Ц.Даваасүрэн:Ашигтай гэрээ хийж чадахгүй бол Оюутолгойг энэ удаа үлдээж болно
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өмнө нь Сангийн болон БСШУЯ-нд ажиллаж байж. Сонгуульд анх удаагаа нэр дэвшээд УИХ-ын гишүүн болсон цөөн хүний нэг. Түүнтэй ярилцлаа.
-Сангийн яаманд ажиллаж байхдаа та Төрийн санг санаачлан байгуулсан юм билээ. УИХ-ын гишүүнээр сонгогдоход "нэрийн хуудас" чинь энэ болсон гэдэгтэй санал нийлэх үү?
-Намайг олон нийтэд таниулсан гол юм нь төрийн сан байсан. Нөгөө талаар Сангийн яаманд, улсын хамгийн том мөнгөний сан дээр "сууж" байсан хүний хувьд аймаг, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах ажил хийсэн. Бас морь уядаг болохоор малчдын амьдралаас холдоогүй байлаа. Намайг төрийн түшээгээр сонгоход энэ бүхэн дэмжлэг болсон.
-УИХ-ын нэг чуулганы турш ажиллалаа. Ямар гишүүн болж төлөвшив?
-Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд УИХ-д төсвийн төсөл танилцуулж, байнга харилцаж ажилласан учир надад шинэ ажил биш байсан. Гишүүн болохоосоо өмнө Сангийн яам болон эрчим хүч, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт ажилласан, зовлон, жаргалыг нь мэднэ. Би Төрийн санг санаачилсан ч яаманд ажиллаж байхдаа түүнийг хамгаалах хууль гаргах эрхгүй байсан шүү дээ. УИХ-ын гишүүн болсноор бодож явснаа хууль болгон хэрэгжүүлэх боломж олдсон.
-Тодорхой салбарын хүмүүст танил байж болох ч олон түмний хувьд Та шинэ хүн. Тэгэхлээр тэдэнд танигдахын тулд ямар тактик хэрэглэж байна даа?
-Олонд танигдах биш ажиллаж байсан салбар, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах нь миний гол зорилго. Улсаа хөгжүүлэх гол хучин зүйл нь хүнээ хөгжүүлэх явдал гэж би үздэг. Энэ бүхнээ төрийн бодлогод тусгахыг зорьсон. Түүнээс биш дахин сонгогдох тухай бодож хаяагаа манахгүй.
-Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Төрийн санд байршуулах замаар арилжааны банкнуудыг эх үүсвэрээр дэмжих болсон. Үүнийг та юу гэж үзэж байна?
-Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгө бол төсвийн бүрэлдэхүүн хэсэг. Уг мөнгийг Монголбанканд байршуулж байсныг Төрийн сан руу төвлөрүүлсэн нь зөв. Харин уг сангийн мөнгийг арилжааны банкнуудад байршуулах зорилго нь буруу байсан. Арилжааны банкаар дамжуулж татвар төлөгчдөд мөнгийг нь хүүтэй олгох нь зөв биш. Харин МУХС-гийн 200 сая доллараар валютын нөөц бүрдүүлбэл дөрвөн сарын турш тогтвортой нөөцтэй байж болно. Энэ нь татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалж буй хэрэг болно.
-Санаачилсан Төрийн сангийнхаа хөрөнгийг хамгаалахын тулд юу та юу хийж байна вэ?
-Төрийн сангийн тухай хууль гаргаж уг мөнгийг цаашид эрсдэлд оруулахгүй байх арга хэмжээ авна гэж бодож байна.
-Ашигт малтмалын ордоос иргэн бүрт хувь хүртээж 1.5 сая төгрөг өгөх амлалт энэ оноос хэрэгжих учиртай. Гэтэл эх үүсвэрийг нь бүрдүүлэх Тавантолгой, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ч байгуулаагүй. Та эдийн засагч хүний хувьд үүнийг хэр бодит амлалт гэж үзэж байна?
-Уг хоёр ордод хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа ямар чиглэл баримтлахыг УИХ тодорхойлж өгсөн. Оюутолгойн ордыг хамтран ашиглах талаар бидний тавьж буй 34-50 хүртэлх хувийг Монголын тал эзэмших шаардлагыг "Айвенхоу майнз" компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа бололтой.
Тэгвэл заавал тэдэнтэй гэрээ байгуулах албагүй. Бидэнд огт ашиггүй гэрээ хийж, "Бороо гоулд" шиг хамаг баялгаа гадагш алдсанаас хадгалж болно шүү дээ. Эдийн засгийн хямралтай ийм нөхцөлд Оюутолгойн ордыг заавал ашиглах албагүй. Мэдээж бидэнд мөнгө хэрэгтэй. Тэгвэл зөвхөн Тавантолгойн ордоос хангалттай мөнгө олох боломж бий. Амласан 1.5 сая төгрөгөө олгох хэмжээний эх үүсвэр эндээс бий болгож чадна. Тэгээд ч 34-50 хүртэл хувийг Монголын тал эзэмших заалтыг би бас дэмжихгүй байгаа. Бид 51 хувиа эзэмших учиртай. 34 хувийг Монголын тал эзэмшинэ гэдэг чинь энэ хэсгээ худалдаж авна гэсэн үг. Одоо татвар гэх мэт замаар төлөхөөр тусгаад байна. Өөрөөр хэлбэл, нэг хэсэгтээ л 34 хувийн төлөөсөнд тэднээс татвар авахгүй, орлогогүй байна гэсэн үг.
Санхүүгийн зах зээл дээр мөнгө босгодог гол зарчим нь хувьцаа гаргах. "Айвенхоу майнз" компани дэлхийн санхүүгийн зах зээл дээр манай ордын нэрээр хувьцаа гаргачихсан. Зөвшөөрөл аваагүй байж өмчийг минь барьцаалж болох уу гэдгийг ч бодох ёстой.
Тэдэнтэй хамтарч ашигтай гэрээ байгуулж чадахгүй бол өөр нэг гарц бий. Бид хоёр хөршдөө санал тавьж болно. Энэ бол зэсээс гадна алтны нөөцтэй дэлхийд томд тооцогдох орд. Тэд мөнгөтэй, том гүрэн. БНХАУ зэсийн хамгийн том хэрэглэгч. ОХУ-тай "Эрдэнэт" үйлдвэрийг хамтран ашиглаж буй жишгээрээ уг ордыг 49:51 харьцаагаар хамтран ашиглаж болж байна. Тэд хамтрах сонирхлоо илэрхийлсээр ирсэн шүү дээ.
-Дэлхийн санхүүгийн хямралын нөлөө Монголд ч тусаад байна. Үүнээс сэргийлэхийн тулд 2009 оны төсөвт тодотгол хийх тухай ярьж эхэллээ.
-Эдийн засгийн өсөлтөө хумих биш хэрэглэгээ авч үлдэж түүнээс мөнгө гаргах нь хямралаас сэргийлэх арга шүү дээ. Таван ширхэг бичгийн цаас авдаг байснаа гурвыг авдаг болбол түүнийг үйлдвэрлэгчийн орлого буурна. Нөгөө талын орлогыг бууруулснаар үүнийг шийдэхгүй. Тийм учраас би 4-5 дугаар сар хүртэл төсөвт тодотгол хийхээ азнах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Тодотгол хийнэ гэдэг чинь зарлагыг багасгана гэсэн үг. Тэгэхээр Сангийн яам одоогийн төсвийн алдагдлыг дотоодод байгаа бүх эх үүсвэрээ ашиглаж, мөн гаднаас зээл аваад ч болов нөхөх учиртай. Тэгэхгүйгээр залхуурч төсөвт тодотгол хийхийг урьтал болгох нь буруу.