2009.03.11

Д.Тэрбишдагва: Гэрээний төсөл муу хийгдсэн нь үнэн

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай Оюутолгойн гэрээний эргэн тойронд үүсч буй маргаантай болон хоржоонтой асуудлаар цөөн хором хөөрөлдсөн юм.

-Оюутолгойн гэрээний төсөлд гишүүд олон янзын санал дэвшүүлж байна. Таны хувьд?

-Зарчмын хувьд Монгол Улсыг хөгжүүлэхийн тухайд буюу ард түмнээ сайн сайхан амьдруулахын тулд байгалийн хэвлий дэх ашигт малтмалаа ашиглах нь зайлшгүй хэрэгтэй байна. Тэр дундаа Оюутолгой, Тавантолгойн орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол хүн бүрийн хүсэн хүлээсэн, төр засгийн хийх ёстой ажил болоод байгаа нь өнөөгийн нийгмийн бодит дүр төрх мөн. Үүнтэй ч санал нэг байна. Тиймээс Оюутолгойн төслийг хэрэгжүүлэх нь зөв юм. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр уг гэрээний төслийн талаар саар зүйл ч хэлэх байна. Тухайлбал, аливаа хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахын тулд нэгээс хоёр яам гардан ажилладаг. Гэтэл Оюутолгойн гэрээний төсөлд таван яам, таван сайдын гарын үсэг байх жишээтэй. Мөн уг гэрээний төсөлд гарын үсэг зурахад айлын талаас “Оюутолгой Монголия ИНК ХХК” гэсэн компани манайхаас төрийн гурван сайд мутраа үзэглэх юм билээ. Ингээд бодохоор Монгол Улсад байгаа хязгаардмал хариуцлагатай компанитай гурван сайд гарын үсэг зуралцана гэдэг бол агуулгын хувьд яаж бодсон ч ойлгомжгүй асуудал үүсч байгаа юм.

-Та өмнө нь таван сайдын тухай ярьсан. Харин гэрээнд гурван сайд гарын үсэг зурах юм байна. Тэгэхээр энд бас тодруулах зүйл гараад байна л даа…

-Тийм ээ. Таван сайдын тухай ярьсан. Гэхдээ ийм том хэмжээний, гүнзгий агуулгатай гэрээ төслийг нухацтай хийнэ гэж бодсон. Гэтэл байдал эсрэгээр байгаа нь үнэн.  Яах вэ би ашигт малтмал уур уурхайн чиглэлээр мэдлэг багатай хүн. Гэхдээ олон улсын гэрээ, хэлэлцээр ямар байдгийг сайн мэднэ. Иймэр¬хүү гэрээ, хэлэлцээр ч хийж байсан, олон улсын харилцааг ч мэдэх хүний хувьд уг гэрээ муу хийгдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Тодруулбал, манай улс ашигт малтмалаа 30 жил ашиглуулах, 34 хувь эзэмших гээд энэ бүгдийг эргэж харах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Үнэнийг хэлэхэд, уг гэрээний төслийн талаар олон юм яръя гэж бодоогүй. Гэтэл уул уурхайн эрдэмтэн, судлаачид энэ салбарын хүмүүс гэрээний төслийн талаар шүүмжлэлтэй хан¬даж миний нэрээр хаягласан бичиг ирүүлж, утсаар ярьж эхэлсэн. Тиймээс энэ гэрээг судалж үзэж байгаа. Тэгэхэд зайлшгүй засч, залруулах юм олон байна. Тийм ч учраас МАХН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын гишүүдийн санал, бодлыг тусгасан 10 гаруй зүйлийг уг гэрээнд оруулахаар ярилцаж байгаа.

-Тухайлбал, ямар санал тусгагдаж байгаа вэ?

-Энэ бүх санал, сэтгэгдлийн эцсийн зорилго нь Монголын ард түмний язгуур эрх ашгийн төлөө юм. Үүцээ задалж байгаа шинэхэн гэрээнээс иргэд нийтээрээ хөгжил дэвшил хүлээж байгаа. Гэтэл энэ салбарын эрдэмтэн, судлаачид, шилдэг эдийн засагчдын судалгаа, тооцооноос харахад манай улсад үлдэх юм тун ховор байгаа юм. Жишээ нь манай улс 125 сая ам.долларыг урьдчилгаа болгон авна гэх боловч үнэн чанартаа өндөр хүүтэй зээл юм билээ. Тэр ч бүү хэл нөгөө ажил хэрэг болгон яриад байгаа 34 хувиа ч хүүтэй нь буцааж төлөх юм байна. Гэхдээ яах вэ, Монгол түмний нийт эрх ашиг гээд нөгөө талын аж ахуйн нэгж, компанид ямар ч ашиггүй гэрээ хийж болохгүй л дээ.

-Таныхаар гэрээнд хэний үг болон оролцоо дутуу байна вэ?

-Би бодохдоо ашигт малтмалын чиглэлийн байгууллага, эрдэмтэн, доктор, энэ салбарын яам болон мэргэжлийнх нь хүмүүсийг гэрээнд ажиллуулаасай гэж бодож байна. Түүнээс биш түүхий гэрээг УИХ-д оруулж ирээд ингэж ярьж байгаа нь буруу. Тэгээд ч нийт ард түмний язгуур эрх ашиг хөндөгдөж байна шүү дээ.

-Гэрээний хугацааны хувьд юу хэлэх вэ?

- Техник, технологи өндөр түвшинд хөгжиж байгаа ийм цаг үед бүхэл бүтэн 30 жил гэдэг бол дэндүү урт хугацаа. Энэ хугацаанд ёстой байдгийг нь хамаад явах байлгүй дээ. Ядаж 15 жилийн хугацаатай бол яая гэх вэ. Дэлхийн нийтийн гэрээний жишиг тав, найм, 12 хамгийн уртдаа л 15 жил байдаг. Тэгэхээр давын өмнө гэрээний хугацааг өөрчлөх ёстой.

-Таны нэрээр хаягласан эрдэмтдээс ирсэн санал, гомдолд энэ талаар тусгасан байна уу. Ямар, ямар хүмүүсээс санал ирээд байна вэ?

-”Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд гар бие оролцсон С.Балжиннямаас 51 санал ирсэн. Тэрбээр гэрээний цэг, таслалыг хүртэл хянаж үзсэн байна лээ. Мөн Геологи, уул уурхайн сайд асан, доктор Ч.Хурц, МУИС-ийн багш, доктор С.Авирмэд, Ж.Бямбаа нараас 24 санал бүхий бичиг ирүүлсэн байгаа. Эдгээр ахмад ажилтны үгийг сонсох л ёстой шүү дээ. Өөр олон хүнээс ч санал ирж байна.

-Гэрээнд манай улс найман жилийн хуга¬цаанд ногдол ашиг авах¬гүй гэж байсан. Үүнийг тодруулна уу?

-Гэрээ хийгээд найман жил болсны дараа ногдол ашиг аваад, үүнээсээ 34 хувиа төлөх юм гэсэн. Бас л бүрхэг сонсогдож байгаа биз. Тиймээс яах аргагүй энэ заалтыг эргэж харах байх. Ингэхээс ч өөр аргагүй л дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.