Дэлхийн банк Монголын өмнөд бүсийг хөгжүүлэх тайлангаа УИХ-ын гишүүдэд танилцуулав
Оюу толгой, Таван толгой зэрэг манай орны өмнөд говийн бүсийн ордуудыг түшиглэн тэнд дэд бүтцийг хөгжүүлэх хөгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулснаа Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газар УИХ-ын гишүүдэд танилцуулсан байна. Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саиед болон Дэлхийн банкны ахлах эдийн засагч, Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн стратеги” тайлангийн багийн ахлагч Майкл Уолтерс нар мэдэгдлээ.
-Судалгаа бүхий энэ тайлангийн зорилго нь Монголын Засгийн газарт өмнөд бүсээ хөгжүүлэх стратегиа төлөвлөж боловсруулахад туслахад оршиж байгаа юм. Нэг ёсондоо хөрөнгө оруулалт, ордоо хэрхэн ашиглах бүтэц, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ингэснээр Засгийн газар тэдгээр үйл ажиллагаанд бодлогоо зөв тодорхойлох юм. Бидний гаргасан тайланг “ашиглаад” танай Засгийн газар нарийн судалгаа хийж болно. Энэ бүхэн зөвхөн санал юм шүү. Бодит ажил гэвэл Дэлхийн банкны зүгээс танай төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэс MGL” компани дээр техник, эдийн засгийн менежментийн зөвлөгөө өгөх туслалцааг үзүүлж байгаа. Монголын компаниуд хувьцаа гаргахыг дэмжиж байгаа.
Бид тайлангаараа Монголын өмнөд бүсийн нүүрс, зэсийн уурхайнуудын үйлдвэрлэл жилд таван тэрбум ам.долларт хүрэх боломжтойг тооцон гаргаад байна. Үүний тулд наад зах нь тав орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн хөгжилд зарцуулах шаардлага тулгарч байна. Одоо танай УИХ-аар хэлэлцэгдэж байгаа, Монголын өмнөд хэсэгт орших томоохон ордуудыг түшиглэн байгуулагдах уурхайнуудын ХӨО-ын хэлэлцээрт гарын үсэг зурах нь зөвхөн эхний алхам. Төмөр зам, хот суурин, цахилгаан станц, зам, усны нөөц байхгүй бол тэдгээр томоохон уурхайнуудын ашиглалт хэрэгжих боломжгүй юм. Өнөөдөр Монголын эдийн засгийн жилийн нийт үйлдвэрлэл ойролцоогоор тав орчим тэрбум ам.доллар байгаа нөхцөлд дэд бүтцийн хөгжлийн эхний хөрөнгө оруулалтыг бүрдүүлнэ гэдэг нүсэр асуудал.
Тийм учраас үүнийг ажил хэрэг болгохын тулд чухам аль хөрөнгө оруулалтыг чухалчлах, хэн төлөвлөгөөг бэлтгэх, хөрөнгө оруулалтуудыг хэрхэн санхүүжүүлэх зэрэг асуудал тодорхой байх хэрэгтэй гэв.