2008.08.20

Ц.Баярсайхан: Хөрөнгө оруулалтын гэрээнд дутагдалтай зүйл их байна

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхантай сүүлийн үед анхаарлын төвд байгаа Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярилцлаа. Тэрээр 80-аад оны дунд үеэс эхлэн Өмнөговь аймгийн захиргаанд ажиллаж байсан юм. Тэр үед Тавантолгойг ажилд оруулах юмсан гэж хөөцөлдөж байжээ. Харин одоо тэр цаг нь болж байх шиг хэмээн өгүүлж байна.

-Оюутолгой, Тавантолгойн гэрээг Засгийн газар УИХ-д оруулж ирсэн. Энэ гэрээ олон түмний дунд янз бүрээр яригдаж байгаа. Та АН-ын зөвлөлөөс гэрээг судлах ажлын хэсгийн дарга байсан. Таны бодлоор Хөрөнгө оруулалтын гэрээ ямар болсон гэж үзэж байна вэ?

-Тавантолгой, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газраас оруулж ирсэн. Оюутолгойн гэрээг Эдийн засгийн байнгын хороон дээр тал талаас нь хэлэлцсэн. Уг гэрээнд учир дутагдалтай юм их байна. Ер нь бол хувийн өмч манай эдийн засагт давамгайлж, ДНБ-ний 80 гаруй хувийг бүтээж байгаа. Зах зээлийн нийгэмд бид хувийн өмчийг ад үзэж болохгүй. Энэ утгаар нь мөн гадаадаас орж ирж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэдэг талаас нь Хөрөнгө оруулалтын гэрээг дэмжих ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд манай хууль тогтоомжийг зөрчсөн заалт олон бий. Эдгээр зөрчлийг нь арилгах юм бол уг гэрээг баталж болно. Харин гэрээнээс гадна гол анхаарах зүйл бол бүс нутгийн хөгжлийн асуудал юм. Энэ талаар гэрээнд бага тусгасан юм билээ.

-Хөрөнгө оруулалтын гэрээг та ямар байвал дээр хэмээн бодож байгаа вэ?

-Гэрээнд манай гол хуулиуд болох Орлогын албан татварын хууль, НӨАТ, Онцгой албан татварын хуулиудыг тодорхой хугацаанд тогтвортой мөрдөх, мөн оруулсан хөрөнгийг төр хүчээр булааж авахгүй. Ашгаа гадаад дотоодод байршуулахад нь саад тавихгүй зэрэг зүйлийг тусгаж өгөх ёстой. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагч нар чухам юу хүсээд байгааг нь бид ойлгохгүй байна. Төсөв болоод Төрийн санд чухал рольтой байгаа зарим татварыг төлөхгүй гэсэн гэрээний төсөл бариад орж ирж байна. Үүнийг юу гэж үзэх болж байна.

-Таван толгойн гэрээний талаар таны бодол ямар байна даа?

-Тавантолгой бол томоохон орд. Ашигт малтмалын хуульд улсын төсвөөр хайгуул хийсэн ордын 50 хүртэл хувийг төр эзэмших, мөн хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэл хувийг төр мэднэ гэж заасан байдаг. Миний хувьд заавал төрийн оролцоо байх гэдэг нь зөв үү, буруу юу гэж боддог. Төр оролцож, хувь эзэмшиж байхаар зөвхөн татвараа бүрэн аваад явбал бараг ашигтай ч юм шиг бодогддог. Нээлттэй нийгэм хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Оюутолгойд төр хувь эзэмшиж байснаас шууд татвар авбал 70 хувийн ашиг гарах тооцоо байдаг. Харин Оюутолгойд хувь эзэмшээд үйлдвэр байгуулаад түүнээсээ зээлээ төлөөд гарах ашиг нь 40 гаруй хувьтай гэсэн тооцоо бий.

-Төр Оюутолгойд 34 хувь эзэмшээд түүндээ зориулж хөрөнгө гаргаад дараа нь нөгөө гаргасан хөрөнгөө төлөөд үлдэх ашиг ийм байна гэсэн үг үү?

-Төр мөнгө гаргаж чадахгүй, харин хөрөнгө оруулалтын зээлийн 34 хувийг төлнө гэж үзээд үүнийгээ ашгаараа төлнө гэж үзвэл ийм тооцоо гарч байна. Мөн энэ тохиолдолд манай төрд олон жил мөнгө орж ирэхгүй. Тухайн ордыг хурааж авна, төрд эзэмшүүлнэ гэх зэрэг яриа сүүлийн үед их гарч байна. Энэ буруу зүйл. Харин татвараа аваад л явж байвал эдийн засгийн ашигтай байх тооцоо бий. Төрд очно гэдэг нь тухайн төрд ажиллаж байгаа хэдэн албан хаагчдад л очно гэсэн үг. Тавантолгойд төр оролцоод мөнгөө гаргаж үйлдвэр байгуулаад дараа нь ашиг хүртэнэ гэдэг хол сонсогдож байна. Түүний оронд өөр олон хувилбар байж болох юм. Тухайлбал, энэ ордын коксжих нүүрсийг нэг тусдаа үнэлээд, эрчим хүчний нүүрсийг бас үнэлээд гадаадынханд тендер зарлаад худалдчих юм бол ихээхэн ашигтай байх тооцоо бий. Энэ орд 6.7 миллиард тонн нүүрсний нөөцтэй. Нэг тонныг нь 10 ам.доллараар үнэлээд зарчихвал 67 тэрбум ам.доллар гарна биз дээ. Үүний 2.7 тэрбум ам.долларыг л ард түмэндээ тараахад нэг хүнд хэдэн ам.доллар ногдох вэ гэх мэт олон хувилбарыг судалж үзэх хэрэгтэй санагдаж байдаг.

-Говь нутгийн хөгжлийн ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ. Эдгээр том уурхайнууд ашиглалтад орсноор говь нутгийн өнгө төрх яаж өөрчлөгдөх бол?

-Миний бодлоор уул уурхайгаас их мөнгө орж ирнэ гэж бодохоос илүү хүмүүсээ л боловсролтой, ажилтай болгох хэрэгтэй. Гэхдээ уул уурхай бол хөгжих сайхан бололцоо бий. Өмнөговьд Оюутолгой, Тавантолгойгоос гадна Цагаан суварга, Шивээтолгой, Нарийн сухайт, Баганаран зэрэг томоохон ордоор дүүрэн газар. Дээр нь нефтийн илэрц байдаг. Говь их эмзэг бүтэцтэй, хөрстэй, ус ховор ийм газар. Бүх уурхайд ус их хэрэгтэй. Тэгвэл усаа газрын гүнээс авах болно. Энэ усыг нь хамаагүй аваад дуусгавал хөрсний худаг, шандын ус алга болчих ч юм билүү гэх зэрэг олон асуудал байдаг. Мөн нөгөө химийн хорт бодис хэрэглэж байгаа гар аргаар алт олборлогчид байна. Үүнийг хууль гаргаж зохицуулах хэрэгтэй. Ер нь бол Хөрөнгө оруулалтын гэрээнд бүс нутгийн оролцоог сайн тусгаж өгөх нь зүйтэй. Үүнийг ашигт малтмалын хууль дээр ч тусгаж өгсөн. Хөрөнгө оруулалтын гэрээ бол ердөө хоёр хуудас л юм байх болов уу. Түүнд тусгах зүйлс тодорхой. Хуулийг тодорхой тогтвортой мөрдөхийг л тусгана. Түүнийг дагалдаад бүс нутгийн асуудлыг тусгасан гэрээ нь ном шиг том юм байх болно. Орон нутгийн бүхий л асуудлыг түүн дээр тусгаж өгнө. Оюу толгой бүс нутгийн асуудлыг яаж шийднэ, бусад хөрөнгө оруулалтын гэрээнүүд түүнийг л загвараа болгоно. Орон нутагт өөрөө хөгжих хөрөнгийн эх үүсвэрийг үлдээж өгөх ёстой.

-Ашигт малтмалаар баян улс оронд “Ашигт малтмалын хараал” гэдэг зүйл тохиолддог гэсэн. Үүнээс зайлсхийхийн тулд яах ёстой вэ?

-Төр их зөв бодлого барьж байх ёстой. Монгол Улсын хөгжлийн сан гэж байна. Энэ сангийн тодорхой хувийг эрсдлийн санд хуваарилах ёстой. Байгаль орчин, давагдашгүй хүчин зүйл гэх зэрэгт мөн мөнгө өгөх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь хүмүүсийн боловсролд хөрөнгө оруулах шаардлага байгаа. Олсон хэдэн төгрөгөө хүмүүст зүгээр тараагаад, мөнгө олдог гээд уул уурхайд бүгд ороод явчихвал хараал ч гэнэ үү, элдэв өвчинд нэрвэгдэнэ. Эдийн засгийн бүх салбарыг тэнцүү хөгжүүлж байх нь үүнээс зайлсхийх шилдэг арга. ХАА, газар тариалан зэргийг хамт хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд төрөөс ХАА-д татаас төлдөг олон улсын жишигт шилжих нь зөв болов уу. Харин энд нэг зүйл зүгээр хэлэхэд бид зэс хайлуулах үйлдвэр Чойр хотод барих нь зүйтэй гэж бодож явдаг. Энэ хот бол авто зам, төмөр зам, эрчим хүч гэх зэрэг найдвартай сүлжээтэй. Хамгийн гол нь зэсийг хайлуулахдаа хүхрийн хүчил хэрэглэдэг. Үүнийг саармагжуулахад шохой хэрэг болдог. Тэгвэл Чойрын хажууд шохойн орд байдаг. Хэрэв зэсийн үйлдвэр баригдвал түүнийг дагаад жижиг үйлдвэрлэл хөгжинө гэх мэт.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.