байх жишээтэй. Гэхдээ Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалт ингэж өсөх болсон шалтгаанаа УИХ-ын бүтцээр хэлэлцэж эхлэх үед хангалттай тайлбарлаагүй. Тиймээс хуулийн төслийн 5.4.1, 5.4.2 заалт нь тухайн ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээтэй холбогдуулж, эдийн засгийн үндэслэл, тооцоог гаргасан байх шаардлагын үүднээс болон хөрөнгө оруулагчдаас хараат бус, хөндлөнгийн аудитын дүгнэлт хийсний дараа гэрээг байгуулах нь зохистой гэсэн агуулгыг илэрхийлж өөрчлөлт оруулав.
-Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд уг хуулийн 5.4, 5.5, 5.6 дахь заалтад шүүмжлэлтэй ханддаг?
-Энэ үнэн. Голдуу эдгээр заалтад өөрчлөлт оруулсан. Жишээ нь, энэ хуулийн 5.4-т заасан тендерийн босго үнийг тухайн ордын ашигг малтмалын батлагдсан нөөц, уг нөөцийн тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ, уурхайг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэгт тулгуурлаж хийсэн эдийн засгийн тооцоог үндэслэн тогтоох бөгөөд энэ хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулна гэж заасан байгаа. Мөн 5.6-д энэ ордыг ашиглахтай холбогдуулж төр, засгийн зүгээс уг хуульд заасан хөрөнгө оруулалтын гэрээг хувийн өмчит хуулийн этгээдтэй байгуулна гэж нэмэлт оруулсан.
-Гэрээний хугацааны хувьд?
-Уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн "30 жилийн хугацаагаар" гэснийг "30 хүртэл жилийн хугацаагаар" гэж өөрчлөөд байна.