С.Баяр: Энэ төслийн эдийн засгийн үр ашиг нөгөө талынхаас хамаагүй их байгаа
Засгийн газарт нэгэнтээ буцаасан Оюутолгойн орд газрыг хамтран ашиглах тухай хөрөнгө оруулалтын гэрээ засвар аван УИХ-д орж ирээд буй. УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороодын хурлаар төслийг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгойн асуудал хэлэлцсэн агаад, гишүүдийн асуулт, саналыг товчлон хүргэж байна. Хуралдаанд Ерөнхий сайд С.Баяр болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд оролцсон юм. Нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэйг 39 гишүүн дэмжиж, 75 хувийн саналаар Эдийн засгийн байнгын хороонд шилжлээ.
Д.Энхбат:
-Эдийн засгийн асуудлыг улстөрийн амлалтаар шийдэх гээд байна. Фридланд гэх тэр хүнд 2.7 тэрбум ам.долларыг 100 хувь эргүүлэн төлж ашигт малтмалаа ашиглуулаад татваруудаасаа чөлөөлөх гэж байна. Энэ төсөлд ямар ч бизнесийн агуулга, стандарт алга. Ажлын хэсэгт гэрээний төсөл боловсруулах чадвар хүрэхгүй байна.
Ерөнхий сайд С.Баяр:
-Ерөнхий сайд надаас авахуулаад мэдэхгүй, чадахгүй зүйл өдөр бүр л таарч байна. Ямар ч байсан эх орны эрх ашгийн үүднээс нөгөө талтай тодорхой тохиролцоонуудыг хийж чадсан ажлын хэсэгт би хувьдаа сэтгэл хангалуун явдаг. 34 хувийг эзэмших, эс эзэмших аль ч хувилбараар гэлээ энэ гэрээг бид боломжийн хэмжээнд хийсэн. Энэ гэрээ бизнесийн гэрээ. Бизнесийн гэрээг аль ч нөхцөлд аль ч хувилбараар явлаа гэхэд бидний эдийн засгийн ашгийн оногдох хэмжээ нь 55-77 хувийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Тийм учраас үүнийг Монгол Улсад огт ашиггүй зүйл боллоо, парламентын хүрээнээс гадуур эх орныхоо эрх ашгийг уландаа гишгэлээ хэмээн ярьж байгаатай санал нийлэхгүй байгаа. Мэдээж 2007 онд энэ гэрээг оруулж ирсэн нөхцөлд УИХ баталсан бол эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал илүү ашигтай байх байсан. Ядаж л өнөөдөр 10 хувиас хэтрээд байгаа энэ зээлийн хүү тухайн үед таван хувьд багтах бололцоо байсан. Цаашид эдийн засгийн нөхцөл, бололцоо хэрхэн хувирахыг мэдэхгүй, эдийн засгийн хямрал туйлдаа хүрээгүй байна. Хоёр дахь давалгаа энэ намраас дахин цохих нь гэсэн дүгнэлтийг дэлхийн шинжээчид хэлж байгаа шүү дээ. Тийм учраас хэдийгээр 2007 оныхоос бага буюу одоогийн нөхцөлд гэрээ байгуулах нь юуны түрүүнд Монголын талаас нэг ч мөнгө гаргахгүйгээр энэ ажлыг эхлүүлэх нь эдийн засгийн бөгөөд гадаад улстөрийн томоохон ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Ер нь иймэрхүү гэрээг яаж хийдэг тухай олон улсын жишгийг аваад үзэхэд аливаа улс парламентаараа ингэж хэлэлцдэггүй юм билээ. Манай хуулиар парламент хэлэлцэхээр байгаа юм. Тийм учраас хуулийн дагуу л УИХ ч, Засгийн газар ч ажиллах ёстой. Эдийн засгийн байнгын хорооны 21 зүйл бүхий дүгнэлтээс арваадыг нь шинэчилсэн гэрээндээ тусгаж, тодорхой хэмжээнд сайжраад байгаа юм. Гэхдээ цаад хязгаартаа ерөнхийдөө тулчихаж байна уу даа гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл цаг хугацааны хүчин зүйл байна. Хэрэв энэ чуулганаар амжиж батлахгүй бол хөрөнгө оруулагч болох дэлхийд гуравт орох “Рио Тинто” цаашид хөрөнгө оруулагч байх эсэх нь үлэмж эргэлзээтэй болж байна. Нэгэнт Оюутолгойг Монголчууд бид нээгээгүй. Сайн муугаар хэлэгдэж байгаа Монгол Улсын хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын лицензээ эзэмшсэн, одоо ашиглалтынх нь лиценз гар дээр нь байгаа “Айвенхоу” компани өөрийн хөрөнгөөр энэ ордыг илрүүлсэн. Бид бүх ажлыг хуулийн хүрээнд хийх ёстой. Хууль болохгүй байна гэж үзэж байгаа бол хууль тогтоох дээд байгууллага бүрэн эрхийнхээ дагуу өөрчилж болно. Гэхдээ өөрчлөхдөө гадаадын хөрөнгө оруулагчийн сонирхлыг алдчихгүй байх хэмжээнд шинэчлэх ёстой. Би ч УИХ-ын гишүүн. Тэр ч үүднээсээ бүх ажил хуулийн дагуу явагдаж байна гэж үзэж байгаа.
Н.Батбаяр:
-Гэрээний төсөл Монголын ард түмэнд биш гадаадынханд ашигтай байхаар орж ирж байна. Ингэхэд Засгийн газар Монгол Улсын Засгийн газар мөн үү. Засгийн газар 34 хувийг эзэмшсэнийхээ төлөө хүүтэйгээ нийлээд дөрвөн тэрбум ам.доллар төлөх нь. Ойрын хоёр жил нөгөө компани мөнгөгүй учраас гэрээнд үндэслэн хөрөнгө босгоно гэнэ. Хөрөнгө оруулагч гэж мөнгөтэйг нь хэлдэг болохоос мөнгөгүй нэгнийг хэлдэггүй биз дээ?
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт:
-Гэрээнд хөрөнгө оруулах хугацааг хязгаарлах үүднээс өмнөх заалтыг өөрчилж, санхүүжилтээ бүрэн босгох хугацааг хоёр жилээр хязгаарласан байгаа. Тэр хүртэл хөрөнгө оруулалтын ажил явж, үйл ажиллагаа хийгдэнэ. Ер нь хөрөнгө оруулалтыг аль болох түргэн хийх үүднээс энэ хоёр жилийн хязгаарыг оруулсан юм. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн дотор санхүүжилтээ бүрэн босгож, таван жилийн дотор бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулахаар заалт оруулсан юм шүү. Монголын тал энэ төслөөс нэг тонн зэсийг 4000 гаруй ам.доллараар тооцоход татвар, ногдол ашгаар дамжуулан 30 жилийн дотор 28 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой. Үүнийг бидний төвшинд ч гадны буюу Азийн хөгжлийн банкны зөвлөхийн төвшинд гаргаад байгаа.
С.Баяр:
-Энэ Засгийн газар Монгол Улсын Засгийн газар. Дахин давтан хариулахад гэрээний үндсэн хувилбар буюу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан дүгнэлтийн дагуу Монголын тал 34 хувиа хуулийн дагуу эзэмших, эс эзэмших аль ч хувилбараар авч үзэхэд энэ төслийн эдийн засгийн үр ашиг нөгөө талынхаас хамаагүй их байгаа. 34 хувь эзэмшихэд бид хамтран эрсдэл хүлээж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулах үүрэг хүлээж байгаа. Тэхдээ ногдол ашгаар орлогоо арвижуулах бололцоо гарч ирнэ. Нөгөө хувилбар нь хэдийгээр эрсдэл хүлээхгүй ч эдийн засгийн өгөөж талаасаа МАХН-ын бүлэг ч тэр, АН-ын бүлэг ч дэмжээгүй. Дахин хэлэхэд Монголын талдаа ашигтай гэрээний төсөл байгаа учраас Засгийн газар УИХ-д оруулж ирлээ. Гадны төрд үйлчилж байгаа гэсэн зүйлийг Ерөнхий сайдын хувьд хүлээж авмааргүй байна.
Ц.Даваасүрэн:
-Танилцуулгад төсөл хэрэгжүүлэх гол зорилгыг эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулахад оршино гэжээ. 2012 оноос л үр ашгаа өгч эхэлнэ шүү дээ. Тэр үед энэ хямрал аядах байлгүй. Эдийн засгийн хямралыг даван туулах талаасаа ч, “Эх орны хишиг” хуваарилах талаасаа ч урьдчилгаа төлбөр болох 125 сая ам.доллар хангалтгүй гэж бодож байна. Энэ тухайд юу хэлэх вэ. Нөгөө талаас хөрөнгө оруулагч талын судалгаа, тооцоог л хэлээд илүү нарийвчилсан, өөрийн гэсэн тоо байхгүй байна уу даа гэж бодогдох юм.
Д.Зоригт:
-Гэрээг үзэглэхээс эхлээд л нийт хөрөнгө оруулалтын гуравны нэг нь бараа, үйлчилгээ худалдан авах, ажилчдын цалин зэргээр уламжлан Монголдоо хөрөнгө оруулалт болж үлдэнэ. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талын арга хэмжээ болно гэсэн үг. Мөн 9-10 мянган хүн шууд ажлын байраар хангагдахаас хамгийн багадаа 60 хувь нь Монгол ажилчид байна. Хөрөнгө оруулагч талын тооцоо, судалгааг манай мэргэжлийн байгууллага болох Геологийн төв, эрдэмтэн, судлаачид хянасан. Үүгээрээ чанарын өндөр төвшинд гарсан тоо баримт гэж хэлж болно.
С.Бямбацогт:
-Төслийн эхний хувилбараар гэрээ, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн заалт зөрчилдвөл гэрээний заалтыг баримтална гэж байсан нь энэ удаагийн хувилбарт өөрчлөгдсөн үү. Мөн дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн үнэ 9200 ам.доллараас давсан нөхцөлд 30 хувийн нэмэлт ашгийн нөөцийн төлбөр орж ирэхээр байгаа. Зэсийн үнэ ийм үнэ хүрч байсан түүх байхгүй болохоор энэ татвар орж ирэхгүй юм биш үү. 30 жилийн дараагаас л төрийн эзэмшлийн хувь 50 хувь хүрэхийг арай наашлуулах арга байхгүй юу. Эцэст нь зардлын буцаан төлөлтийн тухайд тодруулахгүй юу?
Д.Зоригт:
-Нийт агуулга болоод үг, үсгийн 60 гаруй нэмэлт, өөрчлөлт хийсэн. 50 хувийн тухайд яриа, хэлэлцээний үед байнга ярьж байсан ч мухардсан. Гэрээний заалтыг баримтлахаар байсныг өөрчилж хуулийг баримтлахаар болсон. Нэмэлт ашгийн нөөцийн төлбөрийг гэнэтийн ашгийн татварын оронд авахаар болсон юм. Зардлын буцаан төлөлт гэж манай хуульд байхгүй. Хөрөнгө оруулагчдын зүгээс энэ үгийг “шахсан”.