2008.11.27

Ц.Даваасүрэн: Алдагдалгүй байна гээд төсвөө хэтэрхий хумих нь осолтой

-80-аад мянган хүүхэд халамжийн мөнгө “авдаггүй”. Энэ мөнгийг боловсролд зориулах хэрэгтэй-

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг их хурал өөрчилсөн. Үүнд зарим гишүүд нэлээд ширүүхэн хандаж байсан. Таны хувьд энэ өөрчлөлтийг юу гэж бодож байна даа?

-Орж ирсэн төсөл нь өөрчлөгдсөн. УИХ-аар төсөв хэлэлцэх явцад дэлхийн эдийн засгийн хямрал, бодит нөхцөл байдалтай уялдуулаад төсвийн орлого зарлагад өөрчлөлт оруулсан юм. Түүнээс биш УИХ-д төсөл орж ирэнгүүт гишүүд тойргийн асуудал яриад зардал нэмсэн зүйл байхгүй. Засгийн газрын зэсийн үнийг 6700-аар тооцсон байсан. Гэтэл одоо дэлхийн зах зээл дээр 3400 болчихсон байна. Зэсийн үнэ 3400 болохоор 400 гаруй тэрбум төгрөгөөр орлого буурч байгаа. Зардлаас 90 гаруй тэрбумыг бууруулсан.

Гэхдээ зардал бууруулахдаа анхаарах хэрэгтэй. Үрэлгэн зардал байна уу гэхээр байгаа. Тиймээс үүнийг олж илүү бүтэцтэй байх шаардлагатай юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Тухайлбал, Төрийн өмчийн хорооны хэрэг байна уу, Өмч хувьчлал дуусчхаад байхад хоёр гурван объектын асуудлыг шийдэх л үлдсэн учир ТӨХ Сангайн яаманд ороод хэлтэс болоод явах бололцоотой гэсэн саналыг дэмжиж байгаа. Бүтэц болон зарим нэгэн тодорхой арга хэмжээний зардлуудыг хасах хэрэгтэй байгаа юм.

-Ямар арга замаар?

-Малыг үр ашигтай, мал аж ахуйн чиглэлийн гэсэн хоёр гурван зардал гаргаад байгаа. Иймэрхүү зардлыг нэгтгэж, хянах шаардлагатай. Түүнээс биш байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй явуулах зардал тэртээ тэргүй хүрдэггүй юм. Би гурван салбарт ажилласан хүний хувьд энэ асуудлыг үнэхээр сайн мэдэж байна. Автоматаар бид тэдэн хувь гээд хасах юм бол баахан өр үүснэ. Төсөвт сууж байгаа халамжийн өрх гэрт очиж байгаа шилжүүлгийн зардал асар өндөр болсон байна лээ. Монгол Улсын төсвийн байгууллагуудын ажиллагсдын цалингийн сангаас 70 тэрбум төгрөгийг илүү аваад байгаа юм билээ. Тэгэхлээр халамж зэрэгт анхаарах, хасах зардал байна гэж бодоод байгаа юм, би. Тухайлбал, хүүхдийн болон шинээр гэр бүл бологсдод өгөх мөнгө зэрэг. Орлого сайтай айл халамжийн мөнгөнд нэг их ач холбогдол өгөхгүй байна шүү дээ.

80-аад мянган хүүхэд энэ мөнгийг “авдаггүй”. Тэгэхлээр энэ найман тэрбум төгрөгийг залуучуудын боловсрол зориулъя л даа. Төсөв дээр хөндөгдөж байсан асуудлын нэг нь халамж бэлэн мөнгө өгөхөөс татгалзъя гэсэн санаа байлаа. Бэлэн мөнгө тараах нь хөдөлмөрч сэтгэлгээг устгаж байна. Гэсэн ч сая хасаж чадаагүй. Ер нь орлого сайтай айлын халамжийн мөнгийг хасах л ёстой. Хөрөнгө оруулалтыг танахаасаа илүү үүнд анхаарах хэрэгтэй.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарна гээд байгаа. Таныхаар яаж анхаарвал манай улс жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж чадах бол?

-Ажлын байр нэмэгдүүлье гэж байгаа нь зөв. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал сая гарсан шинэ зүйл биш. Миний мэдэж байгаагаар 1990-ээд оноос яригдсан асуудал. Гэтэл өнөөдрийг хүртэл хөгжөөгүй байна. Яагаад гэхээр мөнгөндөө биш, энэ нь асуудлыг шийдэхгүй. Зөвхөн тухайн хүний ур чадварыг нээж өгмөөр байгаа юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хөгжөөд хүний ур чадварыг нээгээд өгөх юм бол жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө. Түүнээс биш мөнгө тавиад л хөгжих асуудал биш. Миний бодлоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ахиухан хөрөнгө зарах хэрэгтэй гэж боддог. Эхлээд сургах хэрэгтэй.

-Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг гишүүд янз бүрээр тайлбарлаж, асуудлыг дараагийн хэлэлцүүлгүүдээр ярих нь зөв гэх мэтээр ярьж байсан. Заавал дараагмйн хэлэлцүүлгээр асуудлыг шийдэх ёстой юу? Мөн төрийн албан хаагчийн хариуцлагатай холбоотой хохирлын хэмжээ нэмэгдсээр байгааг та юу гэж бодож байна вэ?

-Ер нь хоёрдугаар хэлэлцүүлгийг сайн хийх хэрэгтэй шүү дээ, Заавал гурав, дөрөв гээд өөрчлөөд байх шаардлагагүй. Өмнө ч төсвөө хэлэлцээд батлаад л ирсэн. Гэхдээ зардлын асуудлыг дахиад хэлэлцэх, хөндөх боломжгүй болоод байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулж байгаа төсвийн тэнцлийн алдагдал өндөр болчихлоо. Үүнийг дахиад хэлэлцэе гэхлээр гурав, дөрвөөс боломжгүй болж байгаа юм. Ер нь хоёрдугаар хэлэлцүүлэг явж байхад асуудлаа шийдэх ёстой. Төрийн нэрийг бариад хувьдаа завших тохиолдол зөндөө байдаг.

Өөрөөр хэлбэл, төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа хүний буруутай үйл ажиллагааны хохирол болох 500 сая төгрөг өнөөдөр 3.5 тэрбум болтлоо өсжээ. Дээрээс нь энэ хохирлыг төр даана гээд тусгачихсан байгаа. Гэхдээ үүнд зарим нэгэн заалт байгаа нь зүйтэй. Жишээ нь, хэн нэгэн гурван удаа ялын дээд хэмжээг хэлмэгдээд авсан байж болно. Энэ хүнд сэтгэл зүйн дарамтад оруулсны төлөө хэдэн төгрөгийн асуудал шийдэж өгөх нь зөв. Ер нь хуулиа сайн эргэн харж ажил үүргээ буруугаар амигласан хүнд тооцох хариуцлагын системийг бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол яваандаа төрийн нэрийн өмнөөс ажил гүйцэтгэж байна гээд дунд нь идэж шамшигдуулах асуудал гарах магадлалтай.

-Төсөв зургаан хувийн алдагдалтай гарсанд УИХ буруутай гэж зарим гишүүд үзэж байгаа юм билээ?

-УИХ-ын бодлогын буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Ерөөсөө зэсийн үнийн уналтад бодитой хандах хэрэгтэй. Нэг хэсэг гишүүд дэлхийн зах зээл дээр одоо зарагдаж байгаа үнээр буюу 3600-3700-аар, авах саналтай байгаа. Гэхдээ бодитой нь 3400 гэдгийг хоёр талаасаа Засгийн газар, ажлын хэсэг зөвшилцөж шийдсэн. Тиймээс 3400-аар авах болсонтой холбогдуулаад орлого 400 тэрбумаар буурч байгаа.

-Төсвийн алдагдлыг Эрсдэлийн сангаас гаргана гээд байгаа. Энэ хэр зөв алхам юм бол?

-Тодорхой нэг хэсгийг эдийн засгийн гэнэтийн хүндрэлээс болоод экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр огцом унах юм бол төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна гэсэн заалт байгаа. Гэтэл бид Монгол Улсыг хөгжүүлэх сангийн орлогоо хаачихсан. Алтны босгыг 850 ам.доллар болгочихлоо. Уг нь 500 байсан бол бага ч гэсэн юм орж ирэх байсан. Миний бодлоор асар буруу зүйл болсон гэж бодоод байгаа. Яагаад гэхээр татвар төлөхгүй байж болдог юм байна гэсэн сэтгэгдлийг иргэдэд өгч байна. 500 ам.доллар байхад нь татвар төлөөгүй хүмүүсээ урамшуулж байгаа нь 50 гаруй тэрбум төгрөг алдаж байгаа хэрэг. Ирэх жил Монгол Улсыг хөгжүүлэх • санд орж ирэх орлого зэсийн үнэ л огцом өсөхгүй бол бүрхэг байна.

-Ирэх оны төсвийг та яаж харж байна вэ?

-Одоо байгаа 400 тэрбумаа ашиглана л даа. 2009 оны хувьд төсөв дээр айхтар хүндрэл гарахгүй байх. Одоо байгаа нөөцөөрөө явчих байх. Харин 2010 онд манай гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буурах, өсөхийг мэдэхгүй байна. Алт өсөж зэс төдийлөн өсөхгүй байх гэсэн таамаглал бий.

-Гадаад зах зээлээс мөнгө татах асуудал яригдаж байгаа. Төсөв өндөр алдагдалтай байгаа нөхцөлд мөнгө татахад ямар нэгэн асуудал гарах болов уу?

-Өнөөдөр дэлхийн эдийн засагт тодорхой хэмжээний өсөлт бий болсон байгаа. Бид төсвийг хэтэрхий хумивал дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувь нь улсын төсөвт ордог. Тэгэхлээр алдагдалгүй байлгана гээд төсвийн зардлаа хэтэрхий хумих нь осолтой. Иймд тодорхой хэмжээний алдагдлыг бонд гаргана уу, гадаад эх үүсвэрээс мөнгө татаж нөхөх үү гэдэг нь Засгийн газрын л менежментийн асуудал. Ер нь төсвийн алдагдал таваас дээш гарсан нөхцөлд хүндрэлтэй. Гэхдээ орлогын нөөц бололцоо байгаа байх гэж боддог.

Тухайлбал, хоёр том орд болон 400 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй хувийн хэвшлийг дэмжих асуудал зэрэг нөөцүүд бий. Бид орлогоо хэтэрхий болгоомжлон тооцсон байж болзошгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид юу харах вэ гэхлээр ашигт малтмалын орд газрууд, алт зэсийн үнэ хэд байх нь вэ, Монгол баялгаа хэрхэн ашиглах гэж байна гэдгийг л харна. Түүнээс биш төсөв нь алдагдалтай байна уу гэдэг тэдний хувьд айхтар асуудал биш.

-Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Засгийн газар хөтөлбөрөө батлуулахын тулд авилгын шинжтэйгээр гишүүн тус бүрт тэрбум төгрөг хувиарлах боллоо гэсэн яриа байгаа. Энэ талаар?

-Буруу ойлголт байгаа юм шиг байна лээ, иргэдэд. Орон нутагт ажиллаж байхад гишүүд 500 сая, тэрбум төгрөгийг өөрөө халааслаад байдаг юм гэсэн ойлголттой байсан. Зарим сэргэлэн гишүүд хөрөнгө оруулалтыг тойрогтоо илүү тусгаад байна, зарим нь тусгаж чадахгүй байна гэдэг асуудлаас болж л квот өгөөч гэсэн юм билээ. Түүнээс биш чамд УИХ-ын гишүүн болсонд 500 сая, нэг тэрбум гэсэн асуудал байхгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбогдуулан аймаг, орон нутагт зайлшгүй шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг хүн амын тоотой нь зохицуулаад тодорхой хэмжээний мөнгийг орон нутагт гаргая гэсэн саналтай байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.