Ц.Даваасүрэн: Яарч болно ашиггүй гэрээ хийж л болохгүй
Оюутолгой, Тавантолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар ирэх оны эхэнд байгуулахаар яаравчилж байна. Гэрээ байгуулах эрхийг УИХ-аас Засгийн газарт олгосон. Монголчуудад ашигтай гэрээ байгуулах тухайд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн байр суурь бусдаас өөр байв. Түүнтэй ярилцлаа.
-Удаан хугацаанд ярьсан Тавантолгой, Оюутолгойн орд газрыг гэрээгээр ашиглах тухай тогтоолыг УИХ баталлаа. Та чуулганы хуралдааны үеэр бусдаас өөр байр суурьтай байсан. Яарах хэрэггүй гэж ?
-Энэ хоёр ордыг ашиглаж, бизнесийн эргэлтэд оруулах нь яаралтай хийх ажил мөн. Гэхдээ яарч байна гээд ашиггүй гэрээ хийж болохгүй. Зэс, алтны ийм өндөр агууламжтай орд дэлхийд ганц хоёр л бий. Зүгээр нэг ашигт малтмалын орд бус дэлхийд хосгүй баялаг шүү дээ. Миний бодлоор хөрөнгө оруулагч олдохгүйн зовлон лав бидэнд үгүй. Зэсийн үнэ унасныг далимдуулаад муу.ашиггүй гэрээ байгуулчих вий гэх хардлага байгаа юм. Хувьцаат компани байгуулна гэж байна. Түүний 34 хувийг Монголын тал ирээдүйд төлөх татвараараа худалдаж авна гэдэг чинь байж боломгүй зүйл. Энэ чинь манай баялаг биз дээ.
Гэрээг яаралтай байгуулахыг цаг хугацаа шаардаж байгаа ч ашигтай байхыг ард түмэн шаардаж байна. Ашигт малтмал ард түмний баялаг. Үндсэн хуульд ч тодорхой заасан. Энэ хөрөнгийг барьцаалж гаднын хөрөнгийн бирж дээр мөнгө босгож байгааг хянаж, тунгаах учиртай. Монгол орны баялгаар хөрөнгө босгочхоод бидэнд татвар төлөхгүй байж болох уу. Тэд гурав, дөрвөн жил татвар төлөлгүй хамгийн агуулга сайтай хэсгийг нь ашиглачихна байна шүү дээ. Давтан хэлэхэд би гэрээгээ ашигтай хийе л гэсэн. "Бороо гоулд " шиг болгохгүйн төлөө. Гэтэл чи ганцаараа эх оронч нь юм уу гэх мэт үгсийг зарим хүн надад хандаж хэлж байна лээ. Үүнийг иргэд шүүнэ биз.
-Ашигтай гэрээг яаж хийх вэ. Эзэмших хувиа өндөрсгөх үү?
-Гадаадынхан бид хөрөнгөө оруулъя, менежментээ зохион байгуулна тиймээс 51 хувийг эзэмшье гэх санал тавьж байгаа болов уу. Эзэмшиж болно. Гэхдээ тодорхой, богино хугацаанд манайд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж ав. Түүний дараагаас эхлээд манай тал 51 хувиа менежментэй нь авч явна гэх ёстой. Монголын тал гэж төрийг ч, хувийн хэвшлийнхнийг ч хэлж буй хэрэг. Гадныхан 51 хувь эзэмшихээр гэрээ хийсэн чинь өөр хэн нэгэнд зарчихвал юу болох вэ. Гашуун туршлага бидэнд бий. Дорнодод газрын тос олборлох эрх авсан Аймгархаг компани тун удалгүй өөр улсынх болчихсон шүү дээ. Ийм явдлыг гэрээгээр хязгаарлах ёстой.
-Засгийн газар хөрөнгө оруулагчидтай олон улсын гэрээ хийх тухай яригдаж байгаа. Олон улсын гэрээ ямар ялгаатай юм бэ?
-Олон улсын гэрээ байгуулахгүй байх. Түүнийг олон улсын гэрээний тухай хуулиар зохицуулдаг. Олон улсын гэрээг УИХ-аар баталдаг.
-Зэсийн үнэ богино хугацаанд хоёр дахин унасан нь манайхныг яаравчлуулах болсон байх. Ямар ч байсан ирэх оны эхэнд багтаж гэрээ хийг-дэх нь ээ?
-Яаралтай, ашигтай гэрээ хийх тухай л ярьж байгаа. Зэсийн өөрийн өртөг нэг тонн нь 2500 ам.доллар байгаа тохиолдолд ямар ч хөрөнгө оруулагчдад ашигтай. Тийм л баялаг орд.
-"Рио Тинто" Оюутолгойн орд газрын лицензээ худалдахаар болсон юм биш үү?
-Надад тодорхой мэдээлэл алга. Үгүй биз дээ. Энэ мэт яриа гаргаж өөрт ашигтай гэрээ байгуулах гэсэн санаатай байхыг үгүйсгэхгүй. Хэрэв ийм зүйл болбол манай хоёр хөршийн компаниуд өрсөлдөөд л ороод ирнэ дээ. Гэрээнд монголчууд 51 хувийг эзэмшинэ гэх заалт ямар нэг хэлбэрээр заавал байх ёстой. Дэлхий нийтийн туршлагаас ажиглахад хувийн юм уу гадаадын эзэмшил давамгайлаад ирэхээр татвараас байнга зайлсхийдэг. Нэг л жишээ хэлэхэд 68 хувийн гэнэтийн ашгийн албан татварыг ганцхан "Эрдэнэт" үйлдвэр л 90 гаруй хувь төлсөн. Алтнаас 41 тэрбум төгрөгийн татвар тавигдсан байхад 14 тэрбум төлөгдсөн байх жишээтэй.
-Та эдийн засагч хүний хувьд Оюутолгой, Тавантолгойн орд газар Монгол Улсыг үсрэнгүй хөгжилд хүргэх шат мөн гэж үздэг үү?
-Мөн. Дэлхийд хосгүй ордууд гэдгийг дээр хэлсэн. Хамгийн чухал нь ашиггүй гэрээ байгуулж болохгүй.
-Хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулж, ордуудаа ашиглаж эхэлбэл хамгийн ойрын хугацаанд монголчуудад мэдрэгдэх эерэг нөлөө юу вэ?
-Санаагаар болдог бол хувьцаа гаргаад зарчихъя. Хувьцаа борлуулсныхаа өртгөөр 1.5 саяын асуудлыг шийдэж болно. Мөн өөрсдөө хөрөнгө оруулалт хийх нөхцөл ч бүрдэнэ.
-Бид ямар нөөцтэй орд газар ашиглах гээд байна вэ?
-2.3 тэрбум тонн хүдэр, 32 сая тонн зэс, алтны агуулга нь 0.3, зэс нь 1.16 байгаа гэж "Айвонхоу майнз"-ынхан гаргасан юм билээ. Ийм агуулгатай том орд дэлхийд хоёрхон бий. Алт, зэсийн агуулгыг нь манайхан нягтлах ë ёстой.
-Нэг нь хаана байгаа гэж?
-Чили улсад. Дэлхийн зэсийн нөөцийн 20 хувийг эзэмшдэг "Кодөлько" компанийн мэдэлд бий.