2009.02.17

Ц.Даваасүрэн: Төсвийн тодотгол арай л эртэдчихлээ

Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2009 оны төсөвт тодотгол хийх гэж байна. Төсвөө баталж хэрэгжүүлж эхлээд удаагүй хэрнээ өөрчлөлт оруулах гэж байгаа нь сайн төлөвлөж тооцоолоогүйнх гэвэл Та санал нийлэх үү?

-Цаг хугацааны хувьд арай л эртэдсэн болов уу. Гол үндэслэл болгож яриад байгаа зэсийн үнэ өнөөдөр төсөвт тусгасан 3400 ам.доллараас дээш байна. Хямралыг даван туулах төлөвлөгөөтэй уялдуулах үндэслэл одоогоор алга. Гадаадаас олох 1.5 их наядын зээлийг цаасан дээр буулгаж гэрээ байгуулаагүй байхад яаж төсөвт тусгахав дээ. Зээлийн хүү, үндсэн төлбөр нь тэд гээд тааж тусгалтай биш. Хэлэлцээний явцад юу болохыг мэдэхгүй. Мөнгө олдохгүй бол буцаагаад тодотгоё гэх үү. Алаагүй үнэгний арьсыг булаацалдав гэдэг шиг олоогүй байгаа хөрөнгөөр орж ирэх барааны импортын болон бусад татварыг төсөвт тусгана гэж ярих нь үндэслэл биш.

-Төсвийн тодотголыг хийхийн тулд хэрэглээгээ багасгах саналтай гишүүдийн нэг нь та. Хэрэглээг яаж танаж болох вэ?

-Нэг зүйл ярихаараа өмнөхөө үгүйсгэдэг тал байна. Тухайлбал, ажлын байрыг хорогдуулахгүй, ядууралд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн хэрнээ хэрэглээ, хөрөнгө оруулалтыг бууруулна гэж ярих юм. Төсөв манай улсын нийт хэрэглээний 40 гаруй хувийг авч явдаг. Төсвийн байгууллага, ажилчид байгаа мөнгөөрөө бараа, үйлчилгээ худалдан аваад бизнесийн салбарт зарцуулна, тэр нь эргээд татвар болж төсөвт ордог. Ийм л цикл явагдаж байгаа. Тоолдог мөнгө нь багасахаар хэрэглээ буурч, цаана нь бизнесийн орлого буурч, ажлын байр цөөрч, ядуурал нэмэгдэж байгаа нь тодорхой. Тэгээд ч сүүлийн хоёр жилийн эдийн засгийн өсөлтөөр бий болсон одоогийн хэрэглээний Төвшингийн хувьд эрэлт, нийлүүлэлтээрээ үнэ нь тогтсон байгаа. Үүнийг хадгалж авч үлдэх нь аль ч талаасаа, ажлын байр болон эдийн засгийн өсөлтөө хадгалж үлдэхэд ашигтай. Хэрэглээ байгаа цагт хөрөнгө оруулалт ашигтай болж, ажлын байр нэмэгддэг. Энэ бол эдийн засгийн энгийн ойлголт.

Одоогийн төсвийн алдагдлаа дотоод бололцоогоо ашиглаж, мөн гадаадаас эх үүсвэр олж санхүүжүүлэх хэрэгтэй. Ашигт малтмалын салбараас ирээдүйн орлого харагдаж байгаа учраас зээлээд ч болтугай хэрэглээ, өсөлтөө авч үлдэх ёстой. Төсөвт тодотгол хийж, эдийн засгаа хумих нэг л шалтгаан байж магадгүй. Энэ нь валютын нөөц нь импортын хэрэгцээний төлбөрөө хийж чадахгүй, гадаадаас эх үүсвэр олдохгүй болсон нөхцөл юм. Ийм эрсдэл өнөөдөр бодитой нүүрлээгүй байх шиг. Гаднаас мөнгө олдоно, худалдааны алдагдлаа санхүүжүүлэх бололцоо бий гэж засгийн газар үзэж байна. Аливаа шийдэл гаргахдаа тооцоо, судалгаанд суурилсан сайн төлөвлөгөө боловсруулах талаар бидэнд том дутагдал байна.

-Хоёр толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад 68 хувийн татвар саад болж байгаа учраас төсөвт тодотгол хийх далимаар татварыг тэглэнэ гэх яриа байна. Энэ хэр үнэн бол?

-Тийм зүйл арай ч байхгүй биз дээ. Харж л байя. Оюутолгойн хувьд зэс, алтны холимог орд учраас тийм санаа цухалзаж болох юм. Ер нь яригдаж байгаа хөрөнгө оруулагчдын зүгээс аль болох бага татвар төлөх, бүх нөөцийг нь ухаж авчхаад Монголын талын эзэмших хувийг 30 жилийн дараа 50 хувьд хүргэх тухай хэлсэн шиг байгаа юм. Монголчуудыг дэндүү басамжилсан хандлага гаргаж баялгийг нь хэдхэн хүнээр дамжуулаад цөлөмчих бодол байгааг үгүйсгэхгүй. Өнөөдөр ашиггүй гэрээ байгууллаа гэхэд хэзээ нэгэн цагт сөхөгдөж болно. Тогтвортой удаан хугацаанд ажиллая гэвэл аль алиндаа ашигтай гэрээ байгуулах хэрэгтэй шүү дээ. Монгол бол Африк биш. "Дэлхийн өсөлт" хэмээх ганц хүн үүсгэн байгуулсан олон нийтийн байгууллагыг дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага мэтээр ярьж, сурталчлаад байгаа нь бидний толгойг угаах гэсэн оролдлого гэхээс өөр юу гэхэв. Тэр санаачилсан хүн нь Америкийн Ерөнхийлөгчийн зөвлөх юм гэнэ. Хямралыг давах гэж Америк сандарч байхад Ерөнхийлөгчдөө зөвлөхгүй наашаа гүйдэг Монголд хайртай зөвлөх байх уу. Манай олонд нэр хүндтэй ахмадуудыг оролдоод байх шиг байгаа юм.

Өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээл дээр мөнгө босгох олон арга зам бий. Мөнгө байвал юуг ч захиалж хийлгэж болно. Цогцоор нь асуудлыг шийдсэн маш сайн зураг төсөв хийлгээд үйлдвэрээ, дэд бүтэц, хотхонтой нь байгуулж болно. Бидэнд мөнгө олох хангалттай баялаг, барьцаа, ирээдүйн орлого байна. Энэ төслийг хэрэгжүүлэх чадвартай бизнес, санхүүгийн салбарын боловсон хүчин ч манайд бий болсон.

-Оюутолгойн хувьд өөрийн хөрөнгөөр хайгуул хийгээд ашиглалтын лицензээ авчихсан учраас Монголын тал 34 хувиа худалдаж авна гэж ойлгож байгаа. Газар нь нийтийн өмч байдаг улс орнуудад ямар хэлбэрээр уул уурхайд гаднын хөрөнгө оруулалт хийдэг вэ?

-Энэ ордуудаа бид хэр ашигтай гэрээ байгуулж, бизнесийн эргэлтэд оруулж чадна, тэр хэмжээгээр ма-най орны хөгжлийн хувь заяа тодорхойлогдоно. Ашигтай байлгах олон хувилбар байж болно. Тухайлбал, манай өмнөд хөршийн туршлагыг бид сайн харах ёстой. Газрын хэвлийн баялаг буюу ордынхоо нөөцийг тогтоож, үнэлээд улсын үйлдвэрийн газар байгуулдаг юм байна. Тэгээд 49 хувиа ч юм уу зарчихна. Үйлдвэр барих хөрөнгөө ийм замаар босгочихдог юм байна. Манайхан өөрсдөө энэ ордынхоо нөөцийг баталгаажуулж тогтоосон ч юм байхгүй юм билээ. Тэгээд гэрээ байгуулна гэхээр сонин байгаа биз. Яг л "Бороо гоулд"-ын зам харагдаад байна.

-Өмнө нь саад тотгор тавьсаар байгаад алтан цаг, боломжоо алдсан гээд байгаа шүү дээ?

-Ашиггүй гэрээ оруулж ирээд л хугацаа алдсан байхгүй юу. Эхнээс нь ашигтай хувилбараар явах хэрэгтэй байсан. Тэгсэн бол өдийд үр шимийг нь хүртэх байсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.