Су.Батболд: Одоо хийгдэх хоёр толгойн гэрээ 2007 оныхоос сайжрахгүй ээ
Засгийн газар одоо Оюутолгой, Таван толгойн гэрээг хэлэлцэж байгаа. Ирэх долоо хоногийн сүүлээр ээлжит бус чуулганаар орж магадгүй байгаа эл асуудлаар УИХ –ын гишүүн С.Батболдтой ярилцсан юм.
-Яг одоо хэлэлцэгдэж байгааОюутолгой,Тавантолгойнгэрээний явцын талаар ямар бодолтой байна?
-Уул нь бол аль 2007 онд манай эв нэгдлийн Засгийн газар энэ гэрээг байгуулаад УИХ-д өргөн барьчихсан юм шүү дээ. Одоо бол тэр үед хийж байсан гэрээнээс сайжирсан гэж би үзэхгүй байна. Гэхдээ улстөр, эдийн засаг, нийгмийн байдал ийм байгаа үед хугацаа алдаж байгаа ч гэсэн эдгээр гэрээнүүдийг даруйхан байгуулах нь зүйтэй.
-Эдийн засгийн хямралаас болоод онц ач холбогдолтой эдгээр гэрээнүүдийг яаруу сандруу байгуулах хэрэг байна уу. Үнэхээр одоо байгуулсан ч гэсэн үр дүн нь шууд л маргаашаас эхлээд гарт баригдаж, нүдэнд харагдахгүй шүү дээ?
-Хямрал тохиолдсон.тохиолдоогүй Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг өөд нь татах ганц найдвар бол стратегийн томоохон орд газрууд шүү дээ.Тийм учраас хугацаа алдах шаардлага байхгүй, дээрээс нь бид үр дүнг аль болох хурдан хугацаанд гаргая л гэж үзэж байгаа. Хүндрэлтэй үедээ урьдчилгаа авах шаардлагатай байна.
-УИХ, Засгийн газрын гишүүдийг үгүйсгэж байгааюм биш. Гэхдээ гадаад зах зээлтэй гэрээ контракт байгуулаад сурчихсан томоохон бизнесүүдийг яг гэрээ байгуулах асуудалдаа татан оролцуулах ёстой байсан юм биш үү. Тэдний зүгээс ч иймэрхүү өнгө аяс цухалзсаар байгаа?
-Газрын баялаг бол ямар нэгэн хувийн компанийн мэдлийн юм биш, Монгол төрийн мэдэлд байгаа гэдгийг хэлчихмээр байна. Иймээс мэдээж Монголын төр өөрөө гэрээг хийж таарна. Гэхдээ туршлага гэж яривал Дэлхийн банк, олон улсын томоохон компаниудаас зөвлөх аваад нээлттэй хийж байгаа. Энд олон нийтийн, төрийн бус байгууллагууд оролцож байна. Үнэхээр туршлагатай бизнесмэнүүд санаа оноогоо хэлэх бол төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллөөр хэлэлцүүлэх үед санаа оноогоо хэлж болно шүү дээ.
-Гадны компаниуд Оюутолгойн нэрээр олон улсын хөрөнгийн биржээс нэлээд их хэмжээний мөнгө босголоо. Манай хөрөнгийн бирж болохоор бид өөрсдөө ингэж мөнгө босгох боломжтой байсан гэдэг?
-Манайд хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй шүү дээ. 2007 оны үед Монголын хөрөнгийн бирж дээр хувьцааг нь арилжиж болох юм гэж яригдаж байсан. Тухайн үедээ янз бүрийн шаардлагыг нь хангаагүй байх л даа. Монголчууд тэр хувьцааг эзэмшиж болно шүү дээ. Торонтогийн хөрөнгийн бирж дээр арилжиж байгаа«Айвенхоу Майнз» юм уу, «Рио Тинто»-гийн хувьцааг Монголын ямар ч бизнесмэн очоод худалдаад авч болно шүү. Ер нь 2007 онд л тэр гэрээг хийлгэчих байсан юм. Одоо та нар тэр Ганбаатар, Баасан нараас «Та нар яагаад тэр үед энэ гэрээг хийлгээгүй юм бэ. Үнэхээр М.Энхболд тэргүүтэй Засгийн газрын хэдэн нөхөд идчих гээд байсан юм уу» гэж асуух хэрэгтэй шүү дээ. Ингэж хугацаа алдсанаараа өнөөдөр хэн, юу хожсон юм бэ. Монголчуудын идэх талхны мөнгөнөөс л хорогдсон байх. Тэр үед гадныхан мөнгөтэй байсан учраас манайхныг гуйж байсан. Харин одоо бол тэд «Өө, бид ажиллаж байгаа уурхайнуудаа хааж байна. Юун та нарын газар доорх баялгийг малтах манатай» гэсэн хандлагаар харьцаж байна шүү дээ. Бидний аз болж Оюутолгой маань үнэхээр том хэмжээтэй учраас л тэд гэрээ хийх гэж байгаа юм. Нэг жижигхэн орд байсан бол тоож харах ч үгүй. Гэхдээ одоо хийгдэх гэрээ 2007 онд хийх гэж байсан гэрээнээс сайжирна гэж байхгүй, зүгээр л тэдний амыг харж байгуулж байгаа хэрэг.