Ц.Дашдорж: Хэрэглээний сэтгэлгээнээс татгалзах цаг болсон
-“Монголчуудаа бүсээ чангалаарай” гээд Засгийн газар сануулж байна. Нэг тонн зэсийн үнэ 3200 ам. доллараас доош орсон тохиолдолд инээхээс аргагүй байх. МАХН 3400-гаар тооцохыг санал болгосон. Энэ хаанаас гарсан тоо вэ?
-ОУВС, Монголбанк болон бусад шинжээч, судлаач нэг тонн зэс 3000-4000 ам. долларын хооронд хэлбэлзэх байх гэсэн тооцоо хийж байна. Зэсийн үнэ төд болж өсөж, буурна гэдгийг хэн ч яг таг таамаглах боломжгүй юм. Дээш, доош хөдөлсөн тохиолдолд төсөвтөө тодотголоо хийгээд явахаас өөр гарц байхгүй. Чили улс дэлхийн зэс олборлолтын гуравны нэгийг гаргадаг. Ирэх оныхоо төсөв нэг тн зэсийг 3260 орчим ам.доллараар тусгасан байна билээ.
Дэлхийд үүсээд байгаа санхүүгийн хямралыг хохирол багатай давах талаар улс болгон янз бүрийн арга хэмжээ авч буй. Хятад улс төсвийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөө хангах бодлого барьж байна. Энэ нь манай улсын экспортын барааны үнэд нааштай нөлөө үзүүлэх нь гарцаагүй.
МАХН-ын бүлгээр асуудлыг олон талаас нь хэлэлцээд 3400 ам. доллараар тооцох шийдвэр гаргасан. Ингэснээр төсөвт 20 гаруй тэрбум төгрөгийн нэмэгдэл эх үүсвэр бий болно.
-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төслөөс болж хоёр намын бүлгийн хооронд маргаан үүссэн. АН “Атрын III” аян шиг нэгдсэн том хөтөлбөр хэрэгжүүлье гэхэд нь МАХН тойрогтоо хөрөнгө оруулалт хийнэ гээд байгаа.
-Маргасан зүйл байхгүй. Иргэдээ мөнгөжүүлэхийн тулд ажлын байр бий болгохыг дэмжих ёстой. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт энэ асуудал тодорхой туссан. АН том бодлого ярьдаг, МАХН тойргийн хэмжээнд сэтгэдэг гэж хэлж болохгүй байх. Сонгуулийн ийм системтэй оронд тойрогт тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө л УИХ ажилладаг шүү дээ.
Бидний бүрэн эрхийнхээ хугацаанд зайлшгүй шийдэх асуудлын нэг нь жижиг, дунд үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг төгөлдөршүүлж, эдийн засаг, санхүүгийн дэмжлэгийг тодорхой болгох замаар ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийг мөнгөжүүлэх явдал. Энэ бол төрийн үүрэг.
-Задгай явуулсан төсвийн бодлогоо хумих гэдэг хүндрэлтэй. Зардал хэмнэх, хумих талаар дорвитой алхам хийж чадах нь уу. Байдал ийм байгааг улстөрчид хэр ойлгож хүлээж авч байгаа юм бол.
-Ойлгож байна. 2008 онд инфляци өндөр хувьтай гарахаар байна. Тийм учраас инфляцийг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах цогц, тууштай бодлого хэрэгжүүлэх ёстой. Аливааг томруулах амархан. Харин хумих нь асар их зовлонтой. Байсан юм гэнэт алга болохоор нийгэм хүлээж авах уу.
Нэгэнт хэрэгжээд эхэлсэн нийгмийн хамгааллын бодлогоо буруу гэхийн оронд урсгал зардал, үр ашиггүй хөрөнгө оруулалтын өөр бодлого хэрэгжүүлдэг болмоор байна. Эдийн засгийн үндсэн сектороо хамгаалах асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ талаар Засгийн газар арга хэмжээний жагсаалт гаргаж, бодлогоо цогцолбороор хэрэгжүүлэх ёстой болж байна. Асуудлыг үндсээр нь харж, эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй юм.
-Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого манай төр засагт байгаа юм уу. Шаардлагатай бол яаж хамгаалах вэ. Тухайлбал, Монгол Улс сүү, махны эх орон. Гэтэл энэ төрлийн импортын бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэдэг?
-Хөдөө аж ахуй бол манай улсын эдийн засгийн тулгуур хүчин зүйл. Энэ төрлийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж, импортын царай харахгүй байх бүрэн боломжтой. Техник, технологийн болон хөрөнгө оруулалтын бодлого үгүйлэгддэг юм. Эхлээд жижиг, дунд үйлдвэрлэлийн хүрээнд асуудлыг шийдээд өгчих хэрэгтэй. Цогц бодлого хэрэгжүүлбэл “Атрын III” аяны адил үр дүнгээ өгнө. Зах зээлтэйгээ уялдсан төрийн бодлого, зохицуулалт л дутагдаж байхгүй юу. Зах зээлийн эдийн засагтай оронд төрөөс гурван зүйлийг л шидэж өгөх хэрэгтэй байдаг.
Ижил тэгш үйлчилдэг хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлээд өгчих хэрэгтэй. Иргэдээ мөнгөжүүлэхийн тулд зээл, татварын бодлогоор дэмжиж, ажил, үйлдвэрлэл эрхлэх, мэргэшиж, боловсрох боломжоор хангах нь төрийн үүрэг. Эцэст нь иргэд өөрийнхөө төлөө хичээж чармайх хэрэгтэй.
-Дэлхийн эдийн засгийн хямрал манайд нөлөөлнө. Харин санхүүгийн хямралд өртөхгүй гэцгээж байсан. Гэтэл манай банкнуудын үйл ажиллагаа доголдоод эхэлчихлээ. Банкнууд дампуурчихгүй биз?
-Олон улсын шинжээчид манай банк, санхүүгийн системийн үйл ажиллагааг тэгтлээ муудчихаагүй гэж байгаа. Монголбанкны албаны хүмүүсийн хэлж буйгаар үйл ажиллагаа нь доголдсон банк алга. Орон сууцны зах зээлд гаргасан банкнуудын зээлийн хэмжээ 4-17 хувьтай байгаа гэсэн. Зээл олгохоо зогсоосон, өндөр хүүтэй хадгаламж татах болсон талаараа Банкнууд үнэн зөв мэдээлэл өгч байх хэрэгтэй.
-Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулахыг та дэмжиж байгаа юу?
-Зөв гэсэн байр суурьтай байгаа. Эдийн засгийн өсөлт хангагдахаа болиод, иргэдийн гар дээр мөнгө байхгүй болоод ирэхээр худалдан авах чадвар мууддаг. Худалдан авах чадвар муудахаар үйлдвэрлэгчид мөнгөний хомсдолд ордог. Энэ байдлаас гарахын тулд зээл хэрэгтэй болно. Тийм учраас арилжааны банкнуудад дэмжих нь зөв.
Мөнгө үргэлж эргэлтэд байх ёстой. Сангийн хөрөнгийг Монголбанканд бага хүүтэй байлгаж байснаас арилжааны банкуудад арай өндөр хүүтэй байршуулаад төв банк хяналтаа тавих бүрэн бололцоотой. Арилжааны банкуудад жилийн 14 хувийн хүүтэй байршуулахад 30 гаруй тэрбум төгрөгийн хүүгийн орлого олно. Энэ бол эрүүл алхам. Хяналтын механизмыг сайжруулах талаар Засгийн газар ул үндэстэй, тооцоо судалгаатай санал оруулж ирэх хэрэгтэй.
-Инфляци бууруулахын тулд хийх эхний алхам, суурь бодлого таныхаар юу байх ёстой вэ?
-Инфляци буулгах, эдийн засгийн өсөлтөө хангах гэсэн хоёр зорилтын өмнө бид байна. Олон улсын зах зээлд гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурсан. 2009 оны төсвийн хумих бодлогын үр дүн ч нөлөөлөх байх. Дотооддоо тодорхой нэрийн бүтээгдэхүүний аюулгүйн нөөц бүрдүүлж эхэллээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд инфляци буурах боломжтой. Уул уурхайн үнийн өсөлтийн зөрүү манай улсын төсөв тэлэхэд нөлөөлсөн. Түүний үр дүнд бид үйлдвэрлэл хөгжүүлээд, ашигтай ажилласан зүйл байхгүй. Импортыг орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд мөнгөний зөв бодлого явуулах ёстой. Банк, санхүүгийн салбараа дэмжиж, эрүүлжүүлэх учиртай юм.
-Төсвийн реформ хийнэ гээд байгаа. Ирэх оны эхээр Засгийн газар саналаа оруулж ирэх юм шиг байна. Зардал бууруулахын тулд захиргааны орон тоог цөөлөх хэрэгтэй гэж гишүүд ярьдаг. Ялангуяа дэд сайд, газар, хэлтэс, агентлагийн орлогч дарга нарыг байхгүй болгохоос үүнийг эхэлье гэж байгаа нь зөв алхам мөн үү?
-Төрийн данхар бүтцийг багасгаж, үйл ажиллагааны давхардлыг арилгах чиглэлээр УИХ бодит алхам хийх шаардлагатай. Юуны өмнө засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн бүтцийн асуудалд анхаарлаа төвлөрүүлж, сумдын тоог цөөлөх, иргэний нийгэм болон төрийн бус байгууллагууд төрийн тодорхой үүргийг хэрэгжүүлдэг байх эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэх хэрэгтэй. Түүнээс бус зөвхөн дэд сайд, орлогч дарга нарыг цөөлөх нь зөв зарчим биш. Дэд сайд шаардлагатай албан тушаал.
-Зарлага бууруулах реформ хийхийн тулд нийгмийн халамжийн бодлогуудаас татгалзах хэрэгтэй биш үү?
-Нийгмийн халамжийн бодлогууд сонгуулийн тогтолцоотой шууд холбоотой. Манай улс нэг удаа гурван сонгууль явуулдаг. Сонгууль болгоноор баахан амладаг. Тэгэхээр сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. 2021 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд асуудлаа ярьдаг болмоор байна. Тэгэхгүй бол сонгууль болгоноор уралдаж амалдаг, дараа нь түүнээ хэрэгжүүлэх гэж зовдог байдлаасаа татгалзах хэрэгтэй.
-Уг нь манай улсыг зах зээлийн харилцаанд шилжээд 18 жил боллоо гэдэг. Гэтэл эдийн засаг дахь төрийн оролцоо жил ирэх бүр нэмэгдээд байгааг юугаар тайлбарлах юм бэ?
-Макро эдийн засгийн түвшинд гардаг тоо баримтууд байдаг юм. Тэр нь жил бүр л данхайгаад байдаг хэрнээ иргэдийн амьдралд наалдсан зүйл тун бага. Эдийн засаг дахь төрийн оролцоо хэтэрхий өндөр байгаа. Төр бодлого гаргаж, эрх зүйн орчноо л боловсронгуй болгож өгөх хэрэгтэй. Зах зээлийн зарчим ийм л байх ёстой.
-Зах зээл дэх төрийн оролцоо хэтэрхий өндөр байгаа нь үнэн. Дээр нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал манай эдийн засаг болон бизнесийн үйл ажиллагаанд хэр зэрэг мэдрэгдэж байна вэ. Үйлдвэрлэгчид болохоор зах зээл хумигдаж байна гэдэг. Та бас бизнесийн салбарт ажиллаж байсан хүний хувьд ямар дохио авч байна вэ?
-Мэдрэгдэж байна. Долоо хоногийнхоо хүнсийг 50-60 мянган төгрөгөөр цуглуулдаг байсан хүн өнөөдөр 100 мянгыг зарцуулж байна. Бизнес эрхлэгчдийн орлого муудаж байна. Хөдөөд ялангуяа зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Энэ бол эрүүл тогтолцоо биш. Хүн бэлэн мөнгөөр амьдрал ахуйгаа төлөвлөх, зээлээр тооцохын хооронд алд дэлмийн зөрүү бий. Хүн зээлээр бараа авахаар илүү хэрэглээ бий болгодог. Монголчууд хэрэглээний нийгмийн ард түмэн болчихсон. Ганц машины мөнгөтэй болонгуут монгол хүн машин аваад уначихдаг. Ази хүн тэгдэггүй. Арван машины мөнгөтэй болсон хойноо нэг машин авдаг. Хуримтлалын сэтгэхүй гэж үүнийг хэлдэг.
Хөдөөгийнхөн ноолуур, мал, махаа барьцаалаад зээл авдаг. Үүнээс болж өрийн сүлжээ үүсдэг. Ноолуурын үнийн зөрүүд малчдад 30.5 тэрбум төгрөг олгох шийдвэр гаргасны төлөө биднийг нэг хэсэг ямаа, ухна гэж баахан хэлэв дээ. Энэ чинь малчин, банкны хооронд үүссэн зээлийн гацааг арилгах гэсэн зорилго шүү дээ. Малчдын ачааг бууруулахын хажуугаар банкны доголдсон системийг засах гэсэн л бодлого. Цаашдаа ч эдийн засгийн өсөлтийг хангах, бизнесийн салбараа бодитоор дэмжих шаардлага гарч байна. Ингэж байж санхүүгийн хямралаас дотоодын зах зээлээ хамгаална.
-Орон нутгийн сонгууль нийслэлд дахихаар болсон. Говь-Алтай аймагт болоод өнгөрсөн ч одоо хүртэл маргаантай байгаа гэсэн. Тойрогтойгоо холбоотой байгаа юу.
-Аймгийн ИТХ-д МАХН 17, АН 14 суудал авсан. Гурван тойргийн маргаан байгаа учир өнөөдрийг хүртэл асуудлаа шийдээгүй, хүлээлтийн байдалтай байна. Хууль, шүүх асуудлыг шударгаар шийдэх байх.