Монголын өсөлтөд санаа тавилаа
2009.04.15

Монголын өсөлтөд санаа тавилаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний үр өгөөжийн талаар хөндлөнгийн судалгаа хийсэн "Дэлхийн өсөлт" олон улсын байгуултагын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч, санал солилцлоо.

Уулзалтад тус байгууллагын тэргүүн Алэн Оксли, гүйцэтгэх захирал Жөксон Кокс, Удирдах зөвлөлийн ахлагч Ц.Гомбосүрэн нар оролцов.
Манай орны хөгжлийн ирээдүйд санаа тавьж Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд судалгаа дүгнэлт хийсэнд талархаж байгаагаа УИХ-ын дарга илэрхийлээд "Дэлхийн өсөлт" байгууллагын хийсэн судалгааны дүгнэлт, гэрээний төслийн зарим асуудалтай холбогдуулан өөрийн санал бодлоо хэллээ. Тэрбээр Оюу толгойн ордыг богино хугацаанд ашиглалтад оруулах нь гол зорилго. УИХ энэ хаврын чуулганаараа Оюу толгойн гэрээний асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа ийм үед ордыг аль болох түргэн ашиглаж эхлэх нь зүйтэй гэсэн тус байгууллагын судалгааны дүгнэлттэй адил саналтай байгаагаа УИХ-ын дарга уулзалтын явцад тэмдэглээд "Хэрэв боломж байгаа бол та бүхэн энэ дүгнэлт судалгаа болоод бидний хэлж ярьж байгаа санал бодлын талаар хөрөнгө оруулагч талд дуулгахыг хичээгээрэй. "Дэлхийн өсөлт"-ийнхөн Монголын өсөлтөд ч тусална байх гэж найдаж байна" гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.