Д.Тэрбишдагва: Техник технологи хөгжсөн энэ үед гэрээг 30 жилээр байгуулж болохгүй
УИХ-аар хэлэлцэж буй Оюунтолгойн гэрээний төслийн талаар УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагватай ярилцлаа.
-Та Оюутолгой гэрээний төсөлтэй танилцав уу. Мэргэжлийн хүмүүс энэ гэрээний төслийг маш муу болсон гэж шүүмжлэх юм. Таны хувьд ямар санагдав?
-Би уул уурхайн салбарыг сайн мэдэхгүй. Тэгэхдээ Монгол Улсыг хөгжүүлэх, монголын ард түмнийг сайн сайхан амьдруулахад ашигт малтмалын орд газруудыг ашиглах шаардлагатай. Түүний дотор Оюутолгой, Таван толгойн орд газрыг даруйхан эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Аливаа хуулийн үзэл баримтлалыг боловсруулахад 1-2 яам оролцдог. Гэтэл Оюутолгой гэрээний төслийг боловсруулахад таван сайдын гарын үсэгтэй үзэл баримтлал болжээ.
Нөгөөтэйгүүр, энэ гэрээний төсөлд Монголын гурван сайд нөгөө талаас “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК компани гарын үсэг зурах юм билээ. Тэгэхээр Монголд байгаа хязгаарлагдмал хариуцлагатай компанитай төрийн гурван сайд гарын үсэг зурна гэдэг ойлгомжгүй. Би энэ гэрээний төслийг маш сайн боловсруулсан байх гэж бодож байлаа. Олон улсын гэрээ, хэлэлцээр ямар байдгийг ч мэднэ, би. Ингээд харьцуулаад үзэхээр маш муу гэрээ болсон.
-Яг юугаараа муу болсон гэж та үзэж байгаа юм бэ?
-Би гэрээг бүхэлд нь муу гэж хэлэхгүй. Гэрээтэй танилцаж, судалж байхад эргэж харах зүйл их байна. Монгол Улс орд газраа 30 жил ашиглуулах, өөрсдөө 34 хувийг эзэмших, бүхэл бүтэн нэг компанид зориулж хууль гаргасан гээд олон зүйлийг ярьж болно. Надад олон хүн хандан, бичиг, санал өгч байна. Ялангуяа, мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачид. Тиймээс би сүүлийн хоёр өдөр нэлээд нухацтай судалж үзлээ. Яах аргагүй дахин засаж, залруулах шаардлага байна. Ер нь, бид юуны түрүүнд монголын ард түмний язгуур эрх ашгийг бодох ёстой. Үүцээ задалж байгаа энэ гэрээнээс монголын ард түмэн их зүйлийг хүлээж байгаа. Гэтэл эрдэмтэн, судлаачдын хэлж буйгаар энэ гэрээний төслөөр бол 30 жилийн дараа Монголд үлдэх юм тун ховор юм билээ. Тухайлбал, манайх 125 сая ам.долларын урьдчилгаа авна гээд байгаа.
Энэ мөнгийг аваад хүүхдийн мөнгө, бусад тэтгэвэр, тэтгэмжийг өгөх байх гэж бодсон чинь үгүй юм байна. Урьдчилгаа болгож авсан энэ мөнгө нь үе шаттай, хүүтэй зээл. Мөн манай төр эзэмших 34 хувиа ч хүүтэйгээр буцаан төлөх юм билээ. Ер нь бол хөрөнгө оруулалтын гэрээг аль аль талдаа ашигтай, өгөөжтэй хийх ёстой гэж боддог.
-Оюутолгойн гэрээг 30 жилийн хугацаатай байгуулахаар төсөлд тусгагдсан. Үүнд зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байна. “Бороо гоулд”-ын гашуун сургамж давтагдах вий гээд л…?
-Техник технологи хөгжсөн энэ үед гэрээг 30 жилээр байгуулж болохгүй. Энэ хугацаанд юу ч үлдэхгүй, бүгдийг нь аваад гарах юм билээ. Тиймээс дор хаяж 15 жилээр гэрээ байгуулах ёстой. Олон улсын жишигт, 5-15 жилийн хугацаа л байдаг. Тэгэхээр бид 30 гэдэг тоон дээр эргэн харах ёстой.
-Оюутолгойн орд газраас зэсээс гадна бусад дагалдах металуудыг олборлох боломжтой гээд байгаа. Энэ талаар гэрээний төсөлд тусгагдсан байна уу?
-Гэрээнд баяжуулах үйлдвэр байгуулна. Эцсийн бүтээгдэхүүн гарна. Дэд бүтцийг хөгжүүлнэ, ажлын байр бий болгоно гэж тусгасан байна билээ. Тэгэхдээ бүгдийг нэг бүрчлэн гэрээнд тусгана гэвэл хэдэн зуун хуудас юм болно.
-Мөн ногдол ашгийг найман жил авахгүй гэж гэрээнд тусгасан гэсэн. Ингэж татвараас чөлөөлөх нь зөв үү?
-Найман жил ногдол ашиг авахгүй. Ес дэх жилээс хойш ногдол ашиг аваад түүнээсээ 34 хувийнхаа зээлийг төлнө гэсэн байгаа. Тэгэхээр найман жил ногдол ашиг авахгүй байж байгаад авахаараа өр төлнө гэж юу байхав дээ. Энэ болгон дээр эргэн харах ёстой гэж бодож байна.
-Та дээр хэлсэн. Олон эрдэмтэн, судлаачаас санал, хүсэлт ирж байна гэж. Тухайлбал, тэд ямар саналыг ихэвчлэн тавьж байна?
-”Эрдэнэт” үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд оролцсон эрдэмтэн Балжинням гуай гэрээг нэг бүрчлэн үзэж 51 санал боловсруулсан байна. Мөн эрдэмтэн Хурц, Авирмэд гуай нар 24 саналыг энэ гэрээнд тусгаж өгөөч гэж ирүүлсэн байх жишээтэй. Тэдний саналуудаас авах юм их байна. Тэгэхдээ бид социалист биш зах зээлийн нийгэмд байгаа учраас зах зээлийнхээ жамаар аль аль талдаа ашигтай ажиллана. Бүх юмыг улсын эрх ашиг гэхээс гадна харилцагч компаниа ч бодолцох ёстой. Хоёр талд ашигтай байхын тулд техник, эдийн засгийн үндэслэл нь тодорхой байх нь чухал. Тиймээс л гишүүд нөөцийн хэмжээ, ашиглах талбай зэргийг нь тодорхой болгож өгөөч гээд байгаа юм.
-Тэгвэл таны бодлоор гэрээг сайжруулахын тулд юун дээр анхаарах ёстой вэ?
-УИХ-ын гишүүд бол хууль тогтоох байгууллагад ажилладаг, Тэгэхээр би Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, уул уурхайн салбарын эрдэмтэд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын захирлуудын санал, бодлыг сонсож гэрээний төсөлд тусгаж өгөөсэй гэж боддог. Тэгэхгүй бол УИХ-д “түүхий” төсөл оруулж ирээд тэрийг нь гишүүд баахан хэлэлцдэг. Эцэст нь гарч байгаа шийдвэр нь буруу гарах юм бол ард түмний язгуур эрх ашиг хохирно.