Монгол Улсын 2009 оны төсөвт нийт дутагдаж буй эх үүсвэр 1 их наяд 57.8 тэрбум төгрөг болж байна. Тиймээс төсвийн орлогыг нэмэгдүүлэх, доноруудын дэмжлэгийг авах, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн эрсдэлийн хэсэг, үлдэгдлийг ашиглах зэрэг арга хэмжээ авснаар 855.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болгож, урсгал зардлыг 71.8 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтыг 131.7 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголд тусгасан байна.
Засгийн газар төсвийн орлого нэлээд хэмжээгээр буурч байгаатай холбоотойгоор эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дайчлах, холбогдох зарим хууль, тогтоомжуудад өөрчлөлт оруулах, төсвийн урсгал зарлагын хэмжээг бууруулах, халамжийн зарим үйлчилгээг дэмжлэг, тусламж зайлшгүй шаардлагатай хэсэгт чиглүүлэх, төрийн болон төсөвт байгууллагуудад зардлын хатуу хэмнэлтийг мөрдүүлэх, төрийн албан хаагчдын цалинг эргэж харах зэрэг арга хэмжээг хойшлуулалгүй авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Урсгал зардлыг бууруулах арга хэмжээний хүрээнд төсөвт байгууллагуудад орон тоог нэмэгдүүлэхгүй байх, орон тооны хязгаараас нэмэгдэж байгаа болон сул байгаа орон тоонд шинээр ажилтан авахгүй байх, зарим нэн шаардлагатай биш арга хэмжээний төсвийг бууруулах буюу зарим арга хэмжээг зогсоох арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
Хөрөнгө оруулалтыг бууруулах, хумих бодлогын хүрээнд 2009 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээг хойшлуулах зарчим баримтална. Ингэхдээ олон улсын болон Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр хэрэгжиж буй зээл, тусламжийн төслийн Монголын талын хүлээсэн үүргийг ханган биелүүлэх, нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон арга хэмжээг хойшлуулалгүй хэрэгжүүлэх, тендер нь зарлагдаагүй, барилгын ажлын гэрээ байгуулагдаагүй, гэрээ байгуулсан боловч барилга угсралтын ажил эхлээгүй, санхүүжилт хийгдээгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг хойшлуулахаар тооцжээ.
Төсвийн тодотголыг хэлэлцсэнтэй холбогдуулан