75 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Эдийн засгийн байнгын хороо, УИХ дахь МАХН, АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг сонсов. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас хөрөнгө оруулалтын гэрээг дэмжсэн шийдвэрийг хуулиар биш УИХ-ын тогтоол хэлбэрээр гаргах нь зүйтэй гэсэн намын бүлгүүдийн саналыг дэмжсэн бөгөөд зарим гишүүн хөрөнгө оруулалтын гэрээний биелэлтийг таван жил тутам Засгийн газраас дүгнэж байх, мөн гэрээний биелэлтийн явц байдалд УИХ-ын холбогдох байнгын хороодоос хяналт тавьж ажиллах талаар тогтоолд тусгах нь зүйтэй гэсэн санал гаргасан байна. Харин УИХ дахь хоёр намын бүлэг Монголын тал ордын 34 хувийг эзэмших хувилбарыг дэмжиж байгаа, тэр дундаа АН-ын бүлэг Монголын тал өөрийн эзэмших хувьд оруулах санхүүжилтээ өөр эх үүсвэрээс олох арга зам хайх, хөрөнгө оруулагч гэрээ байгуулснаас хойш хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулах санхүүжилтээ хийгээгүй бол Монголын тал гэрээг дангаараа үл маргах журмаар цуцлах эрхтэй байх гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдлээ.
Байнгын хороо, намын бүлгүүдийн санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч, саналаа хэлсний дараа Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Засгийн газраас санаачлан боловсруулсан Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг сонсож, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Мөн Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав.
Хохирогчдод нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг гишүүн Д.Одбаяр танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар байнгын хорооноос гаргасан горимын саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэнээр хуулийг бүхэлд нь батлав.
Дараа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны хуралдаанаас хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасан байна.