2008.12.03

Ц.Даваасүрэн: Эдийн засгийн өсөлтийг дэмжих утгаар төсөв алдагдалтай байх нь…

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-УИХ 2009 оны төсвийг баталлаа. Гэвч төсөв хэтэрхий алдагдалтай боллоо, алдагдлыг ямар эх үүсвэрээр нөхөх нь тодорхойгүй гэсэн эргэлзээ байна?

-Төсөв алдагдалтай батлагдсан нь санаа зовох асуудал биш юм. Гагцхүү эдийн засагт бий болсон өсөлтийг саармагжуулж болохгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мөнгө хуримтлагдаж ажлын байр бий болсон. Ийм үед төсвийг гэнэтхэн хумиад зардлыг багасгавал үйлдвэрлэлийн хөгжлийн хурдцад сөргөөр нөлөөлж болзошгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний тодруулбал дотооддоо үйлдвэрлэж буй баялгийн 40 хувийг төсвийн байгууллага худалдан авдаг. Төсвийг алдагдалгүй батална гээд хэрэглээгээ багасгавал бизнест сөргөөр нөлөөлнө. Батлагдсан төсвийн зургаан хувь нь алдагдалтай байх нь ердийн жишиг. Анх төсвийн төслийг алдагдалгүй оруулж ирэхэд хэтэрхий хумьж болохгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ барилгын салбарын хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр багасгасан нь харамсалтай. Ингэснээр барилгын компаниуд үйл ажиллагааны хүрээгээ багасгаж тухайн салбарт цөөн ч гэсэн хүн ажлын байргүй болж нийгэмд сөрөг үзэгдэл гарч байгаа юм. Энэ мэт зарим хөрөнгө оруулалтыг танасныг эс тооцвол эдийн засгийн өсөлттэй уялдсан төсөв батлагдсан.

-Төсвийн алдагдлыг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр нөхөж болох юм гэж байгаа. Анх удаа дотоодын эх үүсвэрээр төсвийн алдагдлаа нөхөх боломжтой болсон нь сайн зүйл биз дээ?

-Өнгөрсөн жилүүдэд төсвийн алдагдлыг гадаадын зээл тусламжаар нөхөж ирсэн. Гэхдээ хөнгөлөлттэй нөхцөл буюу 40 жилийн хугацаанд 1-2.5 хувийн хүүтэйгээр Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагаас зээл авч ирсэн. УИХ төсвийн орлогыг нарийн шүүгээгүй. Төсөвт өөр орлого олох арга хэлбэрүүд үлдсэн. Алтны тухайд гэхэд л босго үнийг 850 ам.доллараар тооцоод 52 тэрбум төгрөгийн татварыг авахаас татгалзаж байна. Ийм их хэмжээний татварыг авахгүй үлдээнэ гэдэг нь алдагдлыг нөхөх эх үүсвэр цаанаа бийг харуулж буй хэрэг. Стратегийн томоохон ордууд нээгдвэл бүтээн байгуулалт өрнөж импорт ихэсч түүнийг дагаад татвар өснө. Мөн 400 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хувийн хэвшилд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр оруулна. Эл ажил эхэлбэл татвар, импортын орлого нэмэгдэх сайхан боломж бий болох юм. Иймэрхүү байдлаар төсвийн алдагдал нөхөгдөөд явах биз.

-Арилжааны банкуудад мөнгө байршуулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Эрсдэлийн сангийн хуримтлал бол татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг эргээд татвар төлөгчдөд зээлдүүлнэ гэдэг агуулгын хувьд байж болохгүй. Нөгөөтэйгүүр арилжааны банкны асуудал Сангийн яамд уу эсвэл Монголбанкинд хамаатай юм уу. Yнэхээр арилжааны банкуудын санхүү хүнд байгаа бол Монголбанк Сангийн яамтай гэрээ байгуулаад Эрсдэлийн сангийн мөнгийг хэрэглэж болно. Арилжааны банкуудад мөнгийг ямар шалгуураар хэрхэн өгөх нь Монголбанкны л мэдлийн асуудал. Харин Монголбанк бусад банкныхаа эрсдэлийг хамгаалаад явах ёстой. Тиймээс Монголбанкаар дамжуулж олгох нь зөв хувилбар. Хувийн байгууллагаас авсан мөнгийг хувийн банкинд таатай нөхцлөөр өгч болохгүй. Харин арилжааны банкуудад байгаа иргэдийн хадгаламжид төрөөс баталгаа гаргасан нь цаг үеэ олсон зөв алхам. Яах аргагүй авах ёстой арга хэмжээ. Төр Монголбанкаар дамжуулаад бусад банкны үйл ажиллагааг дэмжих бодлого явуулах нь зохимжтой юм. Түүнээс биш хоёр Монголбанк байж болохгүй. Засгийн газар оруулж ирсэн төслөө эргэж харах, засч сайжруулах зүйл байсан болоод буцааж татсан байх.

-Зургаан настай хүүхдүүдийн боловсролын асуудлыг байнгын хороодын хуралдаанд дээр хөндөж байсан. Тухайлсан ямар асуудлууд байсан бол?

-Боловсрол гэдэг бодлоготой хийхгүй бол үр дүн нь буруу илэрдэг салбар. 12 жилийн сургалтад шилжинэ гэдэг суурь шинэчлэл. Шинэчлэлийг хийхдээ санхүүгийн асуудлыг давхар шийдэх ёстой. Манай орны нөхцөлд зургаан настай хүүхэд сургуульд орно гэдэг өвөрмөц онцлогтой. Хөдөө орон нутгийн зургаан настай хүүхдүүд дотуур байранд амьдарна. Тэдэнд асрагч багш шаардлагатай шууд тоо бод, ном унш гэж болохгүй тоглох тоглоом хэрэгтэй. Эдгээр хүүхдийн оюун ухаанд эх орноо хайрлах, эх, эцгээ хүндлэх ухамсрыг суулгах ёстой. Хэчнээн сайн хууль батлаад манайхан мөрдөхгүй, ёс суртахууны асуудал. Хууль мөрддөг ёс суртахуунтай хүн бий болгохын тулд зургаан настнуудыг одооноос бэлтгэх учиртай. Мөн зургаан настнуудад дотуур байрны асуудал хүнд байна. Жилд 40 гаруй мянган хүүхэд шинээр сургуульд ордог байсан бол энэ жил 28 мянган зургаан настай хүүхэд нэмэгдэж орсон. Малчид отор нүүдлээр явна, хүүхдээ дотуур байранд эсвэл сумын төвд айлд өгөхөөс аргагүй. Энэ жил дотуур байрны орыг 600-гаар нэмэгдүүлэх байсан ч амжаагүй. 2009 оны төсөвт мөнгө тусаагүй болохоор ирэх жил дотуур байрны асуудалд ахиц гарахгүй байх. Төсөв батлах гэдэг нь бодлого хэрэгжүүлэхийг хэлдэг. Гэтэл манай төсвийн төлөвлөлт гажуудалтай явж ирсэн. Энд тэндхийн аймаг, сумын жижиг сажиг засварт төсвийн мөнгийг тараагаад дуусдаг. Манайхан тийм ийм юм хийнэ гэж баримт бичиг гаргачихаад мөнгийг нь өгөхгүй үлдээчихдэг. Хөрөнгө оруулалт бүр хөтөлбөр бодлогод тулгуурласан байх ёстой. Би Сангийн яаманд арав гаруй жил ажилласан. Эргээд харахад бидний гол дутагдал бодлого хөтөлбөрт суурилсан төсөв төлөвлөхөд алддаг байжээ. Нийгмийн халамжийн мөнгийг танаж чадаагүй, үүнд 600 тэрбум төгрөг зарцуулж байна. Төсвийн албан хаагчдын цалинд 580 тэрбум төгрөг зарцуулдаг. Залуу гэр бүлийн мөнгө болон боломжийн амьдралтай айлын 80 мянган хүүхдээс халамжийн мөнгийг хэмнэх боломжтой. Мөн 600 сая ам.доллараар 3000 км хатуу хучилттай зам тавьж болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.